| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2016/00392/И |
| Дугаар | 39 |
| Огноо | 2017-01-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дундговь аймгийн Хулд сумын 1-р багийн иргэн Хилчин овгийн Оргодолын Сарантуяагийн нэхэмжлэлтэй /ЗМ72112605/,
Дундговь аймгийн Хулд сумын 1-р багийн иргэн Ванчигдонров овгийн Монхдойн Явуухулан /ЗМ67102511/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Нэхэмжлэгч О.Сарантуяа
Хариуцагч М.Явуухулан
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал
Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч О.Сарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.Явуухулантай 1998 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулж хамт амьдарсан. 1999 онд том охин Я.Үрсмааг, 2010 онд бага охин Я.Дэлгэрмааг төрүүлсэн. Бид 1998 оноос 2013 оныг хүртэл хамт амьдарсан юм. 2013 оноос бид салсан. Хариуцагч дагавар хүүхэдтэй хүнтэй хамт амьдраад хүүхэдтэй болсон. Би хариуцагчийг 5 жил харсан. Хариуцагч нь 2 хүүхэдтэйгээ ирж уулздаггүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, М.Явуухулангаас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. 2 хүүхдээ би өөрийнхөө асрамжинд авна гэв.
Хариуцагч М.Явуухулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Сарантуяа нь намайг хөөгөөд, гэртээ оруулдаггүй. Нэхэмжлэгч жоншин дээр очиж ажилласнаас хойш ааш нь хувирсан. Би архи ууж О.Сарантуяаг дарамталдаггүй, 2 охинтойгоо уулзах гээд очихоор уулзуулдаггүй. Намайг хөөж, хэл амаар доромжилдог. Би одоо нас өндөр болж байгаа болохоор 2 охинтойгоо хамт баймаар байна. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тусдаа амьдраад 5, 6 жил болсон учраас гэрлэлт цуцлуулахад аль, аль нь татгалзах зүйл байхгүй гэдэг нь оролцогчдын тайлбараас харагдаж байна. Нэхэмжлэгч 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээж, 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй боловч хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагад хуульд заасан улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой. Гэтэл хэргийн материалтай танилцах явцад нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөгдсөн үнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн үнийг төлөөгүй байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, зарим шаардлага болох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч О.Сарантуяа нь хариуцагч М.Явуухулангаас гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Зохигч нь 1999 оны 10 сарын 25-ны өдөр гэр бүл болж, 1999 оны 10 сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 00/000062 дугаартай лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.Сарантуяа нь тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан бөгөөд эхний уулзалтаар талууд эвлэрэхгүй гэсэн байх тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг ажиллагааг дуусгавар болгожээ.
Зохигч нь Ванчигдонров овгийн Явуухулангийн Үрсмааг 1999 оны 08 сарын 13-ны өдөр, Ванчигдонров овгийн Явуухулангийн Дэлгэрмааг 2010 оны 01 сарын 15-нд төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар, тэдний эрүүл эрүүл бойжиж байгаа нь Дундговь аймгийн Хулд сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй эвлэрч, цаашид хамтран амьдрах талаар тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, хариуцагчтай эвлэрэх боломжгүй талаар тайлбарыг гаргаж байна.
Мөн гэрлэгчид тусдаа 5 жил амьдарсан, энэ хугацаанд эвлэрээгүй, хариуцагч нь өөр гэр бүлтэй болсон гэх нөхцөл байдлуудыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч нь охин Я.Үрсмааг өөрийн асрамжинд авна гэж маргаж байна. Гэвч хүүхэд төрснөөс хойш эхийн асрамжинд байсан, эцэг М.Явуухулан нь охин Я.Үрсмаатай зүй бус харьцдаг, хүүхдэд анхаарал халамж тавьдаггүй зэрэг нөхцөл байдал болон хүүхдийн саналыг харгалзан охин Я.Үрсмааг эцгийн асрамжинд үлдээх боломжгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч О.Сарантуяагийн гэрлэлт цуцлуулж, охин Я.Үрсмаа, Я.Дэлгэрмаа нарыг өөрийн асрамжинд авах, тэдэнд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Хариуцагчийн өмгөөлөгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагад хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй талаар тайлбар гаргаж байх ба нэхэмжлэлийн энэхүү шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөөлөлөгдсөн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 144905 төгрөгийг гаргуулан 70200 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, 74705 төгрөгийг төсвийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзээд
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар Ванчигдонров овгийн Монхдойн Явуухулан /ЗМ67102511/, Хилчин овгийн Оргодолын Сарантуяа /ЗМ72112605/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 1999 оны 08 сарын 13-нд төрсөн охин Явуухулангийн Үрсмаа /ЗМ99081307/, 2010 оны 01 сарын 25-нд төрсөн охин Явуухулангийн Дэлгэрмаа /ЗМ10211508/ нарыг эх О.Сарантуяагийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны 01 сарын 25-нд төрсөн охин Я.Дэлгэрмааг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тайд, 1999 оны 08 сарын 13-нд төрсөн охин Я.Үрсмааг 18 настайд нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.Явуухулангаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх учиртайг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч М.Явуухулангаас улсын тэмдэгтийн хураамжид 144905 /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуун таван/ төгрөгийг гаргуулан 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэгч О.Сарантуяад олгож, 74705 /далан дөрвөн мянга долоон зуун таван/ төгрөгийг төсвийн орлогод оруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.УРАНЧИМЭГ