Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2020/ШЦТ/116

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Д.Аянагүл,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ц.Мд холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “*******” амралтын газарт захирал, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, ******* 2 дугаар гудамж *******од оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 559 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

******* овогт Ц.М /РД:  /.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх өөрийн амралтын газарт тогоочоор ажилладаг Б.*******г “нохойн хоол, угаадас өглөө” гэх шалтгаанаар хоолны халбагаар түүний бие рүү цохисны улмаас зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай дүү ирээд хоол өгөөч гэсэн. Б.******* жаахан шөл бариад ирсэн. Түүнээс  болоод Б.*******тэй маргалдсан. Б.******* хоолны халбагаа, тавагтай аваад ширээ рүү шидсэн. Тэрийг нь би барьж зогсож байгаад жаахан маргалдаад цохичихсон юм. Б.******* хэд хоног жаахан стресстэй ууртай байгаад байсан” гэв.

 

            Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Налайх дүүргийн 6 дугаар хорооны шугуйд байрладаг “******* “ амралтын газарт тогоочоор ажилладаг юм. 2020 оны 06 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед ажлаа дуусгаад тогоо шанагаа угааж, цэвэрлэгээ хийж байхад, манай захирал Ц.М “дүү нар ирчихлээ хоол байна уу” гэхээр нь “оройны хоолноос илүү гарсан шөл байгаа” гэхэд “тэрийгээ өгчих” гэхээр нь саванд хийгээд гэр рүү нь өгүүлсэн. Тэгтэл гал тогоонд байхад Ц.М захирал өгүүлсэн хоол бариад орж ирсэнээ “нохойн хоол угаадас өглөө ийм юмыг чинь хүн яаж идэх юм” гэхээр нь би “чи ямар дарамттай юм бэ, наадах чинь саяхан хийсэн зүгээр хоол ш дээ” гэхэд чи “пизда минь зайл чи, миний боол байж өөдөөс хэрэлдлээ” гээд барьж байсан хоол аягалдаг ган халбагаар зүүн мөр рүү 2 удаа цохиж, “болиоч” гэхэд “чамайг алчихсан ч яадаг юм” гээд дахиад зүүн бугалга руу цохихоор нь би зугатаад ажилчдын байрладаг 21 номерын гэрт ороход араас гүйж орж ирээд “янхан гичий” гэж доромжлоод гэдэс рүү 1 удаа цохиж, баруун гуяны ард 1 өшиглөж, нүүр рүү гарын алгаараа түлхэж орон дээр унагаад орилж загнаж байхад эхнэр Учралзаяа нь орж ирээд “боль” гэхэд “чамд хамаагүй зайл” гээд би зугатааж гарсан. Учралзаяа намайг хашаанаас гаргаж би хот руу Гэмтлийн эмнэлэгт ирж үзүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ш.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 06-ны орой 20 цагийн орчимд Ц.М гал тогоонд савтай хоол барьж орж ирээд “хүнд өгөхөд арай бишээ усан шөл байна” гэхэд тогооч Б.******* эгч “орой болчихсон байна ш дээ” гэж уурласан. Би пэйчинд хоол халаагаад буруу хараад зогсож байхад миний хажууд хоол аягалдаг халбага унаад ирсэн. Тэгээд харахад ******* эгч зүүн бугалгаа дарчихсан “ёо” гэж орилсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.Мы яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр орой гал тогооны өрөөнд тогооч *******тэй муудалцаад түүнийг хоолны халбагаар зүүн мөр бугалганы хэсэгт цохиж гэмтэл учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №384 дүгээр:

            “1.Б.*******н биед зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.*******гийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-101/,

 

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоол аягалдаг халбага, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-58/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-61/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” гэх өөрийн амралтын газарт тогоочоор ажилладаг Б.*******г “нохойн хоол, угаадас өглөө” гэх шалтгаанаар хоолны халбагаар түүний бие рүү цохисны улмаас зүүн бугалга, хэвлийд цус хуралт, зүүн мөрний үенд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Ц.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн өдөр манай дүү ирээд хоол өгөөч гэсэн. Б.******* жаахан шөл бариад ирсэн. Түүнээс  болоод Б.*******тэй маргалдсан. Б.******* хоолны халбагаа, тавагтай аваад ширээ рүү шидсэн. Тэрийг нь би барьж зогсож байгаад жаахан маргалдаад цохичихсон юм” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “гал тогоонд байхад Мягаа захирал барьж байсан хоол аягалдаг ган халбагаар зүүн мөр рүү 2 удаа цохиж, “болиоч” гэхэд “чамайг алчихсан ч яадаг юм” гээд дахиад зүүн бугалга руу цохихоор нь би зугтаад ажилчдын байрладаг 21 номерын гэрт ороход араас гүйж орж ирээд гэдэс рүү 1 удаа цохиж, баруун гуяны ард 1 өшиглөж, нүүр рүү гарын алгаараа түлхэж орон дээр унасан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Ш.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би пэйчинд хоол халаагаад буруу хараад зогсож байхад миний хажууд хоол аягалдаг халбага унаад ирсэн. Тэгээд харахад Б.******* эгч зүүн бугалгаа дарчихсан ёо гэж орилсон.” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №384 дүгээр дүгнэлт зэрэг болно.

 

             Шүүгдэгч Ц.Мд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Ц.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.******* гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.000.000 төгрөг хүлээн авсан ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад эм тариа авсан зардалд 69.000 төгрөг, 10 хоног ажилласан цалин 500.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны 1 өдрийн цалин 50.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэнийг шүүгдэгч Ц.М төлж барагдуулсан болох нь Б.*******гийн “миний бие хохирлын төлбөрт 1.000.000 төгрөг хүлээн авсан, Ц.Мтай эвлэрсэн, цаашид гомдол саналгүй” гэх хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоолны халбагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Ц.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Мд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мд  нь оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоолны халбагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ц.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ