Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Т.Дд холбогдох эрүүгийн дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д барилгын туслах ажилтан, ам бүл 3, хоёр дүүгийн хамт *******,******* тоотод түр оршин суух, ял шийтгэл үгүй,

******* овогт Т.Д /РД:  /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Т.Д нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт С.*******ийн нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, доошоо суусан байхад нь хөлөөрөө цээж рүү нь 1 удаа өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч Т.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хэрэг гарах үед би гэх бүсгүйтэй хамт гадаа ярьж сууж байгаад гэрт орсон. Тэр үед *******э ах руу салаавч гаргах шиг л болсон. Би та одоо эмэгтэй хүнийг арай дэндүү дээрэлхэж байна биш үү гэж хэлсэн. *******э ах миний урдаас чи муу мангар бацаан ингэж хэлэх болоогүй шүү гээд намайг түлхсэн. Би уурандаа нэг удаа өшиглөөд, хоёр удаа цохисон” гэв.

 

            Хохирогч С.*******э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 06 дугаар хороо ******* гэдэг амралтын газарт ажлынхаа хамт олонтой амрахаар очсон юм. Тэнд очоод гэр авцгаагаад амраад ууж идэж, авчирсан пивоо ууцгаагаад хоносон юм. 2020 оны 06 дугаар сарын 20-ны өглөө босоод нэмээд ууцгаасан би тэр үед бас уугаад нилээн согтсон байсан. Тэгээд тэндээ сууж байгаад гол орчихоод гайгүй болоод бүгдээрээ сууцгаагаад 12 цаг өнгөрч байхад хорхог гараад хорхогоо идэх гээд гэр дотор сууцгааж байтал гаднаас Дөлгөөн буюу Т.Д гэх залуу орж ирээд шууд надруу хандаж “Чи эмэгтэй хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ” гэж хэлээд шууд татаж босгож ирээд цамцны урд талаас гараараа татаад хоолой шахаад нүүрний зүүн талын шанаа орчим руу 2 удаа гараараа цохисон. Тэгтэл хажууд байсан , нар нь түүнийг татаад надаас холдуулах үед би доошоо суугаад эргээд өндийх гэтэл хөлөөрөө цээж рүү хүчтэй нэг удаа өшиглөсөн. Тэгээд би амьсгал давчдаад газар хэвтсэн хажууд байсан хүмүүс салгаад Дөлгөөнийг холдуулсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар хуудас/,

 

            Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай ажлын газрын хамт олон 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Тэрэлж рүү зугаалганд явсан юм. ******* амралтын газарт очсон.Тэнд очоод гэр аваад хоол цай идэж уугаад авчирсан архи пивоо ууцгаагаад хоносон юм. Маргааш өглөө нь хорхог хийгээд хоолоо идэхээр болоод гэрт хоолоо оруулаад ширээ тойроод идээд сууж байтал гаднаас жолоочоор явж байсан Дөлгөөн гэх залуу, хоёр орж ирээд Дөлгөөн нь манай нягтлан *******э рүү эмэгтэй хүнийг хэл амаар доромжиллоо гээд байсан юм. Учир нь урд орой сууж байхдаа *******э согтчихоод гэх багш руу хандаад тоглож байгаад “тарган хүн илчтэй байдаг юм хамт унтана шүү, би даарна” гэх зэргээр тоглож байгаад унтацгаасан юм. Тэр үед Дөлгөөн “та болио эмэгтэй хүнийг ингэж хэлж болохгүй” гэж байсан. Тэрэндээ өглөө нь уурлаад, өглөө бас тоглоод ярьж байхад Дөлгөөн та одоо боль гээд уурлах маягтай байсан. Тэр үед уурлаад шууд “Би танд сануулсан шүү” гэж хэлтэл *******э нь “Чи юу гээд байгаа юм бэ” гээд нилээн ширүүн хэлсэн. Тэгтэл Дөлгөөн *******ийг заамдаж сандал дээрээс татаж босгоод гараараа нүүр рүү 2 удаа цохиход гэрийн баруун талын хана руу *******э нь арагшаагаа унасан. Тэгэхээр нь бид хоёр салгаад цаашлуулсан. Тэр үед *******э нь дөнгөж босох гээд өндийтөл Дөлгөөн нь эргэж хараад хөлөөрөө цээж рүү нэг удаа өшиглөөд авсан. Дараа нь тэр хоёр уулзаад уучлаарай гээд ярилцаад байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

            Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед манай ажлын газрын хамт олон Налайх дүүргийн 6 дугаар хороо Дөрвөн-Эрдэнэ амралтанд очсон. Тэнд очоод гэр аваад хоол цай идэж уугаад орой ******* цагийн үед караокед дуулж байгаад амарцгаасан. Маргааш өглөө босоод хорхог хийгээд хоол идэхээр болоод гэрт хоолоо оруулаад ширээ тойроод идэх гээд сууж байтал жолоочоор явж байсан Дөлгөөн нь *******этэй муудалцаж эхэлсэн тэгээд *******ийг заамдаж аваад Дөлгөөн нь нүүрлүү нь нэг удаа цохих шиг болсон пид гэж дуугараад *******э нь гэрийн баруун талд арагшаагаа унахаар нь би Намсрайг очиж салга гэж хэлсэн. Тэгээд салгасан. Би яг өшиглөхийг нь бол хараагүй юм. Бүгдээрээ бужигналдаад байж байсан. Тэгээд тарцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №7437 дугаар:

            “1.С.*******ийн биед зүүн 9 дүгээр хавирганы хугарал тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

            3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

            Хохирогч Э.*******э 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Налайх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-56 дугаар хуудас /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Д нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” амралтын газарт С.*******ийн нүүрэн тус газар нь 2 удаа гараараа цохиж, доошоо суусан байхад нь хөлөөрөө цээж рүү нь 1 удаа өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн 9 дүгээр хавирганы хугарал бүхий түүний биед хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Т.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “*******э ах миний урдаас чи муу мангар бацаан ингэж хэлэх болоогүй шүү гээд намайг түлхсэн. Би уурандаа нэг удаа өшиглөөд, хоёр удаа цохисон” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч С.*******э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дөлгөөн буюу Т.Д гэх залуу орж ирээд шууд надруу хандаж “Чи эмэгтэй хүнтэй яасан муухай харьцдаг юм бэ” гэж хэлээд шууд татаж босгож ирээд цамцны урд талаас гараараа татаад хоолой шахаад нүүрний зүүн талын шанаа орчим руу 2 удаа гараараа цохисон. Тэгтэл хажууд байсан , нар нь татаад салгаж байгаа харагдсан салгаад надаас холдуулах үед би доошоо суугаад эргээд өндийх гэтэл хөлөөрөө цээж рүү хүчтэй нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Дөлгөөн *******ийг заамдаж сандал дээрээс татаж босгоод гараараа нүүр рүү 2 удаа цохиход гэрийн баруун талын хана руу *******э нь арагшаагаа унасан. Тэгэхээр нь бид хоёр салгаад цаашлуулсан. Тэр үед *******э нь дөнгөж босох гээд өндийтөл Дөлгөөн нь эргэж хараад хөлөөрөө цээж рүү нэг удаа өшиглөөд авсан” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн № 7437 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч С.*******ийн эрүүл мэндэд учирсан “… зүүн 9 дүгээр хавирганы хугарал” нь хөлөө өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Т.Д нь хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Дөл-Эрдэнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Т.Д нь тус гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан ба хэрэгт хохирогчоос 422.700 төгрөгийн оношилгоо хийлгэсэн болон эм тарианы зардлын баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ирүүлсэн байна. Шүүгдэгч нь шүүх хуралдаанд “хохирогч С.*******этэй 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 200.000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 222.700 төгрөг төлөхөөр бичгээр тохиролцож, гарын үсэг зурцгаасан” гэж мэдүүлсэн, хохирогч нь “хохирлын талаар Т.Дтэй тохиролцсон, гомдол саналгүй” гэх хүсэлт хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Т.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.*******э гэм буруутай этгээдтэй тохиролцсон гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв. 

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Т.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Дд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ