Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 324

 

Э.Дагвадорж Г.Ганбаатар нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар магадлалтай 201605000160 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Дагвадорж, Г.Ганбаатар нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, урьд 2008 онд 04 дүгээр сарын 10-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт зааснаар 2 жил 4 сарын хорих ялаар, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэг зааснаар 2 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг эдэлж байгаад 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эдлээгүй үлдсэн 11 сар 11 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 3 сар 01 хоногийн баривчлах ялыг өршөөн хэлтрүүлсэн Жалайр овогт Гончигийн Ганбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, эрэгтэй, урьд урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан, Гонио овогт Эрдэнэбаярын Дагвадорж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ганбаатарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 200.000 төгрөг хурааж 5 жил 1 хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар эдлэх ялыг чанга дэглэмтэй хорих ангид, Э.Дагвадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, бүлэглэн, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Э.Дагвадоржийн гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн түүний өөрийн эзэмшлийн 5821ГАҮ улсын дугаартай “Мицубиши кантер” маркийн тээврийн хэрэгслийг хурааж, Шүүгдэгч Г.Ганбаатарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Э.Дагвадоржийн эзэмшлийн улсын дугааргүй хенсим маркийн мотоциклийг Э.Дагвадоржид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 100.000 төгрөгийг, Б.Энхээгийн эзэмшлийн 2458ГАҮ улсын дугаартай “Хюндай портер” маркийн тээврийн хэрэгслийг Б.Энхээд буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 800.000 төгрөгийг шүүгдэгч Г.Ганбаатараас гаргуулан тус тус хурааж улсын орлого болгохоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Г.Ганбаатарын цагдан хоригдсон 39 хоногийг, шүүгдэгч Э.Дагвадоржийн цагдан хоригдсон 9 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ганбаатар, шүүгдэгч Э.Дагвадоржийн өмгөөлөгч Л.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэгийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ганбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...2014 оны 9 сард УАЗ-469 маркийн автомашиныг Ирээдүй гэдэг залууд зарж, түүний үнэд 5 тооны монгол үхэр авсан. 2016 оны 5 сард уг үхрийг хулгайн үхэр байсныг мэдсэн. Мөн 2015 оны 11 сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянхонгор аймаг, Баянцагаан сум, Аргалт гэх газраас 42 тооны адуу алдсан гэсэн тэр адууг би үзэж хараагүй, адууны хулгайг надад хүчээр хүлээлгэсэн. Хуурч мэхэлж, зодож дарамтлаад уг адууны 37 нь олдсон 5 нь олдоогүй, тэр 5 адууг хүлээчих тэгвэл хэргийг чинь аргалж өгнө гэсэн ба тухайн үед надад өөр арга байгаагүй. Э.Дагвадорж, Г.Мөнх-Оргил бид гурвыг зам шалгалтаар авч явж хүчээр зураг дарсан. Мэдүүлгийг ингэж, тэгж хэл гэж хэлүүлж мэдүүлэг авсан. Мөн надаар хүчээр хэрэг хүлээлгүүлж, Э.Дагвадоржоор тэр 5 адууг төлүүлсэн. Нэгээр нь төлүүлж, нөгөөгөөр нь хүлээлгэдэг хууль байдаг юм уу? 2015 оны 11 сарын 14-16-ны хооронд буюу уг адуу алга болох үед Говь-Алтай аймгийн Шараа сум Улаан туг баг, Харгантын аманд айлд үхэр гаргаж байсан болохыг нотлох улсууд байгаа. 2016 оны 3 дугаар сарын 5-нд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Бадамжав гэдэг хүний 3 тооны үхрийг хулгайлж авсан нь үнэн, харин хийгээгүй хэргээ дахин үнэн зөвөөр шалгуулж шийдүүлмээр байна. Энэ хэргийг би дангаар хийсэн Дагвадорж оролцоогүй юм. 2016 оны 4 сарын 17-нд Э.Дагвадорж миний машиныг авч хөдөө явж маргааш өглөө нь авч ирж өгсөн, үхэр ачсан бололтой байсан. Би тэр үед Э.Дагвадоржтой хамт яваагүй, хаашаа явсныг нь ч мэдээгүй. Тэр үедээ Сүхбаатар гэдэг хүний 8 тооны үхрийг авчирсан. Би бусдын 42 тооны адууг хулгайлаагүй, энэ хэргийг бүхэлд нь хянаж мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э.Дагвадорж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...миний өмгөөлөгч Батбаяр нь давж заалдах шатны шүүхэд бүгдийг үнэн зөвөөр яръя гэсэн боловч өргөдлийнхөө дагуу ярь гээд яриулаагүй. Сүхбаатарын 8 тооны үхрийг Г.Ганбаатар нь надтай хамт хулгайлаагүй, харин машиныг нь авч би  ганцаараа хулгай хийсэн хийсэн. Ганбаатарыг муу нэртэй болохоор Дэлгэржав байцаагч машин нь явсан бол хамт явсанд тооцно гээд хэрэгт холбогдуулсан. Зам шалгалтаар явж байхад Ирээдүйг олохгүй болохоор та 2 хоёулаа гээд хэргээ хурдан 9 сарын нэгнээс өмнө шийдүүлчих гээд хүлээлгэсэн. Мөрдөн байцаалтын явцад 3 үхрийн талаар яригдахад өмгөөлөгчдөө хэлсэн чинь өмгөөлөгч Доржготов тэгээд минийх юм уу гээд загнасан. Гэтэл Ганбаатар болохоор чи хамааралгүй юманд хүнийг хэрэгт холбогдуулчихаад хамт явсан гэж мэдүүл гээд уурлаад байсан. Уг нь би энэ хэргийг үйлдэхэд оролцоогүй. Г.Ганбаатар нь өглөө 0600 цагийн үед ирээд үхэр алалцаад өгөөч гэсэн. Тэгээд бид Болдоо гэдэг мах бойлдог хүн дээр очиж гаргуулаад махыг нь ченжид өгсөн, 3 үхрээс ямар нэгэн юм аваагүй, би хулгайн үхэр гэдгийг ч мэдээгүй, би байцаагчид хамт хулгай хийгээгүй гэрчээр байцаалт өгч болохгүй юм уу гэхэд хамт нядалсан бол болохгүй гэж энэ хэрэгт холбогдуулсан. Хэргийг дахин шалгахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Ганбаатар нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглан иргэн Д.Баттамирын эзэмшлийн 5 тооны үхэр, иргэн П.Батбаярын 42 тооны адуу, Э.Дагвадоржтой урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, иргэн Д.Бадамжавын 3 тооны үхэр, иргэн Р.Сүхбаатарын 8 тооны үхэр хулгайлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж нийт 35.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Э.Дагвадорж нь Г.Ганбаатартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор машин механизм ашиглаж, иргэн Д.Бадамжавын 3 тооны үхэр, иргэн З.Загалын 4 тооны үхэр, иргэн Р.Сүхбаатарын эзэмшлийн 8 тооны үхэр хулгайлж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдэж нийт 11.600.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, зам шалгалт, хохирогч, гэрчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Э.Дагвадорж, Г.Ганбаатар нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтад үндэслэн тухайн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Дагвадорж, Г.Ганбаатар нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Иймд шүүгдэгч Э.Дагвадорж, Г.Ганбаатар нарын “хэргийг дахин шалгаж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 23 дугаар магадлал тус тус хэвээр үлдээж шүүгдэгч Э.Дагвадорж, Г.Ганбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                        Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН