Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Лхүндэвийн Атарцэцэг |
Хэргийн индекс | 128/2015/0037/з |
Дугаар | 272 |
Огноо | 2016-08-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 272
Ц.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, Х.Батсүрэн, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Ц.Цогзолмаа нарыг оролцуулан хийж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2016/0250 дугаар магадлалтай, Ц.Цогзолмаагийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би улсад 27 жил ажиллаж байна. 2004 оны 9 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Ховд аймгийн Дөргөн сумын “Шувуухай” цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 16-нд Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дүгээр” Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамжийг танилцуулж, миний ажлыг хүлээлцсэн.
Миний бие 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот уруу яваад 2015 оны 9 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотоос ирсэн. Намайг ирэхэд манай багш, ажилчид цэцэрлэг дээр багш нарын баярыг тэмдэглэхээр төлөвлөчихсөн байсан. Миний зүгээс багш нарын баярыг байгууллага дээр тэмдэглэхийг эрс эсэргүүцэж байсан. Гэвч хамт олны саналаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгууллага дээр багш нарын баярын үйл ажиллагааг цомхон тэмдэглэхээр болсон. Тэр өдөр би төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй. Багш нарын баярын үйл ажиллагаа 2 цаг гаруй үргэлжлээд тарсан. Үйл ажиллагаа дууссаны дараа 4-5 хүн үлдэж нэгэндээ гар хүрч маргалдсан гэсэн. Гэхдээ тэр маргаан нь цэцэрлэгийн хашаанаас гарсны дараа болсон байсан.
Ховд аймгийн Боловсрол соёлын газарт гомдол гаргасныг би мэдээгүй. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Боловсрол, соёлын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг ирж багш ажилчидтай уулзаад явсан. Ингээд Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дүгээр “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” захирамж гарсан.
Сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь “Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж, албаны байранд архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулж, улмаар ажилтнууд маргалдаж нэгэндээ гэмтэл учруулсан зөрчил гаргасан нь Боловсрол соёлын газраас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн дүгнэлт, сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/298 дугаар албан бичгээр нотлогдож байна” гэж үзсэн байсан.
Миний бие дээрх зөрчлийг гаргаагүй ба архи ууж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, манай байгууллагын ажилчид хоорондоо маргалдсан байсан. Хэн нэгэн хүний биед гэмтэл учирсан болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр нотлогдоогүй. Манай байгууллагын ажилчид хоорондоо маргалдсан талаарх асуудлыг Боловсрол соёлын газраас шалгаж үзээд надад цалин бууруулах сахилгын арга хэмжээ авах саналыг Засаг даргад хүргүүлсэн байсан.
Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж нь миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул уг захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү.
Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа амралтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгийн эрхлэгч байсан Ц.Цогзолмаа нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр багш нарын баяр тэмдэглэх нэрийдлээр цэцэрлэгийн байранд архидалт зохион байгуулж улмаар уг цэцэрлэгийн туслах ажилтан У.Эрдэнэзул нь мөн цэцэрлэгийн туслах багш Н.Оюунбилэгийг согтуугаар зодсоны улмаас биед нь гэмтэл учирсан байдаг.
Дээрх болсон явдлыг Ховд аймгийн Дөргөн сумын хэсгийн төлөөлөгч д/ч Ш.Сумъяа шалгаад 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 201521000353 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, 2015 оны 12 дугаар сарын 22-нд яллах дүгнэлт үйлдэхээр прокурорт шилжүүлсэн байна. Хэргийг шалгах явцад Н.Оюунбилэгийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ныөдрийн 422 дугаар дүгнэлтээр тогтоогддог.
Аймгийн Засаг даргад хандан гаргасан Н.Оюунбилэгийн гомдлын дагуу Ховд аймгийн Боловсрол соёлын газрын дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдээс дараах дүгнэлтийг гаргасан байна.
“Дөргөн сумын иргэн Н.Оюунбилэгийн өргөдөлд дурдсанаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагаас мөн өдрийн 23 цагийн хооронд тус цэцэрлэгийн удирдлага, багш ажиллагсад нь багш нарын баяр тэмдэглэх нэрийдлээр ажлын байранд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн нь үнэн байна гэж үзэв. Багш ажилчидтай уулзаж ярилцсан тодруулга, мэдээллийг хавсаргав гэжээ.
Дээрх баримтуудаас үзэхэд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цогзолмаа нь Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж, албаны байранд архидан согтуурах үйл ажиллагаа зохион байгуулсан учир Боловсролын тухай хуулийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 он 41 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 2.1.6 дахь заалтыг зөрчсөн тул Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлж сахилгын шийтгэл оногдуулсан. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Цэцэгжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Дөргөн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн томилогдож, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаа хүлээн авч, ажиллаж байна. Энэ хугацаанд албан үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж үзэж байна.
Эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Цогзолмаагийн ажлаас халагдсан шалтгаан тэр хэргийн талаар надад ямар ч мэдээлэл байхгүй.Түүнтэй холбоотойгоор 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үйл ажиллагаанд оролцож, ажлаас халагдсан хүн мөн адил шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Н.Оюунбилэгийн биеийн байдал тааруу байгаа, гурппэд орох гэж байгаа талаар түүний эгч С.Дэлгэр надтай ирж уулзахдаа хэлсэн. Эдгээр хэргүүдтэй холбоотойгоор удаа дараа шүүхэд дуудагдаж байгаа. Цаашид би нялх хүүхэдтэй учраас дуудагдаад очих боломжгүй учраас шүүх хуралд оролцохоос татгалзаж байна гэжээ.
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дугаар “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Ц.Цогзолмааг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Дөргөн сумын “Шувуухай” цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цогзолмаад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 2943533 /хоёр сая есөн зуун дөчин гурван мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Ц.Цогзолмаагийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цогзолмаа нь “амралтын мөнгө гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2016/0250 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Ц.Цогзолмааг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Дөргөн сумын “Шувуухай” цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цогзолмаа нь “амралтын мөнгө гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваахүү хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ёс зүйн дүрмийн 3.3.3 дахь хэсэгт “Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг, эх, багш, суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ” гэж уг ёс зүйн дүрмээр ямар ямар албан тушаалтны гаргасан ёс зүйн зөрчилд Боловсрол, соёлын газрын дэргэдэх ёс зүйн хороогоор хэлэлцэж дүгнэлт гаргахыг тодорхой заасан байна. Дээрх заалтад сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээс бусад албан тушаалтанд хамаарахаар заасан. Дөргөн сумын “Шувуухай” цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цогзолмаагийн ёс зүйн зөрчилд заавал Боловсрол, соёлын газрын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлт гаргасан байхыг шаардах учиргүй юм.
Ховд аймгийн Дөргөн сумын цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т зааснаар Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан байхад Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулиар зохицуулах ёстой гэсэн байдлаар хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Мөн Багшийн ёс зүйн дүрмийн 3.1-д “Багшийн ёс зүйн дүрэм”-ийн заалтуудыг зөрчсөн багшид “Хөдөлмөрийн тухай хууль” “Багшлах эрх олгох, хасах журам”, “Багшид мэргэжпийн зэрэг олгох, хүчингүй болгох журам”-ын хүрээнд хариуцлага тооцно гэж заажээ.
Ц.Цогзолмаад сахилгын шийтгэл ногдуулахдаа Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын даргаас аймгийн Засаг дарга санал асуухад Ц.Цогзолмаад үндсэн цалинг 3 сараар 20 хувиар хасаж бууруулах шийтгэл ногдуулах санал өгсөн ба аймгийн Засаг дарга Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Цогзолмаа нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж албаны байранд архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулсан учир Боловсролын тухай Монгол улсын хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Боловсрол, соёл, шинжпэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 2.1.6 дахь заалт зэргийг тус тус зөрчсөн тул аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дугаартай захирамжаар Ц.Цогзолмааг үүрэгт ажилаас нь чөлөөлж сахилгын шийтгэл ноогдуулсан болно.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ дээрх хууль болон ёс зүйн дүрэм, журмыг баримталгүй зөвхөн өөрсдийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай гэж үзэхээр байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дүгээр захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай Ц.Цогзолмаагийн нэхэмжлэлийг хангасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Цогзолмааг Ховд аймгийн Дөргөн сумын “Шувуухай” цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халсан тус аймгийн Засаг даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2015 оны А/524 дүгээр захирамж нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасан “... цэцэрлэгийн эрхлэгчийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн Боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэснийг зөрчсөн, хууль бус захиргааны акт болжээ.
Ц.Цогзолмааг ажлаас халах үндэслэл болсон “... багш нарын баярыг тэмдэглэх нэрийдлээр цэцэрлэгийн байранд архидалт зохион байгуулж, ёс зүйн зөрчил гаргасан ...” гэх асуудлыг эрх бүхий байгууллагаар шалгагдаагүй, дүгнэлт гараагүй байсан, Боловсрол соёлын газраас түүнийг халах тухай санал ирүүлээгүй байхад дээрх шийдвэрийг гаргасан нь буруу болохыг шүүхүүд хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан тодорхой дүгнэсэн байна.
Харин нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв боловч, шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ төрийн жинхэнэ албан тушаалтанд хамаарах хуулийн зохицуулалтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь буруу талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэснээс гадна хэрэглэвэл зохих хуулийг оновчтой болгон шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.
Иймээс “... шүүх ... хууль болон ёс зүйн дүрэм, журмыг баримтлаагүй, зөвхөн өөрсдийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай ...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.
Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийдвэрийн “2” дахь заалтаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, “3” дахь заалтаар нэхэмжлэгчийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн байна.
Гэтэл давж заалдах шатны шүүх “... татгалзлыг батлахдаа хууль буруу хэрэглэсэн ...” гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн “3” дахь заалтад холбогдох өөрчлөлтийг оруулахаар дүгнэсэн атлаа ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шүүхийн шийдвэрийн “2” дахь заалтыг өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээхээр заажээ.
Дээрх байдлаар магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн өөрчлөлт оруулахаар дүгнэгдсэн заалтын дугаарыг “3” гэхийг “2” гэж алдаатай бичсэнээр шүүх дүгнэлтээсээ зөрүүтэй шийдвэр гаргасан гэж ойлгогдохоос гадна шүүхийн шийдвэр биелүүлэхэд ойлгомжгүй, хүндрэлтэй нөхцөл бий болж, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах боломжгүйд хүрэхээр үр дагавар үүсэхээр байх тул уг алдааг зөвтгөн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 221/МА2016/0250 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “... 2 дахь заалтыг ...” гэснийг “... 3 дахь заалтыг ...” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ