Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 130

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч  Д.Ц,

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Бт холбогдох эрүүгийн 2007000000124 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бульдозерчин мэргэжилтэй, харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт ******* дүүргийн 1 дүгээр хороо,******* тоотод оршин суух, ял шийтгэл үгүй, ******* овогт Т.Б /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цыг байнга буюу 2019 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Зүйл суманд, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 5 дугаар гудамжны 397 тоотод байрлах гэртээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, улмаар 2020 оны 06 дугаар сарын 04-ний шилжих шөнө ******* дүүргийн 1 дүгээр хороо******* тоотод байрлах гэртээ дахин зодсоны улмаас биед нүүр, цээж, баруун мөр, баруун суга, баруун бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт, нүүр, хүзүү, толгой хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх аргаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

   Хохирогч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Т.Бтэй эвлэрсэн, одоо хамт амьдарч байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

            Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 5 дугаар гудамжны 3 тоотод гэртээ хамтран амьдрагч Т.Бтэй хоёулаа байж байтал 16 цагийн үед Т.Бийн найзууд нь ирж архи ууцгааж байгаад явцгаасан, Т.Б бид хоёр үлдсэн. Тэгтэл гэнэт л найз нөхдүүдтэйгээ хардаад хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд хэрүүл хийж байхдаа зүүн талын нүд рүү 1 удаа гараараа цохисон, хамар руу нэг удаа цохиход миний хамарнаас цус гарсан. Миний өмсөж байсан фудволкноос маань татаад газар унагаж байгаад цээжин дээр маань дэвссэн тэр үед нь би ноцолдож байгаад салаад гэрээс гараад зугтаасан. Зугтааж гараад хүүхдийндээ очоод байж байгаад буцаад гэртээ очиж хоносон. 2019 оны 01 дүгээр сарын 18-нд гэртээ байхад согтуу хардаад нүд рүү гараараа 2-3 удаа цохисон, хөл, гар болон нуруу орчим руу өшиглөсөн, хоолой боож, маажсан уг сорив нь байгаа. Энэ үед бид хоёр хоёулаа байсан охин ******* дээр очиход биед учирсан гэмтлийг харсан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед мөн гэртээ байхдаа архи уусан. Тэгээд согтуугаар хардаж сэрдээд нүд рүү маань цохисон. Нүд хөхөрсөн байсан. Үүнийг Т.Бийн ээж ******* нь хажууд байж байгаад харсан. 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд очиж хамт амьдрахаар Т.Бтэй хамт явсан. Тэнд хоёр сар амьдрах явцдаа архи уудаг. Уусан үедээ зоддог байсан. Хоолой боож өшиглөж зодсон. Тэр үед нүд хөхөрсөн байсан. Намайг зодуулсан байсныг Бажиг гэх хүн харсан. Зодоод байхаар нь би ******* дүүрэг рүү хүрээд ирсэн. Тэгтэл араас ирээд уучлалт гуйгаад одоо ахиж зодохгүй гээд эвлэрээд буцаад явсан. Тэр үед нүдний хөх хэд хоноод эдгэрсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар хуудас/,

 

            Гэрч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би *******                   дүүргийн 1 дүгээр хороо уурхайчдын 5 дугаар гудамж 397 тоотод хүү Т.Б, түүний эхнэр Д.Ц нарын хамтаар амьдардаг юм. 2020 оын 06 дугаар сарын 01-ний өдөр хүү маань эхнэр ээжийг баярлуулна гээд хоол цай хийсэн. Тэгэхээр нь би баярлаад сэтгэл хөдлөөд хүн өгсөн байсан дарсыг бэртэйгээ хувааж уугаад байж байтал Өвөрхангай аймагт хүний бие муудлаа гээд яаралтай явахаар болсон юм. Тэгээд би явсан. Тэнд очоод санаа зовоод бэр рүүгээ залгаад нэмээд архи уучихсан юм биш байгаа гэж бодоод асуутал бэр Д.Ц нь бид хоёр зүгээр яагаач үгүй гэж хэлсэн нэг залгатал хүү Т.Б аваад Д.Ц алга байнаа гэж л байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэртээ ирэхэд Т.Б, Д.Ц нар нь хоёулаа байхгүй байсан наашаагаа гарч байхад бэр Д.Цтой ярихад юм хэлээгүй. Тэгээд ирснийхээ дараа Д.Ц руу утсаар залгахад “Би охидууд дээрээ байна, Т.Б намайг хөөгөөд өчигдөр гэртээ очоогүй” гэхээр нь “Миний охин хүрээд ирэхгүй юу даа” гэхэд Т.Бтэй ярьж байгаад ирнэ гэж хэлсэн. Тэгээд орой нь ганцаараа ирсэн. Тэгэхэд зүүн талын нүд нь хөхөрчихсөн харагдсан. Тэгэхээр нь “яасан юм бэ” гэхэд Т.Бийн юм нь хөдлөөд цохичихсон юм бид хоёр зүгээрээ гээд өөр юм хэлээгүй, хүү маань ч гэсэн байсан, тэгээд хоол унд хийчихээд унтацгаасан. Маргааш өглөө нь Д.Цын том эгч *******аа гэх хүн ирээд энэ хоёр болж бүтэх юм уу чи энэ хүнийхээ нүүрийг хар гэхэд Т.Б нь тиймээ “Би нүд рүү нь цохисон, айлд шалдан нүцгэн байж байхад нь би уур хүрээд цохичихсон юм” гэж хэлсэн тэр үед Д.Ц нь “Би шалдан нүцгэн байгаагүй зүгээр архи уугаад байж байсан гэж хэлсэн. Тэгтэл эгч нь “чи нөхөртэйгээ маргалдлаа, муудлаа гээд айл руу ордог чинь буруу би Д.Цыг авч явья” гэхээр нь би миний хүү өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд Д.Ц Т.Б нарыг орхиод явсан. 2019 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд манай хүү Батжаргал нь ажилладаг юм. Тэгээд Т.Б Д.Цыг дагуулаад ажил хийнэ гээд явсан. Тэгтэл удалгүй “Т.Б энэ хүүхэнтэйгээ нийлээд архи уучих юм. Тэгээд уухаараа нэг нэгнийгээ хардаад маргалдаад болохгүй байх юм” гэж удаа дараа хэлсэн. Д.Ц 9 сараас 11 сар хүртэл 3 удаа *******ад хүрээд ирсэн. “Яагаад ирчихээ вэ” гэхэд “бид хоёр таарч тохирохгүй байна. Бүх юм Баянаагаас болж байгаа шүү” гээд л ирдэг. Тэгээд араас нь удалгүй Т.Б хүрээд ирдэг байсан. Тэгж байгаад 11 сард ирээд энд ирсэнээс хойш хэрүүл маргаан гаргаагүй сайхан л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

             Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би нөхөр хүүхдийн хамтаар ******* дүүргийн 8-р хооо Тайж 7-8 тоотод гэртээ байж байхад 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өглөө 10-аас 11 цагийн орчимд манайд ээж Д.Ц хамтран амьдрагч Т.Бт зодуулчихлаа гээд ирсэн. Ирэхдээ зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан. Мөн цээж хөл гар гээд энд тэндгүй хөхөрчихсөн ирсэн. Юу болсон талаар асуухад ээж маань “Т.Б намайг зодсон” гэж хэлсэн үүнээс хойш 2 өдөр утсаар нь залгаад дарамтлаад байсан тул цагдаад өргөдөл өгсөн юм. Үүнээс өмнө 2019 оны 10 сарын эхээр байхаа Өвөрхангай аймаг хамт явсан юм. Тэгээд ирэхдээ бас л зодуулсан гээд нүүр ам нь хөхөрчихөөд ирсэн. Тэр үед нуугаад хэлэхгүй байсан дараа нь зодуулсан гэж хэлж байсан. Мөн 11 сарын 18-ны өдөр маргааш нь төрсөн өдөр нь байсан юм. Нүүр нь хөхөрчихсөн гар хөл нь энд тэндээ улайчихсан ирсэн зодуулсан юм уу гэхэд дуугарахгүй байсан тэгэхэд зодсон гэж бодож байна. Харахад илт байсан юм. Үүнээс өөр зодуулсан эсэхийг мэдэхгүй байна . Би яг зодож байхад нь бол хараагүй зодуулчихаад ирэхэд нь л харсан юм. Асуухаар бид нараас нуудаг. Учир нь бид нар ээжийг тэр хүнээс сал гэдэг болохоор, дээр нь сэтгэл санаа нь зовно гээд хэлдэггүй байсан байхаа” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

            Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 06-ны шөнө 23 цаг өнгөрч байхад дүү Д.Цын том охин ******* нь надруу залгаад “ээжийг хамтран амьдарч нь зодчихсон байсан. Та нэг очоодохооч” гэхээр нь маргааш нь эрт 08 цаг өнгөрч байхад ******* дүүргийн 1 дүгээр хороо 5 дугаар гудамж 397 тоотод Т.Б гэх айлынд очиход Д.Цын зүүн талын нүд хөхөрсөн байдалтай баруун талын бугалга, мөр орчимд нь хөхөрчихсөн байсан. Тэгээд Т.Бээс “чи яахаараа хүн зоддог юм бэ” гэхэд таг дуугүй байгаад байсан. Тэгээд би “яахаараа хүн зоддог юм бэ” гээд загнасан. Д.Ц нь Т.Бийг “чи зодоо биз дээ” гээд байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай эхнэр гэртээ ирээгүй юм. Тэгээд хайгаад олоогүй юм. 18 цагаас 19 цагийн хооронд ******* дүүргийн 1 дүгээр хороо Уурхайчдын 3 дугаар гудамж 4, 5 дахь хаалганд таньдаг хүн болох Гансүхийнд ортол хоёулаа чармай шалдан байдалтай хэвтэж байхаар нь би ороод эхнэр Д.Цын нүд рүү гараараа 2 удаа цохисон юм. Тэгээд гараад явсан эхнэр маань тэнд үлдсэн юм. Тэгээд орой асуутал Гансүх нь “Д.Ц гараад явчихсан” гэж хэлсэн. Мөн энэ өдрөөс өмнө 2-3 хоногийн өмнө гадуур явж байхдаа цуг архи ууж хамт явсан хүмүүс нь айлгасан юм шиг байна лээ. Тэр үед хамт явсан хүндээ өшиглүүлсэн гэсэн. Үүнийгээ намайг цохисон гэж хэлээд байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн №401 дүгээр :

            “1. Д.Цын биед нүүр, цээж, баруун мөр, баруун суга баруун бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт, нүүр, хүзүү, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн ******* дүгээр хуудас/, урьд нь захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 55 дугаар хуудас/, Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 56-62 дугаар хуудас/ шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний шилжих шөнө ******* дүүргийн 1 дүгээр хороо******* тоотод байрлах гэртээ зодсоны улмаас биед нүүр, цээж, баруун мөр, баруун суга, баруун бугалга, бүсэлхий, зүүн гуянд цус хуралт, хүзүүнд зулгаралт, нүүр, хүзүү, толгой хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх аргаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Т.Бтэй эвлэрсэн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ... хэрүүл хийж байхдаа зүүн талын нүд рүү 1 удаа гараараа цохисон, хамар руу нэг удаа цохиход миний хамарнаас цус гарсан. Миний өмсөж байсан фудволкноос маань татаад газар унагаж байгаад цээжин дээр маань дэвссэн тэр үед нь би ноцолдож байгаад салаад гэрээс гараад зугтаасан.” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ... орой нь ганцаараа ирсэн. Тэгэхэд зүүн талын нүд нь хөхөрчихсөн харагдсан. Тэгэхээр нь “яасан юм бэ” гэхэд Т.Бийн юм нь хөдлөөд цохьчихсон юм гэсэн.” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өглөө 10-11 цагийн орчимд манайд ээж Д.Ц хамтран амьдрагч Т.Бт зодуулчихлаа гээд ирсэн ирэхдээ зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан. Мөн цээж хөл гэр гээд энд тэндгүй хөхөрчихсөн ирсэн. Юу болсон талаар асуухад ээж маань Т.Б намайг зодсон гэж хэлсэн үүнээс хойш 2 өдөр утсаар нь залгаад дарамтлаад байсан тул цагдаад өргөдөл өгсөн юм.” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Д.Цын зүүн талын нүд хөхөрсөн байдалтай баруун талын бугалга, мөр орчимд нь хөхөрчихсөн байсан тэгээд Т.Бээс “чи яахаараа хүн зоддог юм бэ” гэхэд таг дуугүй байгаад байсан. Тэгээд би “яахаараа хүн зоддог юм бэ” гээд загнасан. Д.Ц нь Т.Бийг “чи зодоо биз дээ” гээд байсан” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн №401 дүгээр дүгнэлт зэрэг болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, хамтран амьдрагч …этгээдийг” ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилж, тайлбарлажээ.

 

            Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Т.Б нь хохирогч Д.Цтой хамтран амьдраад 1 жил гаран болж байх ба гэрлэлтээ бүртгүүлээгүй байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох ба шүүгдэгч Т.Б, хохирогч Д.Ц нар хамтран амьдрагч болох нь хохирогч, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул хуульд заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Т.Б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хардалтын улмаас хамтран амьдрагч Д.Цын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

           

            Түүнчлэн хамтран амьдрах хугацаанд шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цыг байнга буюу 2019 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 5 дугаар гудамжны 397 тоотод байрлах гэртээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Т.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 18-нд гэртээ байхад согтуу хардаад нүд рүү гараараа 2-3 удаа цохисон, хөл, гар болон нуруу орчим руу өшиглөсөн, хоолой боож, маажсан уг сорив нь байгаа. ...2020 оны 04 дүгээр сарын 20-ны үед мөн гэртээ байхдаа архи уусан. Тэгээд согтуугаар хардаж сэрдээд нүд рүү маань цохисон. Нүд хөхөрсөн байсан. ...2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд очиж хамт амьдрахаар Т.Бтэй хамт явсан. Тэнд хоёр сар амьдрах явцдаа архи уудаг. Уусан үедээ зоддог байсан. Хоолой боож өшиглөж зодсон. Тэр үед нүд хөхөрсөн байсан. Намайг зодуулсан байсныг Бажиг гэх хүн харсан. Зодоод байхаар нь би ******* дүүрэг рүү хүрээд ирсэн. Тэгтэл араас ирээд уучлалт гуйгаад одоо ахиж зодохгүй гээд эвлэрээд буцаад явсан. Тэр үед нүдний хөх хэд хоноод эдгэрсэн.” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд манай хүү Батжаргал нь ажилладаг юм. Тэгээд Т.Б Д.Цыг дагуулаад ажил хийнэ гээд явсан. Тэгтэл удалгүй “Т.Б энэ хүүхэнтэйгээ нийлээд архи уучих юм. Тэгээд уухаараа нэг нэгнийгээ хардаад маргалдаад болохгүй байх юм” гэж удаа дараа хэлсэн. Д.Ц 9 сараас 11 сар хүртэл 3 удаа *******ад хүрээд ирсэн. “Яагаад ирчихээ вэ” гэхэд “бид хоёр таарч тохирохгүй байна. Бүх юм Баянаагаас болж байгаа шүү” гээд л ирдэг.” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 сарын эхээр байх Өвөрхангай аймаг хамт явсан юм. Тэгээд ирэхдээ бас л зодуулсан гээд нүүр ам нь хөхөрчихөөд ирсэн. Тэр үед нуугаад хэлэхгүй байсан дараа нь зодуулсан гэж хэлж байсан. Мөн 11 сарын 18-ны өдөр маргааш нь төрсөн өдөр нь байсан юм. Нүүр нь хөхөрчихсөн гар хөл нь энд тэндээ улайчихсан ирсэн зодуулсан юм уу гэхэд дуугарахгүй байсан тэгэхэд зодсон гэж бодож байна. Харахад илт байсан юм.” гэх мэдүүлэг зэрэг болно.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн үндсэн шинж “байнга” зодсон байхаар хуульчлагдсан бөгөөд “байнга” гэдэг нь тоогоор буюу давтамжийн хувьд гурав ба түүнээс дээш удаа үргэлжлэн үйлдэгдэхийг ойлгох ба уг гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг чиглэсэн бие махбодийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж, эрх, эрх чөлөөнд нь халдсан хэвшмэл маягтай идэвхитэй үйлдлийг байнга хийсэн байхыг ойлгодог.

 

            Шүүгдэгч Т.Б нь хамтран амьдрагч Д.Цыг байнга зодсон, эдгээр үйлдлүүдийн хооронд зөрчилд хариуцлага хүлээлгэх зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

 

             Иймд шүүгдэгч Т.Бт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 11.7 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирчээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч Д.Ц нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Бид эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Т.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.Цыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Т.Бт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

 

            Улсын яллагч нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт 1 жил 2 сар 10 хоног хорих ял оногдуулах, шүүгдэгч торгох ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.                                                  

             

Шүүх шүүгдэгч Т.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, түүний гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон /320:8=40 хоног/ 40 хоног, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сар хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 /ес/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* овогт Т.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 320 /гурван зуу хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 /найм/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял дээр хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 9 /ес/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бт оногдуулсан 9 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Бт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ