Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

         Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа 

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ 

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1925004020429 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2 хүүхэдтэй,Орхон аймгийн Баян-Өндөр сумын багийн тоотод ах Эрхбаатарынд оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Б-ын Б // 

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Б-г 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 29-01 тоотод иргэн Э.Х-ын Хуавей В-6 загварын гар утсаараа яриулчих гэж хэлэн авч буцаан өгөлгүй бусдад зарж борлуулан 400.000 төгрөгийн хохирол учруулсан/яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-ын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг, -Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Э.Хүрэлбаатарын...2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 29-01 тоотод найз Ганчимэгийн гэрт шөнийн 23 цагийн орчим очиж хоносон ... өглөөний 6 цагийн орчим Ганчимэг утасны чинь цэнэг дүүрсэн байгаа утсаа аваарай гэж намайг сэрээсэн ... утсаа аваад байж байтал Ганчимэгийн найз Б намайг нэг яриулчих гэж хэлсэн. Утсаа өгөөд хэсэг байж байтал Б утсыг чинь түмбүүшик дээр тавьсан байгаа гэж хэлсэн. Би буцаж унтаад 9 цагийн орчим босоод утсаа авах гэтэл байхгүй байсан. Тэгээд өөрийнхөө утас руу залгахад дуудаад авахгүй байж байгаад сүүлдээ холбогдохгүй оолсон. Ингээд утсыг маань өгөх байх гэж хүлээсэн боловч өгөөгүй ... Б миний гар утсыг надад хэлж авч яваагүй, хулгайлаад аваад явсан... ” гэх мэдүүлэг /хх- ийн 24 дүгээр хуудас/ 

-Иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргалын ...2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баян худалдааны төвийн гар утас засварын газар гар утсаа янзлуулаад зогсож байсан юм. Тухайн үед зүс таних Охиноо гэх /Б/ эмэгтэй орж ирээд миний утас гацчихлаа энэ утсыг солиод зөрүү өгөх утас байна уу гэж хэлсэн .Тэгэхээр нь би бэлнээр хэдээр зарахын гэж асуухад 140 000 төгрөгөөр зарна гэхээр нь Охиноод 140 000 төгрөг өгөөд, утас засварын залууд 15,000 төгрөг өгч гацсан байсныг нь янзлуулж авсан. Миний авсан гар утас хөх өнгийн ямар нэгэн сэв, зураасгүй Хуавей В-6 загварын гар утас байсан ...гар утас худалдаж авсан 140,000 төгрөг, засварын 15 000 төгрөгийг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

-“Далай ван Аудит” ХХК-ний шинжээчийн 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 02/02- 64 дугаартай ... “Huawei гар утасны үнэ 400,000 төгрөг.” гэх дүгнэлт /хх-ийн 38-44-р хуудас/ -Эд мөрийн баримт хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 49-р хуудас/ -Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 50-р хуудас

-яллагдагчаар Б-ын мэдүүлсэн ....Ганчимэгийн гэрээс гарахдаа Хүрэлбаатарт хандаж “гар утсыг чинь үлдээсэн шүү “гэж хэлээд халаасандаа хийгээд гарсан юм” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов. Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 29-01 тоотод айлд хоноод маргааш нь гарахдаа тэнд байсан Э.Хүрэлбаатарын 400,000 төгрөгний үнэ бүхий Huawei В6 гар утсыг “гар утсыг чинь үлдээсэн шүү “гэж хэлээд халаасалж авч гараад бусдад 140,000 төгрөгөөр худалдаж ашигласан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгч Б.Б-ын бусдын өмчлөлийн эд зүйлийг хууран мэхэлж хууль бусаар авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 400,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлгээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Улсын яллагч шүүх хуралдаанд: шүүгдэгч Б.Б 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Рашаант багийн 29-01 тоотод иргэн Э.Хүрэлбаатарын Хуавей В-6 загварын гар утсыг яриулчих гэж хэлэн авч буцаан өгөлгүй бусдад зарж борлуулан 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулж ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэжээ. Шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ажил хиймээр байна. Дахин ийм зүйл хийхгүй гэжээ. Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар хэр хэмжээ, хохирол арилсан байдал, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээнд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв. Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э.Хүрэлбаатарт гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байна. Харин иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргал шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй учирсан хохирлоо гаргуулах хүсэлтэй гэх тул иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол болох 155,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Энэ хэрэгт шүүхийн шатанд шүүгдэгчийг албаданд ирүүлж цагдан хорихоор шийдвэрлэсэн боловч шүүгдэгч зөрчлийн хэргийн улмаас баривчлагдсан тул цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.Шүүгдэгч  овгийн Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд ажиллуулахаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольсугай. 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 155,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Бямбажаргалд /Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-4-33 тоот, ИН87032811/ олгуулсугай. 

6. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 

                              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                Д.АРИУНЦЭЦЭГ