Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 88

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Батбаянхангай ХХК-ийн захирал Л.Батжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Уянга сумын 3 дугаар баг, Шивээ овоо 10-12 тоотод оршин суух, Шарав овгийн Гончигдамбын Дэлгэрмаад холбогдох

12400000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Батбаянхангай ХХК-ийн захирал Л.Батжаргал, Г.Дэлгэрмаа, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Батбаянхангай ХХК-ийн захирал Л.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Батбаянхангай ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Г.Ганболд, Г.Дэлгэрмаа нартай гэрээ хийж ковшоо сарын 9000000 төгрөгөөр түрээслүүлсэн. Түрээсээ гэрээнд заасан хувиарын дагуу төлөхөө больсон. 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 3400000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 9000000 төгрөг нийт 12400000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй хохироож байгаа тул Г.Ганболд, Г.Дэлгэрмаа нараас 12400000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Батбаянхангай ХХК-ийн захирал Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 12400000 төгрөгөөс жолоочийн цалин 1000000 төгрөгийг хасч, 11400000 төгрөгийг хариуцагч Г.Дэлгэрмаагаас яаралтай гаргуулмаар байна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, манайх хохирч байгаа учраас мөнгөө яаралтай гаргуулмаар байна. Түрээсийн гэрээнд Г.Ганболд гарын үсэг зурсан боловч энэ асуудлыг Г.Дэлгэрмаа хариуцах ёстой учраас хариуцагч Г.Ганболдоос татгалзсан гэжээ.

Хариуцагч Г.Дэлгэрмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Г.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 12400000 төгрөгөөс 1 сая төгрөгийг буюу жолоочийн цалинг хасна. 11400000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ хурдан хугацаанд төлж чадахгүй, боломжгүй байгаа тул 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Батбаянхангай ХХК-ийн захирал Л.Батжаргал нь Г.Дэлгэрмаад холбогдуулан 12400000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхийн хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 11400000 төгрөг болгосон ба нэхэмжлэгч хариуцагч нар нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаангүй, 11400000 төгрөг төлөхийг хариуцагч хүлээн зөвшөөрсөнболовч талууд төлбөр төлөх хугацааны хувьд тохиролцоонд хүрч чадаагүй байна.

2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан Машин механизмын түрээсийн гэрээнд түрээслүүлэгч талыг төлөөлжБатбаянхангай ХХК-ийн захирал Л.Батжаргал, түрээслэгч талыг төлөөлж Г.Ганболд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Түрээсийн гэрээний 1 тал болох Г.Ганболдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаас татгалзсан тухай хүсэлтээ нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан байгаа ба хариуцагч Г.Дэлгэрмаа түрээсийн гэрээний төлбөрийг хариуцах үүрэгтэй болохоо шүүхэд илэрхийлсэн байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар хариуцагч Г.Дэлгэрмаагаас 11400000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 186270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Дэлгэрмаагаас 11400000 /арван нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Батбаянхангай ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 186270 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 213350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА