| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0013/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/61 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Хохирогч Г.Цолмон, Б.Алтанцэцэг, Б.Бат-Оргил
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Д.Оюунчимэг
Шүүгдэгч Р.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх”, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б-д холбогдох эрүүгийн 1925004920405 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Р.Б
Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Р.Б-г 2019 оны 01 дүгээр сараас хойш Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин хороо 6-1-а тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Цолмонг байнга зодсон, эхнэр Г.Цолмон, хүү Б.Бат-Оргил, охин Б.Алтанцэцэг нартай харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн 2019 оны 05 сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж өөрийн төрсөн хүү Б.Бат-Оргилын хацрыг хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2019 оны 02 дугаар сард гэр бүлийн хамаарал бүхий харилцааны улмаас эрхшээлдээ байгаа охин Б.Алтанцэцэгийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, айлган сүрдүүлсний улмаас гарын шуугаа зүсэж амиа хорлоход гарцаагүй хүргэсэн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: шүүгдэгч Р.Бгийн “Би Цолмонг байнга зодоогүй. Уул уурхайд ажиллаж байсан тул тэнд л хамаг цагаа өнгөрөөж байсан. Аавын бурхан тахилыг гаргаж хаяснаас болж маргаж 2015 онд Цолмон салах өргөдлөө өгч би дунд охиноо аваад нутагтаа очиж амьдарсан. 2017 онд Цолмонтой эвлэрч буцаж ирсэн. 2018 оны 4 сард баривчилгаанд орсон. 2019 оны 1 сард архи уугаад гэртээ ирэхэд Цолмон, охин Алтанцэцэг 2 халгаа онгойлгохгүй байсан тул би унтсан. Гэтэл цагдаа ирж авч явсан. 10 хоног баривчлагдсан. Би маш их гомдож цагаан сар хийхгүй гэсэн. Алтанцэцэгийг дарамталсан асуудал болоогүй. Шинийн 8-нд ээж рүүгээ явъяа гэхэд Цолмон шашин өөр гээд явахгүй гэсэн. Би хүүгийн хамт яваад 2 сарын 20-д гаргаж ирсэн. Гэтэл Алтанцэцэгийг судасаа ханасан гэсэн. Надад хэлээгүй. Тэгээд Цолмон хөөсөн, хамаг юмыг ялгаж тавьсан байсан. Би Цолмонтой маргасан. Гэтэл хүү Бат-Оргил “чиний юм гэж байхгүй гээд ноцолдсон намайг унагаж дээр гараад 2 гарыг маань ард бариад хөдөлгөхгүй байхаар нь би хацрыг нь хазсан. Тэгээд би явсан. Орой эргэж ирэхэд хэн ч намайг тоогоогүй. Салах өргөдлөө өгсөн, зайл гэсэн. Хүүхдүүдээ миний эсрэг болгож байгаад би маш их харамсаж байна” гэх мэдүүлэг,
- өсвөр насны хохирогч Б.Алтанцэцэгийн “Манайх 2010 оноос Эрдэнэтэд амьдарч байгаа. Аав ихэвчлэн согтуу архи уусан байдаг. Би уг нь аавдаа маш их хайртай. Архи уусан байхад нь гэртээ баймааргүй байдаг. Цагаан сар болох гэж байсан. Аав машинтайгаа согтуу ирээд хашааны хаалга мөргөсөн. Би маш их айсан. Айгаад ухаан алдаж унасан байсан. Ээж бид 2 ажлын байранд байсан. Ээж бид 2 хаалгаа түгжээд ээж цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд нь аав унтсан байсан боловч би айгаад цагдааг аваад яваач гэж гуйсан. Тэрнээс хойш аав надад дургүй болсон. Чи ухаан алдаж унадаг биз дээ. Одоо уначихаач гэдэг болсон. Аавыг ухаараад архинаас гарах байх гэж боддог байсан. Гэтэл тиймгүй байсан болохоор би үхье гэж бодсон. Тэгээд гараа зүссэн. Дараа нь аавыг ярих байх гэж хүлээсэн. Төрсөн өдрөөр ярих байх гэж хүлээсэн. Одоо ч гэсэн худлаа яриад байгааг ойлгохгүй байна. Тэр өдөр би айснаасаа болоод ухаан алдсан байсан. Санаатай ухаан алдаагүй. Аав баривчилгаанаас гарч ирээд намайг үзэн ядаад дарамтлаад байсан тул би 00-н өрөөндөө гараа зүссэн. Намайг шээс минь гэж хэлсэн. Би их гомдсон гэх мэдүүлэг,
-хохирогч Б.Бат-Оргилын “Би айлын ууган хүү. Бүх юмыг харж өссөн. Аав хаа байсан газраа түрэмгий загнаж үл тоох үзэл гаргаж байдаг. Тэр болгонд нь би маш их эмзэглэж гэрээсээ явчихмаар ч үе байдаг байсан. Ээжийг орхих хэцүү тул аавыг засрах байх гээд хүлээсэн. Хамгийн сүүлд 2019 оны 5 сард ээж рүү дайраад байхаар нь ээжийг хамгаалж ”та болиоч, засраач гэхэд “намайг 60 хүртэл та нар яаж ч чадахгүй” гээд ээж рүү дайрсан. Тэгэхээр нь би ганц дайрч гарыг нь татаад дороо хийгээд суусан. Гэтэл баруун хацарнаас хазсан. Та нарыг алсан ч хэн мэдэх юм гэж хашгирч байсан. Тэр үед аав 10 гаруй хоног тасралтгүй архи уусан байсан. Ээж гуйсан, аав өөрийнхөөрөө байна гээд маргаантай байсан. Тэгээд дүү ээж бид 3 яриад аавыг ер нь явуулчихвал яасан юм гээд хувцасыг нь ялгасан байсан. Аавыг ирэхээр нь би “та амьдралаа өөрийнхөөрөө шийд зам мөрөө хөө” гэсэн чинь “чи юу гээд байгаа юм тархиа угаалгасан пизда, Цолмон зааж өгсөн үү” гээд ээж рүү таарсан болгоноо шидсэн. Тэгэхээр нь би гарыг нь татаж дороо хийсэн юм. Би аавдаа хайртай боловч бидэнд гаргадаг ааш араншинд нь уур зэвүү хүрч байна гэх мэдүүлэг,
-хохирогч Г.Цолмонгийн “Бид ханилаад 25 жил болж байна.1995 онд анх гар хүрч байсан. Зоддог болсон. Хавирга хугалж байсан. 2009 онд над руу буу барьж дайрсан. Тэгэхэд дунд охин Ариунаа намайг хамгаалж дарж унахад модон сандлаар нүдэж байсан. Хүүхдүүдээ байнга “шээснүүд, шээснүүдээ аваад зайл гэдэг байсан. 2019 оны 2 дугаар сард согтуу ирээд хашаа мөргөөд орж ирээд намайг цохисон. Гэтэл бага охин Алтанцэцэг нулимс нь асгарч байгаад хана налаад ухаан алдаад уначихсан. Хүүхдүүдээ хайрлаад байгаа юм шиг мөртөө архи уусан үедээ маш харгис. Рэнжавын шээс гэдэг. Хог шаар шиг л үздэг. 2019 оны 5 сард өдөр болгон дарамталж байсан. Би зугатаж байсан. Тэгээд 2 хүүхэдтэйгээ ярилцаад хувцас хунарыг нь ялгаад “явуулъяа” гэж шийдсэн. Гэтэл орой нь согтуу ирээд маргалдаж хүүгээ барьж авч ноцолдсон хацрыг нь хазсан. Гэтэл хэд хоногийн дараа сургуулийн нийгмийн ажилтан дуудаж” охин чинь гараа зүссэн байна” гэж хэлсэн. Тэгээд би шийдсэн. 7 сараас тусдаа байгаа. Алтанцэцэг сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж байгаа” гэх мэдүүлэг,
-гэрч Б.Ариунаагийн “Аав бүхий л цаг хугацаанд ийм л байсан. Ээжийг “зам дээр таарсан гай, 3 шээсээ аваад зайл” гэдэг. Үргэлж л бөөн хар уур байдаг гэх мэдүүлэг,
-шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “ Бат-Оргилийн хацарт сорви байсан. Шарх нь тодорхой хугацааны дараа сорви болдог тул эрүүл мэндийг сарниулсан хугацаагаар нь гэмтлийн зэрэг тогтоосон” гэх мэдүүлэг,
-Мөрдөн байцаалтад мэдүүлсэн: гэрч Г.Ганбатын... 2015 онд намайг хотод байхад Цолмонгийн нүд нь хөхөрч хавдсан байсан. Би яасан юм бэ гэж асуухад ээжийг маань амьсгал хурааж байхад Буян Цолмонг зодож нүдийг нь хөхрүүлсэн байсан. Би тухайн үед дүүг маань ээж нь нас барж байхад зодоод яахав дээ гэж бодоод өнгөрч байсан. Ингээд удалгүй Буян Цолмон хоёр хоорондоо маргалдаад Буян Өвөрхангай аймаг руу яваад Цолмон эндээ үлдэж байсан. Гэтэл 2 жилийн дараа Буян эргэж ирээд Цолмонгийн ах дүүсээс дахиж эхнэрээ зодохгүй гэж байгаад цуг амьдарсан. Тэрнээс хойш Буян гэртээ согтуу ирээд буу барьж айлгасан, хүүхдүүдээ аваад гадуур хонолоо гэж сонсогдож байсан. Цолмон ч нөхөртөө зодуулсан гээд бие нь хөхөрсөн хавдсан байдалтай 2-3 удаа таарч байсан. Ер нь Буян архи уучихаараа гэртээ агсам согтуу тавьж эхнэр хүүхдээ айлган сүрдүүлдэг зантай. Бид нарын хажууд эхнэр хүүхэддээ халамжтай юм шиг харагдчихаад бид нарыг байхгүй үед айлган сүрдүүлж дарамталдаг юм байна лээ.”гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
- гэрч Г.Цэцэгдэлгэрийн “...Мөн 2015 оны 04 сарын 11-12-нд шилжих шөнө Буянгийн хашаанд байдаг ээжийндэз очиж хоносон юм. Би 2015 оны 04 сарын 13-ны өглөө гэрлүүгээ яваад 13-ныхаа шөнө ээж өнгөрсөн гээд манай ах дүү нар бүгд очсон. Гэтэл тухайн үед Буян Цолмонг зодоод нүд нь хавдаж хөхөрсөн, нуруу, булчин хэсгүүд нь нэлэнхүйдээ хөхөрсөн байсан. Тухайн үед ээж маань өнгөрчихсөн байсан тул цагдаагаар хандаагүй...2018 оны 7-8 сарын үед би Цолмон руу утсаар залгатал би хүүхдүүдтэйгээ жалганд байна гэхээр нь яасан юм бэ гэтэл Буян согтуу буу гаргаж ирээд бид нарыг буудна гээд байхаар нь сумыг нь хашаандаа тарааж шидчихээд ирлээ гэж байсан. Энэ мэтээр Буян архи уучихаад байнга эхнэр хүүхдээ дарамталж зодож цохидог нь 2010 оноос хойш бид нарт мэдэгддэг болсон. Ингээд Цолмон сүүлдээ тэсэхээ байгаад 2017, 2018 онуудад цагдаад дуудаж баривчлуулж байсан. 2019 оны 01 дүгээр сард Буян бага охин Алтанцэцэгийг Цолмонгийн ажил дээр байхад нь согтуу орилж хашгиран айлгаж ширээ тойруулан хөөж улмаар Алтанцэцэг айсандаа ухаан алдаж унаж байсан. Мөн 2019 оны 5 сард Цолмонгоос Алтанцэцэг ааваасаа болж амиа хорлоно гэж судасаа ханаж байсан гэж сонссон. Мөн 2019 оны 05 сард би гэртээ байж байтал Буянгийн том хүү Бат-Оргилыг аав согтуу хацар хазаад гэмтээчихлээ гээд орж ирж байсан. Энэ мэтчилэн хүүхдүүдээ хүртэл дарамталж айлган сүрдүүлдэг.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
- гэрч Р.Дэжидмаагийн ...Манай дүү Буян Цолмон нар 1994 онд гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй.Буянгийн эхнэр Цолмон нь гэр бүл болсоноосоо хойш хааяа маргалддаг байсан ба сүүлдээ хэрүүл нь даамжирч бага зэрэг маргалдахаараа л гэр лүүгээ явчихдаг байсан. Одоогоос 3 жилийн өмнө Цолмон Буянтай маргалдаж 2 жил орчим тусдаа амьдарсан. Хоорондоо юунаас болж маргалддагийг нь би сайн мэдэхгүй. ..гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
-гэрч Р.Мөнхбатын “Би 2019 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Гэрээт цагдаагийн хэлтсийн автын 2 дугаар постонд жолооч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын 102 дугаараар Баянцагаан баг хуучин хороо 6-1 тоотод хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу очиход хашаанд 2 байшин байсан ба дуудлага өгсөн эхнэртэй нь утсаар ярьж байгаад уулзтал эхнэр охин хоёр нь хашаанд байдаг ажпынхаа байшинд дотроос нь түгжчихсэн байдалтай байсан. Юу болсон талаар асуухад манай нөхөр согтуу агсам тавиад зодох гээд байхаар нь охин бид хоёр энэ байранд та нарыг иртэл хүлээж байна гэсэн.Ингээд би хамт явсан цагдаатайгаа эхнэрийг нь дагуулаад гэрт нь ортол нөхөр нь одоо нэрийг нь мэдэхгүй байна орондоо орчихсон хэвтэж байсан.Би эхнэрт нь энэ хүн чинь унтаж байгаа юм биш үү гэтэл эхнэр нь та нарыг явахаар наад хүн чинь босоод дахиад агсам согтуу тавина аваад яв гэсэн.Тэгээд би цуг очсон цагдаатайгаа авч яваад эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,
-гэрч Б.Гэрэлзаяагийн “...2019 оны 1 сард манай ангийн хүүхдийн эцэг эхээс “танай ангийн хүүхдүүд гараа зүссэн байна гэхээр нь би хотоос ирээд Алтанцэцэгтэй уулзсан чинь гэрээ зүсчихсэн байсан ба яасан талаар асуухад “надад хэцүү байна,ээжид битгий хэлээрэй”гээд уйлаад байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 29 дүгээр хуудаст/,
-гэрч 2019 оны 1 сард манай сургуулийн багш Алтанцэцэгийг гараа зүсчихсэн байж магадгүй гараа боочихсон байна гэхээр нь би дуудаж уулзаад гарыг нь үзсэн чинь зүсчихсэн байхаар нь шалтгааныг нь асуутал гэр бүлийн маргаанаас болсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудаст/,
- Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 475 дугаартай “Б.Алтанцэцэгийн биед зүүн шууны дотор хэсэгт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх 2019 оны 02 дугаар сард үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 474 дугаартай шинжээчийн:Г.Цолмонгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 531 дугаартай “Б.Бат-Оргилын биед хацарт сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу тухайн үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх сорви гэмтэл нь 2-3 сарын өмнө үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх-ийн 46-47-р хуудас/,
-Сэтгэл зүйн шинжээчийн дүгнэлт №07 “...Б.Алтанцэцэгийн сэтгэл гутрал, амьдралын итгэл үнэмшлийг илрүүлэх тестийн тоон үзүүлэлт 10-сэтгэл гутралтай, 59-стресс түгшүүртэй, 49- бие хүний суурь стресс,түгшүүрийн түвшин өндөр...гэх дүгнэлт /хх-ийн 56-р хуудаст/
-Сэтгэл зүйн шинжээчийн дүгнэлт №06...Б.Бат-Оргилийн сэтгэл гутрал, амьдралын итгэл үнэмшлийг илрүүлэх тестийн тоон үзүүлэлт 14-сэтгэл гутралтай...гэх дүгнэлт /хх-ийн 51-р хуудаст/
-Сэтгэл зүйн шинжээчийн дүгнэлт №05...Г.Цолмонгийн сэтгэл гутрал, амьдралын итгэл үнэмшлийг илрүүлэх тестийн тоон үзүүлэлт 12-сэтгэл гутралтай, 57-стресс түгшүүртэй...гэх дүгнэлт /хх-ийн 62-р хуудаст/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний хуудас /хх-ийн 98-106-р хуудас/,
- Хүүхдийн эрх хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах хуудас /хх-ийн 107-113-р хуудас/,
-Шүүгдэгч Р.Бд 2018 оны 4 дүгээр сарын 26-нд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуусан хялбаршуулсан журмаар зөрчил шалгасан материалын хуулбар /хх-ийн 116-128-р хуудас/, Р.Бд 2019 оны 1 дүгээр сарын 22-нд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 129-р хуудас/, Р.Бд 2019 оны 7 дугаар сарын 03-нд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1,1.3 дахь хэсэгт зааснаар 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 610 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 130-р хуудас/,
-Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 3626 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 132-133-р хуудас/,
-хохирогч Б.Бат-Оргил,Б.Алтанцэцэг нарын иргэний үнэмлэх, төрсөний гэрчилгээний хуулбар/хх-ийн 165-166-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Хуучин хороо 6-1-а тоотод гэртээ 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр согтуугаар эхнэр хүүхэд рүүгээ “түлхүүр орхисонгүй гэж орилж хашгиран дайрч хэрцгий догшин авирласан, 2019 оны 1 дүгээр сарын 19-ний шөнө согтуугаар эхнэр Г.Цолмон руу дайрч “танайхан удмаараа өөдгүй,чамайг ална гэж цохисон ба насанд хүрээгүй охин Алтанцэцэг айснаасаа болж ухаан алдаж унаж өмдөндөө шээсэн ,2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхнэр Г.Цолмонг утас өгсөнгүй гэж хэрүүл маргаан үүсгэж “гуйлгачин минь чи утас өгөөч хашаа байшингаа зараад та нарыг гудамжинд хөөж гаргана,чи муу гудамжны янхан”гэж доромжлон харгис хэрцгий догшин авирласаны улмаас Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгүүлж байсан, 2019 оны 05 дугаар сард Г.Цолмон болон хүү Б.Бат-Оргил нартай маргалдаж улмаар Б.Бат-Оргилтой газар унаж ноцолдохдоо хацрыг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, насанд хүрээгүй охин Б.Алтанцэцэгийг “шээс чинь дусалсан гээ биз дээ,ухаан алдаж унадаг биз дээ,одоо тэгээд ухаан алдаж унаач “гэх зэргээр доромжилсон, байнга сэтгэл санааны дарамтад байлгаж айлган сүрдүүлж хүчирхийлсэний улмаас 2019 оны 02 дугаар сард Б.Алтанцэцэг гарын шуугаа сахлын хутгаар зүсэж амиа хорлох нөхцөл байдалд хүрсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи, хохирогч нарын мэдүүлэгүүд, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, Зөрчлийн хэргийн шийдвэр, баримтууд, бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч нарын мэдүүлэг,гэрч Б.Ариунаа болон бусад гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар Р.Б нь эхнэр болон хүүхдүүдийн эсрэг байнгын шинжтэй давтамжтай үйлдлээр харгис хэрцгий, догшин авирлан доромжилж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан, байнга хүчирхийлж айлган дарамталсны улмаас насанд хүрээгүй төрсөн охин Б.Алтанцэцэг гарын шуугаа зүсэж амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн, хүчирхийлэл үйлдэхдээ хүү Бат-Оргилын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хангалттай бүрэн нотлогдсон бөгөөд Р.Бгийн эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, хүний амьд явах эрхийн эсрэг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэргийн шинжтэй, санаатай, бусдад гэм хор учруулсан үйлдэл мөн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Шүүгдэгч Р.Бгийн үйлдэл нь 3-аас дээш удаа буюу байнгын давтамжтай шинжтэй үйлдэгдсэн болох нь,түүний үйлдлийн улмаас хохирогч Б.Бат-Оргилын биед хөнгөн гэмтэл учирсан,насанд хүрээгүй хохирогч Б.Алтанцэцэг амиа хорлох нөхцөл байдалд хүрсэн шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч нарын мэдүүлгүүд,гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт,Зөрчлийн хэргийн баримтууд, шүүхийн шийтгэвэрүүдээр нотлогдсон байна. Харин Р.Б нь эхнэр Г.Цолмонг байнга зодсон үйл баримт нотлогдоогүй тул Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдсон тул нийт 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг хэрэгсэхгүй болгох саналтай. Алтанцэцэгийг яаж доромжилсон, хүчирхийлсэн нь тогтоогдоогүй гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Энхтөвшин дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдснийг зөвшөөрөхгүй. Бат-Оргил, Алтанцэцэг нартай харгис хэрцгий хандсан нь тогтоогдоогүй. Мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгааг зөвшөөрөхгүй. Бат-Оргил дээр нь гарч суусан тул аргагүйн эрхэнд хазсан гэж, хохирогчийн өмгөөлөгч Ж.Шинэжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч гэм буруутай гэж тус тус мэтгэлцсэн.
Шүүгдэгч Р.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Цолмон, хүү Б.Бат-Оргил, насанд хүрээгүй охин Б.Алтанцэцэг нарт харгис хэрцгий хандаж, догшин авирлан айдас түгшүүр төрүүлж байнгын шинжтэй хүчирхийлэл үйлдсэний улмаас гэр бүлийн тогтвортой харилцаа алдагдаж гэрлэлт цуцлуулах хэмжээнд хүрсэн болох нь Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 3626 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 132-133-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн баримтуудаар нотлогдсон ба насанд хүрээгүй хохирогч Б.Алтанцэцэг,хохирогч Б.Бат-Оргил, Г.Цолмон нар сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүртэй байдалд орсон болох нь хэргийн 50-63 дугаар хуудаст авагдсан Сэтгэл зүйн шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Намайг бага байхад буюу 2011 онд аав гэрийнхээ цонхыг хагалж орж ирээд ээжийг нүүрэн дээр нь дэвсэж зодож байсан. Мөн манай эмээ өнгөрдөг өдөр 2015 онд аав ээжийг “гэртээ ирсэнгүй “гэж тоос сорогчны хошуугаар зодож байсан. 2018 оны зун ээж бид нарыг гэртээ байсан чинь аав согтуу ирээд ээжийг зодох гэхээр нь бид нар зугатаагаад хашаан дотор байж байсан чинь аав буу авч гарч ирээд буугаа сумлаад буудна гэж бид нарыг айлгаад бид нар эгчийнд очиж хонож байсан. 2019 оны цагаан сараар 2 сард согтуу ирээд машинаараа хашаа мөргөөд ээжид агсам тавиад тухайн үед би их айсан тул ухаан алдаж байсан. Баривчилгаанаас гарч ирээд намайг “чиний шээс дусалсан гээ биз дээ ухаан алдаж унадаг биз дээ, одоо тэгээд ухаан алдаач, шээс чинь дусагнаж байна уу, би чамайг жаргахыг чинь харнаа, эцгийгээ шоронд хийчихээд жаргана гэж бодоо юу шээс минь ”гэх зэргээр дарамталдаг болсон...унаснаас хойш гэртээ харихаар их айдас түгшүүртэй болсон ба ингэж байснаас үхсэн минь дээр гэж бодоод гараа пирэткээр зүссэн...Сэтгэл санаагаар хүчирхийлэлд өртөж байна. Аав байнга ээжийг минь дарамталж эрүүл ч согтуу ч ааш нь олдохгүй хашгирах нь надад үнэхээр хэцүү байдаг. Аав гэрт согтуу ирж байна гэхээр би маш их айдаг. Согтуу орж ирээд ээжийг маань зодож гэрийн эд зүйлсийг эвдэж хэмхчээд байхаар би их айж бухимддаг...гэх мэдүүлэгээр шүүгдэгч Р.Бгийн хүүхдийн эсрэг хэрхэн байнга хүчирхийлэл үйлдсэн, уг хүчирхийллийн улмаас Б.Алтанцэцэг амиа хорлох нөхцөл байдалд хэрхэн хүргэсэн гэм буруу хангалттай нотлогдож байна. Хохирогчийн энэ мэдүүлэг нь бусад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх”гэмт хэрэг нь байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч “амиа хорлох сэдэл зорилгод гарцаагүй хүрч амиа хорлоход чиглэсэн үйлдэл” хийснээр төгсдөг гэмт хэрэг бөгөөд насанд хүрээгүй хохирогч Б.Алтанцэцэг нь гэр бүлийн байнгын хүчирхийллээс сэтгэл санааны дарамтад орж айснаас ийм нөхцөл байдалд хүрсэн болох нь тогтоогджээ. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.
Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон, хэрэг шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй, нотлох баримтууд ноцтой зөрүүгүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан,догшин авирласан,Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Р.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал,Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч нар шүүгдэгчээс төлбөр гаргуулахаар нэхэмжлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүнийг байнга зодох гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч Р.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3.Шүүгдэгч Р.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар 7 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бд Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар оногдуулсан 7 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжттэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 02 сарын хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 02 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Р.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ