| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0742/Э |
| Дугаар | 0750 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 0750
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Амарзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мт холбогдох эрүүгийн 2008 00528 1004 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д үйлдвэрийн туслах ажилтай, ам бүл 5, ээж, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо Толгойтын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбитын ... дугаар гудамжны ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
А овогт Ц.М /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.М нь согтуугаар 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбитын ... дугаар гудамжны ... тоотод төрсөн ээж П.Сг “намайг загналаа” гэх шалтгаанаар цээж рүү нь 1 удаа өшиглөж эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулах 2 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас /хх14/, хохирогч П.Сгийн мэдүүлэг /хх25/, насанд хүрээгүй гэрч Ц.Лын мэдүүлэг /хх33/, шүүх шинжилгээний хүрээлэнгийн 1445 дугаартай дүгнэлт /хх37-43/, гэр бүл хүчирхийллийн нөхцөл байдлийн үнэлгээ /хх39-45/, аюулын зэргийн үнэлгээ /хх12-13/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх46-48/, Ц.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх80/, шүүгдэгчийнн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, 2019 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /хх53, 63, 57/, “...” ХХК-д ажилладаг талаарх тодорхойлолт, Хаан банкны депозит дасны дэлгэрэнгүй хуулга /хх64, 65-72/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн асап сангийн лавлага /хх73, 10-11/ зэрэг хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Ц.Мыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Цагдаагийн дэслэгч Г.Тгийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбитын ... дугаар гудамжны ... тоот байсан ба дуудлага өгсөн Стай уулзаж юу болсон талаар асуухад төрсөн хүү М нь архидан согтуурсан байдалтай гэртээ орж ирээд ээж Сг зодож хэл амаар доромжлоод гараад явсан байв” гэсэн илтгэх хуудас /хх14/
2. Хохирогч П.Сгийн “...би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбитын ... тоотод түр оршин суудаг. Хүү М, Б, Л, охин Д нарын хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй. 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 05 цагийн үед хүү М нилээн согтуу орж ирээд “ээж таксины мөнгө өгөөч, гадаа такси хүлээлгэсэн, 6.000 төгрөг гэж” нэхсэн. Тэгээд би түрийвчнээс 5.000 төгрөг гаргаад өгсөн. Орж ирээд дүү Лын гар утсыг авч гарах гэхээр нь би булааж аваад нэг цохисон. Тэгтэл М уурлаад гэрийн гал тогооны сервантын шилийг гараараа цохиод хагалчихаар би шилийг нь шүүрдээд зогсож байтал миний баруун талын хавирга руу хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх25/
3. Насанд хүрээгүй гэрч Ц.Лын “...үүрийн 4-5 цагийн үед хашааны хаалга нүдсэн. Гарч онгойлгохын хооронд ах ороод ирсэн. Ах орж ирээд надаас таксины мөнгө байна уу, гадаа такси хүлээлгэсэн, би хамаг юмаа хаячихлаа гээд дан цамцтай ороод ирэхээр нь би ээжийн түрийвчнээс таксины мөнгө аваад би өөрөө гараад таксины мөнгийг нь өгсөн. Тэгээд сууж байтал ээж сэрээд ахыг “чи ажилдаа явна гээд гараа биз дээ, хамаг юмаа яасан юм” гэж хэлээд ээж босч ирээд дэгээ төмрөөр ахын нуруу руу цохисон. Ах уурандаа гал тогооны тавиурын шилийг гараараа цохиод хагалчихсан. Ээж тэр шилийг шүүрдээд зогсож байгаад ахыг загнаад “ингэж байхаар чи үхээч” гэж хэлтэл ах гэнэт уурлаад ээжийн хавирга руу өшиглөчихсөн. Ээж босч чадахгүй байна гээд багана түшээд орлуугаа очиж суусан...” гэсэн мэдүүлэг /хх33/
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1445 дугаартай “...П.Сгийн биед баруун талд 2 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх27-28/
5. Ц.Мын яллагдагчаар өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад Баянхонгор аймаг руу ажилдаа явлаа гээд гарсан. Ажил дээрээ очоод 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр явахаар хойшлогдсон тул ажлын залуутайгаа гадуур архи ууж яваад гэрлүүгээ шөнө таксидаад харьсан. Шөнө гэртээ харихад дүү Л, Д, ээж С нар байсан. Би буцаж гарах гэтэл ээж хаачих гээд байгаа юм гээд загнаад уурлаад байсан. Би нилээн согтуу байсан өөдөөс нь хашгираад цээж рүү нь хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх80/
Гэм буруугийн дүгнэлт:
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ц.М хохирогч П.С нар нь төрсөн эх, хүүгийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл уусан үедээ 2020 оны 01 дүгээр сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Орбитын ... дугаар гудамжны ... тоотод төрсөн ээж П.Сг “намайг загналаа” гэх шалтгаанаар цээж рүү нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Мын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу хохирол, хор уршигийг зориуд хүсч үйлдсэн, энэхүү улмаас хохирогч П.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1445 дугаартай “...баруун талд 2 хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “...төрсөн эх, хүүг...”-ийг хамааруулахаар, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт тухайн хуулийн үйлчлэлд хамаарах ... этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заажээ.
Тиймээс шүүгдэгч Ц.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 6 сарын хугацаанд биелүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Мт 2700 нэгж буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР