| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2020/0127/Э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
улсын яллагч Д.Аянагүл,
хохирогч Б.О,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ц.Ад холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр, Төв аймаг, Эрдэнэ суманд төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, *******гийн *******од оршин суух,
Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т зааснаар 5 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3191 дүгээр тогтоолоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 28 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан,
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 94 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 4 сар 1 хоног баривчлах ял тус тус шийтгүүлсэн,
Боржигон овогт Ц.А /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газрын орчимд тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.О “машин эвдэллээ” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэн түүний нүүрэн тус газарт 3 удаа цохисны улмаас биед нь дээд үүдэн шүдний сулрал, доод уруулын салстад язрал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр нь Б.О бид хоёр хамт ажил хийж байгаад орой нэг шил архи хувааж уусан. Тэгээд манайд хоноод өглөө нь ажилдаа явалгүй хамт гол орсон. Тэгэж явах замдаа би машиныг нь эвдэлчихсэн. Хөдөө байсан болохоор би эхнэрээ дуудсан. Тэгээд явж байх замдаа Б.О над руу чи машин эвдэлчихлээ гээд доромжлоод байхаар нь гарынхаа ард талаар 2-3 удаа л цохисон” гэв.
Хохирогч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Миний шүд хэрэг гарсан өдөр цохилт авсаны улмаас хөдөлгөөн орсон. Би олон эмнэлгээр явж үзүүлсэн ба их хөдөлгөөнтэй байгаа учир цаашид тогтоох боломж байхгүй гэж хэлсэн. Иймд би шүдний эмчилгээний зардал болон машины зардлаа хурдан төлүүлэн авах хүсэлттэй байна” гэв.
Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 10 минутад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* амралтын газрын цаана голын эрэг дээр манай найз Ц.*******н өвөлжөө, байшин гэр нь байдаг. Тэр өдөр Баянзүрхийн гол руу явахаас өмнө миний машин дотор сууж байхдаа 0.75 литрийн Хараа архи аваад Ц.А, ******* хоёртой уусан. Дараа нь Баянзүрхийн гол руу явахдаа дэлгүүрээс дахин 0.75 литрийн Хараа архи аваад гол дээр очоод уусан. Тэгээд би уусан архиндаа тасраад унтсан байсан. Ц.*******н хөдөө гэрт нь сэрсэн. Яасан гэсэн чинь мань нь машиныг чинь юм мөргүүлчихлээ гэхээр нь машинаа харахад жолооч талын гупер, их гэрэл, нэмэлт гэрэл, гуперын цаана байдаг шил арчигчийн шингэн хийдэг сав цуурсан, кирлан цаашаа хонхойж шамшийсан, копудны булан дотогш хумигдаж, жолоочийн хаалга нь кирландаа түрэгдээд жаахан хонхойсон, жолоочийн урд талаар юм мөргөсөн байсан. Тэгээд удалгүй эхнэр нь машинтай ирээд би машинаа орхиод уг машины ард суугаад Налайх руу хөдөлж *******ын амралтын газрын хажууд явж байхдаа би машин эвдлээ гэхэд нүүр хамар ам руу гараараа 3 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гарч эхнэр нь болон жолооч нь боль гээд муудалцахаа больсон. Налайх руу ирээд би Буян налайхын уулзвар хавьд бууж үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 08-11 дүгээр хуудас/,
Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай нөхөр гэртээ орж ирээд “...таксинд явна” гэхээр нь би “өө тийм үү би цуг явъя салхинд гаръя” гээд хөдөлсөн. *******гаас Амараагийн эхнэр гээд жирэмсэн хүүхнийг очиж аваад ******* амралтын тийшээ явсан. Амралтын газраас зүүн тийш хөдөөний айлд очиж, Амараа нэг залуутай машинд сууж Налайх руу цуг буцсан. Замдаа явж байхад машин тэрэг эвдэллээ гээд маргалдаж хэрэлдээд яваад байсан. Нөгөө залуу нь Амарааг авгайгийнх нь дэргэд чи хүчингийн хэргээр шоронд ороо биз дээ гэтэл цохиод авсан. Эргээд харахад нөгөө залуугийнх нь хамар амнаас цус гарчихсан байсан. Бид боль та нар хэрэлдэж зодолдвол бууцгаа гэхэд болиод цааш явж Налайхад ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас /
Гэрч П. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай хүү Б.Ог гэрт ирэхээр нь хартал гар нүүр хувцас хунар нь цус болчихсон орж ирэхээр нь яасан юм бэ гэхэд Ц.А зодсон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.А яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ******* амралтын газрын баруун талд явж байхдаа найз Б.Отэй маргаж муудан машин дотор түүний нүүрэнд нь хэдэн удаа цохиж биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Машин юм мөргүүллээ гээд уурлаад байхаар нь би зодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №332 дугаар:
“1. Б.Огийн биед дээд үүдэн голын 2 шүдний сулрал, доод уруулын салстад язрал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/, Ц.*******н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 28-29 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, Зөрчлийн шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.А нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Огийн “машин эвдэллээ” гэж хэлсэн үгэнд нь дургүйцэн түүний нүүрэн тус газарт 3 удаа цохиж эрүүл мэндэд нь дээд үүдэн голын 2 шүдний сулрал, доод уруулын салстад язрал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт бүхий түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд явж байх замдаа Б.О над руу чи машин эвдэлчихлээ гээд доромжлоод байхаар нь гарынхаа ард талаар 2-3 удаа л цохисон” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Миний шүд хэрэг гарсан өдөр цохилт авсны улмаас хөдөлгөөн орсон. Би олон эмнэлгээр явж үзүүлсэн ба их хөдөлгөөнтэй байгаа учир цаашид тогтоох боломж байхгүй гэж хэлсэн. Иймд би шүдний эмчилгээний зардал болон машины зардлаа хурдан төлүүлэн авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг,
Гэрч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Замдаа явж байхад машин тэрэг эвдэллээ гээд маргалдаж хэрэлдээд яваад байсан. Нөгөө залуу нь Амарааг авгайгийнх нь дэргэд “чи хүчингийн хэргээр шоронд ороо биз дээ” гэтэл цохиод авсан. Эргээд харахад нөгөө залуугийнх нь хамар амнаас цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг,
Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр манай хүү Б.Ог гэрт ирэхээр нь хартал гар нүүр хувцас хунар нь цус болчихсон орж ирэхээр нь яасан юм бэ гэхэд Ц.А зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №08/шэ/332 дугаар дүгнэлт зэрэг болно.
Хохирогч Б.Огийн эрүүл мэндэд учирсан “... дээд үүдэн голын 2 шүдний сулрал, доод уруулын салстад язрал, хамрын нуруу, баруун хацарт зулгаралт” нь гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Ц.А нь хохирогч Б.Огийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Ц.Аг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүгдэгч Ц.А иргэн Б.Огийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл буюу хохирогчийн машиныг жолоодож байхдаа шон мөргөж, машинд эвдрэл гэмтэл учруулсны улмаас хохирогчтой маргалдаж, улмаар гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хохирогч Б.О нь “Үүдэн 2 шүдний эмчилгээний зардал, мөн автомашин засуулах 2.098.400 төгрөгийн зардлыг гаргуулах”-аар нэхэмжилж байгаа боловч хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох “үүдэн 2 шүдний эмчилгээ хийлгэх зардал”-ыг нотлох баримтаар нэхэмжлээгүй, энэ талаар баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй юм. Харин хохирогч “автомашин засуулах зардалд 2.098.400 төгрөг гаргуулах”-аар шүүгдэгчээс нэхэмжилж буй боловч энэ нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үр дагавартай шалтгаант холбоо тогтоогдоогүй, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бус, харин уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн үйл баримтын улмаас учирсан хохирол юм. Иймд хохирогч Б.О нь гэм хорын улмаас учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй болохыг дурдав.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ц.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ад оногдуулсан 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь цаашид гарах хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ