Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 119

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ж.Нд холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Увс аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *******т багш, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүрэг 1 дүгээр хороо Уурхайчдын 28-06 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ж.Н /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч ******* овогт Ж.Н нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн бойн байранд хохирогч В.*******тай хувийн таарамжгүй харилцааны улсаас маргалдан, нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, биед нь тархи доргилт, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун хацарт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ******* гэдэг бойны дарга ажиллах уу гэж асуухад нь “ажиллахгүй” гэж хэлсэн. Орой 17 цагийн үед ******* гэдэг дүүгээсээ мах авах гэж очсон. Мах авах гээд жаахан хүлээгдэж байх хооронд би *******од туслаад үхэр унагаад, мах болгож бэлдэж байхад ******* гэх залуу цаанаас “наадахаа боль” гэж орилсон. Би уурлаад *******ыг ганц цохисон” гэв.

            Хохирогч В.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчимд “Алтай Чандмань” ХХК-ийн бойны байранд үхэр шулаад, эмнэг үхэр оруулж байсан. Тэр үед Ж.Н нь тэнд унагаачихсан үхэр шулж байсан юм. Тэгэхээр нь би “Чи наашаа ирээд туслаач ээ амиа бодоод яваад байх юм” гэж хэлтэл Ж.Н “Чи яасан том болчихсон юм бэ” гэж хэлээд, миний баруун талын шанаа орчим руу гараараа нэг удаа цохиод авсан юм. Тэгээд үхрээ ч янзлаагүй яваад өгсөн. Тэр үед захирал Алтанцэцэг ирээд намайг “яасан бэ” гэж асуусан. Тэгэхээр нь “Ж.Н намайг цохичихлоо” гэж хэлсэн. Тэгээд захирал цагдаа дуудсан байсан. Миний биед баруун шанаа хавдсан, баруун дээд үүдэн шүд эмтэрчихсэн байсан. Мөн баруун нүд улайчихсан байсан юм. Өөр гэмтэл учраагүй энэ гэмтлийг Ж.Н нь гараараа нэг удаа цохиж учруулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “Алтай Чандмань” ХХК-д мал нядалгаачин бойчин ажилтай юм. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орой 19 цагийн үед ажил эхлээд байж байтал гаднаас Ж.Н ах орж ирсэн. Тэгээд “ах нь ганц хоолны мах авчихъя, ах нь ганц үхэр янзлалцаад өгье” гэхээр нь тэгье гэж хэлчихээд үхрээ янзлах гээд дахиад нэг үхэр янзлаад зогсож байтал ******* хажуу талаас орилоод “Пизданууд боль л доо хэн нь үхэр унагаад хэн нь хийдэг юм бэ” гэж хэлсэн. Ж.Н “Чи ямар том болчихсон юм бэ” гэж хэлээд хажуугаар нь зөрөх шиг болсон тэр үед ******* доошоо тонгойгоод өндийхөд нь хартал баруун талын хацар нь цус болчихсон байсан. Тэр үед дарга орж ирээд цагдаа дуудна гээд дуудсан. Ж.Н “за за болъё” гэж хэлээд гараад явчихсан юм. Тийм асуудал болсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

 

            Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Алтай Чандмань ХХК-д мал нядалгаачин, бойчин ажилтай юм. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр үдээс орой 19 цагийн үед ажил эхлээд ажлаа хийж байхад хамт ажилладаг *******, Ж.Н хоорондоо хэрэлдээд байгаа бололтой байсан. Би тэр үед үхэр нядалж байсан учраас анзаарч хараагүй юм. Би зодож барьсан асуудлыг хараагүй. Надаас нэлээн зайтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.Охины мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 08-ны орой үхэр нядалж байсан. Тэр үед Ж.Н ирчихсэн харагдсан. Тэнд үхэрянзлаад гүйж явсан юм. Тэгтэл гэнэт хүүе хаая болоод явчихсан. Гэтэл ******* нь “Ж.Н намайг цохичихлоо” гэж хэлсэн би үхэр нядлаад анзаараагүй юунаас болж маргалдсаныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

 

            Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Алтай Чандмань ХХК-ийн захирлаар ажилладаг юм. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр манай ажил дээр мах нядалгаа ирээд үхэр нядалж байсан юм. Тэгээд би дэлгүүр орчихоод, бой руугаа ортол, мах нядлагч *******ы баруун талын нүүр хавдчихсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад “Ж.Н малаа өөрөө гарга гэж хэлсэн чинь, уурлаад цохичихсон” гэж хэлсэн юм. Тухайн үед *******ы баруун талын шанаа хавдсан байсан. Өөр гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ж.Нын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Налайх дүүргийн 1 дүгээр хороо “Алтай Чандмань” ХХК-ийн бойны газар тэндээс жоохон мах авахаар очсон юм. Ер нь зундаа бол тэнд ажилладаг юм. Тэгээд орой 19 цагийн үед очтол жоохон хүлээгдэх байсан учраас тэнд мал нядалж байсан хамаатны дүү болох *******той хамжилцаад унагасан үхрийг нь өвчиж, янзлах гээд байж байтал тэнд ажилладаг ******* гэх залуу надруу орилоод “Пизда минь, наадахаа боль энэ үхрээ унагаа” гэж хэлэхээр нь би уурлаад “Чи яасан том болчихсон юм” гэж хэлээд зүүн гараараа баруун шанаа орчим руу нь нэг удаа цохичхоод тэгээд шууд гараад явчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №392 дугаар:

            “1. В.*******ы биед тархи доргилт, баруун дээд 1-р шүдний эмтрэл, баруун хацар, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

            Хохирогч В.*******ы Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-62/,

 

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-41/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-46/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Ж.Н нь нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны орой 19 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн бойн байранд хохирогч В.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, биед нь тархи доргилт, баруун дээд 1 дүгээр шүдний эмтрэл, баруун хацарт, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Ж.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “******* гэх залуу цаанаас “наадахаа боль” гэж орилсон. Би уурлаад *******ыг ганц цохисон” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч В.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ж.Н нь тэнд үхэр унагаачихсан шулж байсан юм. Тэгэхээр нь би “Чи наашаа ирээд туслаач ээ амиа бодоод яваад байх юм” гэж хэлтэл Ж.Н “Чи яасан том болчихсон юм бэ” гэж хэлээд, миний баруун талын шанаа орчим руу гараараа нэг удаа цохиод авсан юм” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Гаднаас Ж.Н ах орж ирээд “ах нь ганц хоолны мах авчихъя, ах нь ганц үхэр янзлалцаад өгье” гэхээр нь тэгье гэж хэлчихээд үхрээ янзлах гээд дахиад нэг үхэр янзлаад зогсож байтал ******* хажуу талаас орилоод “Пизданууд боль л доо хэн нь үхэр унагаад хэн нь хийдэг юм бэ” гэж хэлсэн. Ж.Н “Чи ямар том болчихсон юм бэ” гэж хэлээд хажуугаар нь зөрөх шиг болсон тэр үед ******* доошоо тонгойгоод өндийхөд нь хартал баруун талын хацар нь цус болчихсон байсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Д.Охины мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* нь “Ж.Н намайг цохичихлоо” гэж хэлсэн би үхэр нядлаад анзаараагүй юунаас болж маргалдсаныг мэдээгүй” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би дэлгүүр орчихоод, бой руугаа ортол, мах нядлагч *******ы баруун талын нүүр хавдчихсан байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад “Ж.Н малаа өөрөө гарга гэж хэлсэн чинь, уурлаад цохичихсон” гэж хэлсэн юм. Тухайн үед *******ы баруун талын шанаа хавдсан байсан. Өөр гэмтэл байгаагүй” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн №392 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

             Шүүгдэгч Ж.Нд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Ж.Н  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч В.******* гэм буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 200.000 төгрөг хүлээн авсан ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан, улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

            Хохирогч хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх ба хавтаст хэрэгт “Ж.Н бид хоёр сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар маргаангүй. Хохиролд 200.000 төгрөг авсан” гэх хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  ******* овогт Ж.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Нд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Нд нь оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ