Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 012

 

Х.Раягийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 732 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух Жантекей тайлах овогт Хабайн Раягийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ержан, хариуцагчийн төлөөлөгч И.Жанболат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд ажиллуулахыг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Би Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаар бүхий тушаалаар сургуулийн дотуур байрны тогоочоор томилогдсон. Уг тушаалаар миний бие 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллахаар зохицуулсан билээ. Гэтэл намайг томилсон захирал солигдон манай сургуульд шинэ захирал Р.Гүлстан гэгч томилогдон ирсэн. Тушаалд заасан хугацаандаа ажилд орохоор очтол шинэ томилогдсон захирал миний ажил үүргийг гүйцэтгүүлээгүй бөгөөд өдий хүртэл намайг ажлаас чөлөөлж халсан ямар нэгэн тушаал гаргаагүй байна. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд ажиллуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболатын шүүхэд гаргасан тайлбарт: Х.Раяг Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай тушаалаар тус сургуулийн дотуур байрны багшаар томилж мөн өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг үндэслэн 1 жилийн хугацаатайгаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Улмаар миний бие Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн Сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын албан тушаалаас солигдож шинэ томилогдсон захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Гүлстан нь Х.Раяг ажиллуулахгүй байсаар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 сар ажил тасалсан гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан байна. Х.Раяг ажлаас чөлөөлсөн талаар ажил олгогчийн зүгээс тухайн үед мэдэгдсэн учраас гомдол гаргагч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байна. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 732 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан РД:БЮ79090106 Жантекей тайлах овогт Хабайн Раягийн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд ажиллуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Х.Рая нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Раягаас 70200 төгрөг /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжпэгч Х.Рая би Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 71 дүгээр тушаалаар сургуулийн дотуур байрны тогоочоор томилогдон шинэ хичээлийн жил буюу 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд орохоор болж 1 жилийн хугацаагаар хөдөлмөрийн гэрээ хийгдсэн билээ. Энэ хооронд тус төвийн захирал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн шинэ захирал томилогдсон бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд орохоор очтол надад ажлыг хүлээлгэн өгөөгүй. Энэхүү байдлаар надад миний томилогдсон албан тушаалын ажил үүргийг гүйцэтгүүлээгүй боловч надад ажлаас халсан, чөлөөлсөн тушаал гардуулж өгөөгүй. Миний бие удаа дараа сургуулийн захирал болон холбогдох албан тушаалтнуудад асуудлаа шийдвэрлүүлэхээр амаар болон бичгээр хүсэлт гаргасан боловч элдвээр шалтаглан өдий хүрсэн.

Тухайлбал, шинэ томилогдсон захирал Р.Гүлстан нь "Өмнөх захирал чамайг төсөв цалингийн сан батлагдаагүй орон тоонд ажилд томилсон байна. Чамайг ажлаас чөлөөлөөгүй тул чи сул зогсолтын байдалд байгаа албан тушаалтан юм. Төсөв батлагдсаны дараа ажлыг чинь хийлгэх болно, хүлээж байгаарай, би төсөв батлагдсаны дараа өөрөө дуудах болно гэж элдвээр шалтагласаар 2016 оны 06 сар болж хичээлийн жил дууссан. Харин шинэ хичээлийн жил буюу 2016 оны 9 дүгээр сард шуудажлаа хийж эхэлнэ, тэр болтол төсөв мөнгө батлагдахаар болсон." хэмээн намайг мэхэлсээр ирсэн тул намайг нэгэнт ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж, ажлаас чөлөөлөөгүй тул ажил олгогчийн амлалтад итгэн шүүхэд хандаагүй. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасанчлан ажлаас халагдсан гэж үзвэл тушаалыг гардан авснаас хойш шүүхэд гомдол гаргах хугацаа тоологдоно. Мөн ажилтанд хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон, чөлөөлсөн тушаалын хувийг гардуулж өгөх үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон бөгөөд энэ үүргээ ажил олгогч биелүүлээгүй явдалд ажилтан буруугүй.

Намайг ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримт болгон гаргаж өгсөн бөгөөд надад гардуулж өгөөгүй гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Уг тушаалыг надад гардуулж өгөөгүй, миний бие тушаал гарсныг мэдээгүй тул шүүхэд тогоочийн ажилд ажиллуулахыг даалгахыг хүссэн гомдлын шаардлага гаргасан байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн ажилд эгүүлэн тогтоолгох болгон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Энэ талаар шүүхийн шийдвэрт огт дурдаагүй байна.

Нөхцөл байдал ийм байсаар байтал анхан шатны шүүх ажил олгогчийн үүргээ хэрэгжүүлэн тушаалын хувийг гардуулан өгч, надад шүүхэд хандах бололцоо олгоогүй байдлыг үл ойшоон нэг талыг барьж, зөвхөн намайг буруутган Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан /гомдолд 192.2 гэсэн/ ....ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс... гэж заасан заалтыг буруу гуйвуулан, тайлбарлан хэрэглэж миний шүүхэд гомдол гаргах хугацаа хэтэрсэн хэмээн дүгнэж, миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 732 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, намайг Баян-Өлгий аймгийн МСҮТ-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагчаас гаргаж өгсөн, хэргийн 20 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 86 дугаар тушаалын хуулбарт тус байгууллагын тэмдэг бүхий хуулбар үнэн гэсэн тэмдэглэгээ хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй, хуульд нийцжээ.

 

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх ба хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу ажилтныг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий ажил олгогчийн шийдвэр нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй, энэ талаар нэхэмжлэгч тал маргаж байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 732 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

С.ӨМИРБЕК