Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0005

 

 

 

 

 

 

 

 

Н.Мгийн нэхэмжлэлтэй 

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэл гаргагч Н.М

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 614 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өс

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0334/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Н.Мгаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 614 дүгээр шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мгаас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан Газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгуулах, нэхэмжлэгчтэй газар эзэмших гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Н.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...“нийслэлийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн А/94 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 540 м.кв газрыг, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн А/156 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 209 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмших эрх олгогдсон.

3.2.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ” гэснийг зөрчин нийслэлийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад гэрчилгээ олгогдсон байх тул нөхөн олголт хийх боломжгүй” гэсэн.

3.3.Уг газрын эзэмших гэрчилгээг олгосноо хүлээн зөвшөөрсөн байх боловч эргээд энэ шийдвэрээ үгүйсгэж гэрчилгээ олгогдоогүй дүгнэлт гаргасан. Миний бие бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрэн бүрдүүлж НГЗБА-нд өгсөн, бичиг баримтууд алга болсныг шалгаж тогтоолгүй, хуурамч бичиг баримт гэж дүгнэлт гарган шийдвэр гаргасныг эс зөвшөөрч байна.

3.4.Уг газрыг Сонгинохайрхан дүүргийн Газрын алба Я.О, М.О нарт олгосон гэсэн тодорхойлолт гаргаад “тухайн гэрчилгээг давхардуулан олгосон байна” гэж дүгнэлт гаргаад, улмаар энэхүү дүгнэлтээ үгүйсгэж “шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэсэн” гэж тайлбарлаж тухайн үеийн НГА-ны дарга Э.Б, мэргэжилтэн Б.Б нарын гарын үсэг хуурамч байна гэсэн үндэслэлийг дурдан миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

3.5.Дээрх хоёр гэрчилгээнд дурдсан нийслэлийн Засаг даргын захирамж нь хоёр өөр агуулгатай байгаа гэсэн боловч ямар үндэслэлээр, хэн гэж албан тушаалтны шийдвэрээр энэ хоёр захирамжид оруулсныг гаргаж иргэн намайг хохироосныг шалгалгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргасныг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байгаа болно” гэжээ.

     ХЯНАВАЛ:

1.Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Н.Мд нийслэлийн Засаг даргын захирамжаар Баянгол дүүргийн 8 дугаар хороонд 540 м2, 12 дугаар хороонд 209 м2 газар эзэмших эрх үүссэн гэж огт дүгнээгүй, харин ч эсрэгээрээ нийслэлийн Засаг даргын 2017 оны А/94, А/156 дугаар захирамжуудаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгоогүй, мөн үрэгдүүлсэн гэх 000680724, 000680629 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар нь нэр бүхий иргэдэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд амины хашааны зориулалтаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаартай давхцсан төдийгүй эдгээр гэрчилгээ болон 2017.05.26-наар огноолсон газар эзэмших гэрээг нийслэлийн Газрын албанаас олгоогүй болохыг нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэсэн байна. 

3.Давж заалдах гомдолд “…миний хууль ёсны дагуу бүрдүүлэн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өгсөн бичиг баримт алга болсныг тогтоолгүйгээр хуурамч бичиг баримт гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй…” гэх боловч дээрх газрын гэрээ, гэрчилгээг хуурамчаар үйлдэж бусдыг залилан мэхэлсэн Б.Б, Э.Э, С.Г нарт холбогдуулж үүсгэсэн эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Н.Мг хохирогчоор, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон тухай Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тогтоол хэрэгт авагдсан, түүнчлэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хохирогчоос 2 дахь удаагаа мэдүүлэг авсан тэмдэглэлд “…анх хотын төвд газар зарна гэсэн асуудлаар хүнээр дамжуулан 2017 онд Б.Бтой танилцсан, тухайн үед түүний үзүүлсэн газруудыг худалдаж авахаар тохиролцсон, түүнд хэзээ, хаана, хэрхэн бэлнээр төлбөр төлж байсан талаар, мөн дээрх дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Б.Боос хэзээ авсан талаар, тухайн үед Б.Боос газрын байршил нь мэдээллийн санд ороогүй байгаа, мэдээллийн санд оронгуут нийслэлийн Газрын албатай гэрээ хийнэ, гэрээг чинь бэлдчихсэн байгаа, гэрчилгээ чинь солигдоно шүү л гэж хэлж байснаас захирамж нь гараагүй, хуурамч гэрчилгээ гэж хэлсэн зүйл байхгүй, би тэгж их мөнгө зарчихаад хуурамч газрын гэрчилгээ юу боллоо гэж авах вэ дээ…” гэх зэргээр мэдүүлсэн нь тусгагджээ.

4.Үүнээс үзэхэд нэхэмжлэгчид Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрх огт үүсээгүй, гэрчилгээн дээрх Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/94 дүгээр захирамж нь Ажлын хэсэг байгуулах тухай, А/156 дугаар захирамж нь Томилолтоор ажиллуулах тухай шийдвэрүүд, бодит байдалд Н.М хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтийг нийслэлийн Газрын албанд гаргаж байгаагүй, Б.Боос ямар ч газар худалдан аваагүй, харин түүнд залилуулсан болох нь нэхэмжлэгчийн дээрх мэдүүлгээр хангалттай тогтоогдож байна.

5.Мөн үрэгдүүлсэн гэх 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөр огноолсон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд зурагдсан нийслэлийн Газрын албаны дарга Э.Б, Газар зохион байгуулагч Б.Б нарын гарын үсэг, дарагдсан тамганы дардас нь тус тус тохирохгүй байгаа талаарх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт ч хэрэгт авагджээ.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид газар эзэмших эрх анхнаасаа үүсээгүй, үрэгдүүлсэн гэх гэрээ, гэрчилгээг хариуцагчаас өгч байгаагүй болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул шүүх “…хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн…” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Мгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                     С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН