Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг би Дундговь аймаг дахь Хаан банкны нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1-р баг, Онгийн 13-01 тоотод оршин суух Саран овгийн Машлайн Энхбаярт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 6146542 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт зохигчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Хаан банкны төлөөлөгч Л.Зандраабодь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.Энхбаяр, Т.Болор-Эрдэнэ нар нь 2014 оны 11 сарын 05-ны өдөр тус банкны Сайхан-Овоо тооцооны төвөөс 6400000 төгрөгийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хувийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Улмаар 2015 оны 02 сарын 02-ны өдөр нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулан 500834 төгрөгийн зээл нэмж авч зээлийн гэрээний дүнг 6484000 төгрөг болгон өөрчилсөн. Зээлдэгч нар нь нэхэмжлэл гаргаж буй өдрийн байдлаар 6143542 төгрөгийг төлөөгүй 360 хоног хугацаа хэтэрч байна. Иймд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын төлбөр, нийт 6146542 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулахгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие 2014 оны 11 сарын 05-нд 6400000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авсан нь үнэн. Хаан банкны нэхэмжилсэн 6146542 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулна. Би эрхэлсэн ажилгүй, орлогогүй зэрэг байдлаас болон зээлээ төлж чадаагүй. Одоо ах, дүү нарынхаа тусламжтайгаар ноос ноолуурын үед төлж барагдуулах саналтай байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Зандраабодь шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Энхбаярын тайлбартай танилцлаа. М.Энхбаяр нь манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч, төлөхөөр тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дундговь аймаг Хаан банк  нь М.Энхбаярт  хариуцуулан 6146542 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Энхбаяр нь Дундговь аймаг Хаан банк нэхэмжилсэн 6146542 төгрөгийг бүхэлд хүлээн зөвшөөрч төлнө гэснийг нэхэмжлэгч тал  хүлээн зөвшөөрч талууд тайлбараа бичгээр гарган, гарын үсэг зурж ирүүлсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд  улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113295 төгрөгийн тал хувь болох 56647 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 56647 төгрөгийг, хариуцагчаас 56647 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар  зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Саран овгийн Машлайн Энхбаяр /ЗЛ74081518/ нь Дундговь аймаг Хаан банкны нэхэмжилсэн 6146542 /зургаан сая нэг зуун дөчин зургаан мянга таван зуун дөчин хоёр/ төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 113295 /нэг зуун арван гурван мянга хоёр зуун ерэн таван/ төгрөгний  50  хувь  болох 56647   /тавин зургаан мянга зургаан зуун дөчин долоон/  төгрөгийг  улсын  орлогод  хэвээр үлдээж,  улсын  орлогоос 56647   /тавин зургаан мянга зургаан зуун дөчин долоон/   төгрөгийг,  хариуцагч М.Энхбаяраас 56647 /тавин зургаан мянга зургаан зуун дөчин долоон/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Дундговь аймаг дахь Хаан банкинд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь энэхүү  асуудлаар   захирамжид давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол  гаргах,  тухайн  асуудлаар  анхан  шатны  шүүхэд  дахин  нэхэмжлэл  гаргах  эрхгүйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.УРАНЧИМЭГ