Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 89

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 8-13 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, 42 настай, Гал овгийн Самдангийн Гантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг, 25-9 тоотод оршин суух, Жужга овгийн Очирпүрэвийн Мөнхцэцэгт холбогдох

Гэм хорын хохирол 4484850 төгрөг гаргуулах-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Ж.Отгонсүрэн, нэхэмжлэгч С.Гантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, хариуцагч О.Мөнхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга П.Дониддолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Гантуяа нь О.Мөнхцэцэгийн үйлдсэн гэм хэргийн хохирогчоор тогтоогдсон. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 тоот тогтоолоор О.Мөнхцэцэгийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, хохирогч С.Гантуяа намайг иргэний журмаар гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж дурдсан. С.Гантуяа миний бие эрүүл мэндийн шалтгаанаар шүүхэд хандаж чадахгүй өдийг хүрсэн бөгөөд О.Мөнхцэцэг үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж миний хохиролыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул О.Мөхцэцэгээс гэм хорын хохирол болох 4484850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Гантуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр О.Мөнхцэцэг намайг түлхсэний улмаас богино сүүл хугарсан. Энэ байдлаас болж миний нуруу өвдөж хэвийн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсон. Би машинд удаан хугацаагаар явах, суухад нуруу өвддөг. Нурууны суулттай болсон. О.Мөнхцэцэг надад гэмтэл учруулсан байж одоо хүртэл уучлал гуйгаагүй. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гэм буруутай нь тогтоогдсон ч одоо хүртэл үйлдсэн хэрэгтээ гэмшдэггүй. Мөн миний хөл өвддөг хууч өвчтэй. Хөлний өвчний улмаас БНХАУ-д эмчлүүлж байгаад ирсэн. Би тухайн үед эрүүгийн хэргийн шүүхэд гаргаж байсан нотлох баримтын хүрээнд эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Түүнээс илүү дутуу эмчилгээний зардлыг нэхэмжлээгүй. Би эрүүл мэндээрээ хохирчихоод одоогоор нуруу нугасны өвчтэй болсон, 5 килограммаас дээш зүйл өргөж чадахаа больсон. Би ардаа 3-4 хүний амь амьжиргаа залгуулдаг. Тухайн үед энэ хүн надад гэмтэл учруулаагүй бол би эрүүл мэндээрээ хохирохгүй байх байсан. Энэ хүнийг 2 жил орчим харж үзсэн. Би өөрийн эрүүл мэндэд учирсан тухайн үеийн хохирлоо л нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч О.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Гантуяа нь намайг татаж унаган биедээ хүндэвтэр гэмтэл учруулсан гэж гомдол гаргасан. Энэ хэргийн 2016 оны 07 дугаар сард шийдвэрлэсэн. С.Гантуяа надаас 4484850 төгрөгийн эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжилж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Гантуяагийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг шүүх үнэлэж хохиролыг гаргаагүй үндэслэлгүй, тодорхойгүй зүйлүүдийг надаас нэхэмжилдэг. Би үнэн бодитоор гарсан зардлыг төлнө. Иймд С.Гантуяагийн гэм хорын хохирол гэж 4484850 төгрөг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч О.Мөнхцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би энэ хэрэгт холбогдоод 2 жил орчим болж байна. Энэ хэрэгтээ гэм буруутай гэж Өршөөлийн хуульд хамрагдсан. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан тохиолдолд тэр хэмжээгээр нь төлнө гэж хэлж байсан. Яг энэ баримтаар гаргуулна гэсэн баримт байдаггүй учраас би одоо хүртэл төлөөгүй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Гантуяа нь О.Мөнхцэцэгт холбогдуулан Гэм хорын хохирол 4484850 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч О.Мөнхцэцэг нь 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч С.Гантуяагийн биед хүндэвтэр /ахар сүүлний s4 дүгээр нугаламын хөндлөн хугарал/ гэмтэл учруулсан гэм буруутай болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч О.Мөнхцэцэг нь нэхэмжлэгч С.Гантуяад учирсан зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч С.Гантуяа нь гэм хорын хохиролд 23 төрлийн баримтаар 4484850 төгрөгийг хариуцагч О.Мөнхцэцэгээс нэхэмжилж, нотлох баримтаар хэрэгт хавсаргасан боловч хэрэгт авагдсан баримтуудад дурдагдсан үнийн дүн 4424850 төгрөг болсон, нэхэмжлэгч гэмтлийн улмаас үзлэг оношлогоо, эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн гэж тайлбарлаж байгаа ч ямар оношоор, ямар эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн нь тодорхойгүй, Хөх манал, Ивэн эмнэлгүүдэд ямар өвчний учир эмчилгээ хийлгэсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй, эмчийн жороор эм авсан гэж тайлбарладаг ч эмчийн жор хэрэгт авагдаагүй, гэмт хэргийн улмаас нүдний шил хагарч, монетон гинж тасарсан гэдэг нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч куртикаа дахин ашиглах боломжтой эсэх талаар шүүх дүгнэх боломжгүй, Өв техник ХХК-ийн 2015 оны 03, 04, 05, 06 дугаар саруудын түрээсийн төлбөр нийт 1357000 төгрөг нэхэмжилсэн ч дээрх хугацаанд түрээслэн авсан хэсгээ зориулалтын дагуу ашиглаагүй гэдгээ нотлоогүй, шатахуун авсан тухай баримтууд нь засвартай, нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэргийн хохирогчоор эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцохдоо 500000 төгрөгийн гэрээ байгуулан эрх зүйн туслалцаа авсан гэсэн баримт хэрэгт байгаа боловч нэхэмжлэгч С.Гантуяа нь сайн дураараа өмгөөлөгч авсан, өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн хохирогч нь эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар заавал өмгөөлөгчтэй байцаан шийтгэх ажиллагаанд оролцох субъект биш байх тул өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 4234850 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин Дархан детект эмнэлэгт 50000 төгрөгөөр гэдэс угаалгасан, Люкс мед эмнэлэгт 30000 төгрөгөөр нурууны зураг авахуулсан, 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт 110000 төгрөгийн үзлэг оношлогоо хийлгэсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон баримтууд, нэхэмжлэгчийн гэх Амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчийн карт зэргээр нотлогдож байгаа тул хариуцагч О.Мөнхцэцэгээс 190000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчээс эд мөрийн баримтаар гаргасан хугарсан нүдний шил, Амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчийн карт, 2 ширхэг CD-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 6350 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О.Мөнхцэцэгээс 190000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 4234850 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 6350 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан Амбултори поликлиникээр үйлчлүүлэгчийн карт, cd бичлэг 2 ширхэг, хугарсан нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА

ШҮҮГЧИД Д.МӨНХТУЯА

Ч.БАЯРЦЭНГЭЛ