Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 48

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Гурвансайхан сумын 1-р багийн иргэн Хоньт овгийн Сугарын Наранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016  оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Наранчимэг

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1965 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 51 нас хүрч байна. Улсад 11 жил ажилласан юм. Үүнээс 1981 оноос 1992 он хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн. Иймд 1981 оны 07 сарын 01-нээс 1992 оны 03 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч С.Наранчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч С.Наранчимэгийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12  сарын 12-ны өдрийн 265 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч П.Цэрэндашийн:“...Миний бие 1981 оноос 1987 оны хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Хүн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан юм. С.Наранчимэг нь тэр үед буюу 1981 оноос 1992 оны хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан хүн байгаа юм. Би хөдөө ажлаар явахдаа эднийхээр очдог байсан ба Гурвансайхан сумын Элгэн бригадын айл байсан. Сумын захиргаа 2000 онд шатсаны улмаас тус нэгдэлд ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримтууд үрэгдсэн юм....” гэх мэдүүлэг,

- Гэрч П.Батдэлгэрийн: “...С.Наранчимэг нь 1981 оноос 1992 оны хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Би Давших зам нэгдлийн жолоочоор ажиллаж байсан юм. Гурвансайхан сумын захиргаа шатсаны улмаас сумын хүмүүсийн баримтууд нь шатсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Оюунбатын: “...Би 1989 оны 07 сард Дорноговь аймгийн Анагаах ухааны сургуулийг төгсөөд Дундговь аймгийн Гурвансайхан сумын Элгэн бригадын бага эмчээр очиж ажиллахад С.Наранчимэг нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Би бригадын эмчээр 1 жил гаран ажиллаад сумын төвийн эмнэлэгт дүн бүртгэгч эмчээр ажиллаж эхэлсэн юм. Энэ хугацаанд С.Наранчимэг нь нэгдэлд малчинаар ажиллаж л байсан. Би С.Наранчимэгийн бригадынх нь эмчээр ажиллаж байсан учраас сайн мэднэ. С.Наранчимэг нь 1992 он хүртэл ажилласан....” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 сарын 12-ны өдрийн 265 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд 1984 оны 06 сарын 01-ний өдрөөс 1992 оны 02 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан тухай Сугир овогтой Наранчимэгт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно. Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн зөвлөлийн хурлын материалаас нэгдлийн гишүүдийн тайлан сонгуулийн хурлын ирцээс С.Наранчимэгт холбогдох баримтыг хуулбарлан гаргаж хавсаргав…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 08/591 дугаартай “Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” нэгдэл нь 1991 оны 04 сарын 28-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 1992 оны 03 сарын 23-нд Давших зам ХК, 1994 оны 05 сарын 28-нд Давших зам ББХКомпани, 199 оны 04 сарын 30-нд “Давших зам хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно...” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 25/263 дугаартай “Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам ХХК-ны контор, архивын өрөө нь 2000 оны 01 сарын 15-ны өдөр пийшин зуухны галын аюулгүй байдал зөрчигдсөний улмаас гал түймэрт өртөн шатсан нь үнэн болно...” гэх тодорхойлолт,

5.Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн зөвлөлийн тайлан сонгуулийн хурлын ирцын бүртгэлийн хуулбар /126-рт С.Наранчимэг гэх/,

6.Нэхэмжлэгчид Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлээс 1992 онд олгосон 1991, 1992 оны 1-2 сарын ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

7. Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн гишүүдийн 1981 он, 1983 оны гэрэл зураг болон дээрх бичгийн баримтуудаар С.Наранчимэгийн 1981 оны 07 сарын 01-нээс 1992 оны 03 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хоньт овгийн Сугарын Наранчимэг /ЗГ65110504/ нь 1981 оны 07 сарын 01-нээс 1992 оны 03 сарын 23-ныг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                            Д.УРАНЧИМЭГ