Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/18

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ

Хохирогч Б.Эрдэнэдаваа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Я.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Дид холбогдох эрүүгийн 1925007210451 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 12 сарын 02-ны өдөр Увс аймаг Цагаанхайрхан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат Манханы 6-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бух овгийн Ядамын Я.Д /регистрийн дугаар ОС88120214/

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Я.Дийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 22-03 тоотод иргэн Б.Эрдэнэдавааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Дийн “Гэм буруугаа хүлээж байгаа. Бид 2 муудалцсан. Чи намайг барахгүй гэсэн ярианаас болсон. Би сүх хараагүй. Би 2 цохиод унахад нь өшиглөсөн.Тэгээд хүргэн нь орж ирээд бид 2 маргаж байхад Даваа ах газарт уначихсан “хөл хугарчихлаа” гэсэн. Миний хамарнаас цус гарсан байсан. Би өөрөө цагдаа дуудсан. Эмчилгээнд нь 1,000,000 төгрөг өгсөн. 650,000 төгрөг ажил хийж байгаад төлнө гэсэн мэдүүлэг,  хохирогч Б.Эрдэнэдаваагийн “10 дугаар сарын 03-нд Я.Д залгаад уулзмаар байна, гомдож явдаг ”гэсэн. 13 цагийн орчим дүү Эрдэнэбаатарынд очсон. Я.Д ирсэн. Бид 3 шил архи уусан. Тэндээ хоноод өглөө босч шимийн архи уусан. Тэгтэл гадаа пижигнээд явчихаар нь гарахад Я.Д Эрдэнэбаатарыг цохиж унагасан. Намайг цохиж унагасан. Би сүхээр цохьчихлоо гэж бодсон. Тэгээд хөл хугараад унахад нүүр рүү өшиглөсөн. Би хамгаалалтын компанид 500,000 төгрөгний цалинтай ажил хийдэг байсан. 10 дугаар сарын 04-нөөс хойш ажилгүй байна. 3 сарын цалингаа нэхэмжилнэ. Мөн эмчилгээний 650,000 төгрөг төлөөгүй байгаа тул нэхэмжилнэ. Цаашид хамраа янзлуулмаар байна. Муруйсан. Нийт 5 сая төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 3-6-р хуудас/, гэрч Б.Даваадоржийн...“Я.Д Эрдэнэбаатарыг гараараа цохисон. Би тамхи асаагаад одоо болиоч дээ найз нөхөд юм байж гэж хэлчихээд нойл орох гээд явсан. Нойлд байж байхад Эрдэнэдаваа ах гэрээс гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд Я.Д юу болсонч яадаг юм гэж хэлээд гэнэт л юм түчингээд дуугараад явчихсан. Би тэр үед нойлоос гараад очиход Эрдэнэбаатар Я.Д миний ахын хөлийг хугалчихлаа гээд уйлаад зогсож байсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/, гэрч Ж.Алтанцэцэгийн...Ингэж байгаад манай нөхөр Я.Д хоёр муудалцаад гэрээс гарч яваад байшингийн зүүн талд зодолдоод байх шиг байсан, хэсэг хугацааны дараа манай нөхөр Эрдэнэбаатар унаад гадаа хэвтэж байх үед манай нөхрийн ах болох Эрдэнэдаваа Я.Дийг чи манай дүүг зодлоо гээд уурлахад Я.Д нь Эрдэнэдавааг үүдний амбаарт зодоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/, гэрч Д.Нармандахын... Тухайн үед нүүр хэсэг нь шалбарсан баруун хөлний шилбэ ясны хугаралтай хамар язарсан байсан тул 2-3 оёдол хийсэн. Хамар нь муруйсан байсан. Б.Эрдэнэдаваад шаардлагатай рентген зураг авч гэмтлийн тасагт шилжүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/, гэрч Б.Эрдэнэбаатарын ... маргааш өглөө нь бид нар сэрээд монгол шимийн архи хувааж уугаад байж байтал би Я.Д “би Монголд хэрэг хийнэ, та нарыг бүгдийг чинь ална, цээж рүү чинь хутга зооно, би одоо эхнэр хүүхэд байхгүй юм чинь яасанч яадаг юм” гэх зэргээр яриад байсан. Я.Д архи уугаад агсраад Эрдэнэдаваа, Даваадорж бид гурав руу дайраад намайг цохисон. Тэгээд манай ах Эрдэнэдаваа намайг өмөөрөөд тэр хоёр маргалдсан. Нэг мэдсэн Эрдэнэдаваа ах цусандаа холилдсон үүдний өрөөнд хөл нь санжигнаад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, Шинжээчийн 2019 оны 10 сарын 14-ний өдрийн 667 дугаартай: Б.Эрдэнэдаваагийн биед баруун шилбэний шаант ясны доод 1/3-ээр дал ташуу, зөрөөтэй хугарал, тахилзуур ясны дээд 1/3-ээр далд ташуу сэлтэрхийт хугарал, хамрын нуруунд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугалганд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Баруун шилбэний шаант болон тахилзуур ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана, язарсан шарх нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь 2019-10-04-ний өдөр үүссэн байж болно” гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/, шинжээч Ж.Гэрэлмаагийн... Б.Эрдэнэдаваагийн биед үүссэн баруун шилбэний шаант ясны доод 1/3-аар далд ташуу, зөрөөтэй хугарал, тахилзуур ясны дээд 1/3-аар далд ташуу сэлтэрхийт хугарал нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Б.Эрдэнэдаваагийн биед учирсан хамрын нуруунд язарсан шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р хуудас/, хохирогч Б.Эрдэнэдаваагийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлэгийн хуудас /хх-ийн 84-99-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг эдгээр нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн тул хууль ёсны, үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан байх тул хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Дээрхи хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 22-03 тоотод Я.Д,  Б.Эрдэнэдаваа нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Я.Д нь хувийн харилцааны шинжтэй маргаан үүсгэж улмаар Б.Эрдэнэдавааг цохиж унаган өшиглөж биед нь баруун шилбэний шаант ясны доод 1/3-ээр дал ташуу, зөрөөтэй хугарал, тахилзуур ясны дээд 1/3-ээр далд ташуу сэлтэрхийт хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, хамрын нуруунд язарсан шарх бүхий хөнгөн зэргийн хохирол, баруун нүдний дээд доод зовхи, баруун бугалганд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт зэрэг гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Д нь Б.Эрдэнэдаваатай маргаж цохиж унаган хөлийг нь хугалсан үйл баримт нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлгээр эргэлзээгүй тогтоогдсон ба хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 667 дугаартай дүгнэлтээр нотлогджээ.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байх бөгөөд шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Я.Дийн бусдын эрүүл мэндэд санаатай халдаж хүндэвтэр хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, бусдад хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Я.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хэргийн талаар нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна гэж дүгнэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн 22-03 тоотод иргэн Б.Эрдэнэдавааг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хохирогчийн эмчилэгээний зардал, цалинг гаргуулах нь зүйтэй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Хохирогч хөдөлмөр эрхэлдэг тухай ямар нэг гэрээ байхгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй байх тул цалин гаргах боломжгүй. Эмчилгээний зардлыг нотлогдсон хэмжээнд төлсөн. Хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөрийн баримт 3 давхардсан байна. 5 сая төгрөгний нэхэмжлэл баримтаар нотлогдоогүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж шийдвэрлэнэ үү. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэжээ.

Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн байдал, хохирлоос төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн тухайд, шүүгдэгч архидан согтуурсан үедээ бусдыг өдөж хэрүүл маргаан үүсгэж улмаар хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж гэмтэл хохирол учруулсан болох нь хохирогчийн “...хоёулаа уулзая, алив гараад ир гэсэн...” гэх мэдүүлэг/ хх-н 23-р хуудас/, гэрч Б.Эрдэнэбаатарын “...Я.Д би Монголд байхгүй хэрэг хийнэ, та нарыг бүгдийг ална, цээж рүү чинь хутга зооно, би одоо эхнэр хүүхэд байхгүй юм чинь яасан ч яадаг юм “гээд агсраад байсан...”гэх мэдүүлэг/ хх-ийн 31-р хуудас/, гэрч Б.Даваадоржийн “...Эрдэнэбаатар Я.Д 2 муудалцаад эхэлсэн. Я.Д Эрдэнэбаатарыг цохисон...Эрдэнэдаваа ах гэрээс гарч ирээд юу болоод байгаа юм бэ гэхэд Я.Д юу ч болсон яадаг юм бэ гээд гэнэт түчигнээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07р хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Хохирогчийн биед учирсан гэм хор арилаагүй, ажилдаа ороогүй, групп тогтоох шаардлагатай болсон талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн.

 Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч 1,000,000 төгрөг төлсөн ба цаашид эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин нийт 5,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж хохирогч мэдүүлж байна. Хохирогч хэргийн 63-75 дугаар хуудаст эмчилгээний зардлын баримтуудыг хавсаргуулснаас үзвэл, Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн төлбөр 507,960 төгрөгний, бусад эм хэрэгслийн зардлын 56,600 төгрөгний баримтыг тооцох үндэслэлтэй байх бөгөөд харин, ор хоногийн 507960 төгрөгний төлбөрийн 2ш давхардсан баримт, 84000 төгрөгний хоолны баримт,16000 төгрөгний хүнсний барааны баримт, нийт 1,115,920 төгрөгний баримтыг тооцох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв. Иймд хохирогчийн 564,560 төгрөгний ор хоног болон эм хэрэгслийн зардлыг шүүгдэгч төлсөн гэж үзлээ.

Хохирогч Б.Эрдэнэдаваа нь Орхон аймгийн “Эрдэнэт секьюрити спейшл” ХХК-д сарын 500,000 төгрөгний цалинтай харуулын ажил эрхэлж байсан, 2019 оны 10 дугаар сарын 04-нөөс хойш ажлаа эрхлээгүй байгаа, нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болох нь түүний мэдүүлэг болон хэргийн 80 дугаар хуудаст авагдсан тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Иймд хохирогчийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж зааснаар ажил эрхэлдэггүй, цалин хөлсгүй гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож шүүгдэгчээс нөхөн төлбөр гаргуулах нь зүйтэй. Хохирогч гэмтлийн улмаас нийт 63 хоног ажилгүй байгаа тул сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320,000 төгрөгийг цагт хувааж цагийн хөлс 1904 төгрөг 76 мөнгөөр тооцож / 63х8 цаг х1904.76 төгрөг=959,999 төгрөг/ 959,999 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Я.Д нь  хохирогчид нийт 1,524,559 төгрөгний хохирлыг баримтаар төлөх ёстойгоос 1,000,000 төгрөг төлсөн байх тул 524,559 төгрөг гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. Харин хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, цалин хөлсөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасан болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн богино ханцуйтай эрэгтэй хүний футволкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бух овгийн Ядамын Я.Дийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Дийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Я.Дид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 166,666  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.2дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Доос 524,559 төгрөг гаргуулж, хохирогч Б.Эрдэнэдаваад /Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 13-3 тоотод оршин суух РД/ФБ78041411/ олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас 4,475,441 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй  болохыг дурьдсугай.        

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн богино ханцуйтай эрэгтэй хүний футволкийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ