| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2020/0749/Э |
| Дугаар | 0758 |
| Огноо | 2020-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 0758
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүндаш,
Улсын яллагч Н.Ундрах,
Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Г.Мд холбогдох эрүүгийн 2008 00000 1014 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “...” ХХК-нд борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Москвагийн гудамж ... дугаар байр, ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Г.М /РД:.../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод “Найзыг дагуулж архи уусан” гэх шалтгааны улмаас хохирогч М.Сийг гараараа цохих болон хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд нь баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч М.Сийн мэдүүлэг /хх16/, гэрч Х.Бийн мэдүүлэг /хх17/, гэрч А.Жийн мэдүүлэг /хх20/, гэрч П.Бийн мэдүүлэг /хх22/, гэрч Б.Бгийн мэдүүлэг /хх26/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6214 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх31-32/, Г.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний зурагт лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх63, 65/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх45, 60/, “...” ХХК-д ажилладаг талаарх тодорхойлолт /хх68/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан холбогдох баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Шүүгдэгч Г.Мыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч М.Сийн “...М.С миний бие 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байрны ... тоотод өөрийн найз болох Бийнд зодуулсан гэж гомдол гаргасан. Тухайн үед би нэлээд согтуу байсан ба Бийн найзууд орж ирсэн боловч намайг зөвхөн М зодсон байсан ба бусад найзууд нь намайг цохиж зодсон асуудал байхгүй. Би хохирлын 600.000 төгрөг бэлнээр хулээн авсан тул цаашид надад нэхэмжлэх эд зүйл байхгүй тул гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг /хх16/,
2. Гэрч Х.Бийн “...М коридорт түс тас хийгээд Сийг зодоод байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх17/,
3. Гэрч А.Жийн “...М Сийн шанаан тус газар 2-3 удаа цохисон. М Сийг уруу татаж архи уулгалаа найзыгаа уруу татлаа, хаанахын хэн бэ? гээд цохисон. М Сийн хөл рүү өшиглөөд дээрээс дараад зогсож байсан. М гэх залуу зодоод байсан эхэлж шанаадаад дараа өшиглөөд нуруун дээр нь алгадаад байсан. С өөрөө болохоор Мд цохиулж байхдаа коридорт мултарсан гээд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх20/
4. Гэрч П.Бийн “...М зүүн шанаа руу нь 2-3 удаа цохисон. Коридорт хөл рүү нь өшиглөсөн, доошоо тонгойхоор нь алив бос гээд том өрөө рүү оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх22/
5. Гэрч Б.Бгийн “...Нөгөө үл таних залууг М коридор руу дагуулж гараад “Чи хэн бэ юу хийгээд архи уугаад найз уруу татаад байгаа юм” гээд зүүн шанаа нь тус газар нь 2-оос 3 удаа цохисон. М нөгөө залууг Зүүн шанаанд 2-3 удаа цохиод зүүн гуя руу өшиглөөд доошоо тонгойгоод босоод нуруун дээр нь алгаар тоншиж байхыг би харсан...” гэсэн мэдүүлэг /хх26/
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6214 дугаартай “...М.Сийн биед баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн уйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх31-32/
7. Г.Мын яллагдагчаар өгсөн “...Сийг чихнээс нь мушгихад өөдөөс эсэргүүцээд байхаар нь баруун гараараа зүүн талын шанаа хэсэг рүү 3 удаа цохиод зүүн талын гуя руу өшиглөсөн. Би Сийн зүүн талын шанаа руу гараараа 3 удаа цохисон мөн зүүн талын гуя руу дахиад нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх44/.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод “Найзыг дагуулж архи уусан” гэх шалтгааны улмаас хохирогч М.Сийг гараараа цохих болон хөлөөрөө өшиглөж, биед нь гэмтэл учруулжээ.
Энэ нь хохирогчийн “...намайг зөвхөн М зодсон байсан ба бусад найзууд нь намайг цохиж зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, тухайн үед байсан үйл явдлыг шууд харсан, харилцан зөрүүгүй байдлаар мэдүүлсэн гэрч Х.Б, А.Ж, П.Б, Б.Б нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, хохирогчийн биед гэмтэл учирсанг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Мын энэхүү үйлдлийн умлаас хохирогч М.Сийн биед “биед баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл тогтоогдлоо, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсан болох нь Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6214 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.М нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгчийн хувьд энэхүү гэм буруутай үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан ялыг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлжээ.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлагын талаар урьд тохиролцсоны дагуу саналаа гаргасан байх бөгөөд шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР