Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
Хэргийн индекс | 130/2016/00541/И |
Дугаар | 212/МА2017/00014 |
Огноо | 2017-02-07 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 212/МА2017/00014
2017 оны 02 сарын 07 өдөр Дугаар 212/МА2017/00014 Өлгий сум
Ш.Мын нэхэмжлэлтэй иргэний хэргийн
тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн У сумын * дугаар багт оршин суух Б овогт Ш Мын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хй, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Х.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дүгээр захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус аймгийн У сумын Хөх хөтлийн дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох тухай.
Нэхэмжлэлийн агуулга: Ш.М миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Ажилд түр томилох тухай 218 тоот захирамжаар У сумын Х багийн дунд сургуулийн захирлаар түр томилогдож улмаар аймгийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Ш.Мыг томилох тухай Б/356 тоот захирамжаар жинхлэн томилогдсон. Албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гарган сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй тогтвортой сайн ажиллаж ирсэн. Гэтэл шинээр томилогдсон аймгийн Засаг дарга /А.Г/ 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дугаартай захирамжаар намайг үндэслэлгүй ажлаас халж, хөдөлмөрлөх эрхийг маань ноцтой зөрчсөн тул аймгийн Засаг даргын Б/444 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж хүчингүй болгуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг тус тус үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 тоот захирамжийг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Аймгийн Засаг даргын Б/444 тоот захирамжийн нэгдүгээр заалтад Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016 оны 09-09-000/175 дугаар тоотоор аймгийн Засаг даргад ирүүлсэн дүгнэлт, мөн 2016 оны мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 09-06-031/27 акт, 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Улсын байцаагчийн ажлыг баталгаажуулсан 1737 дугаар захирамжийн 2 дахь заалтад заасан гомдол гаргах эрхгүй болохыг дурдсаныг тэмдэглэж, мөн аймгийн Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.8 дахь заалтыг зөрчсөн тул У сумын Хөх хөтлийн дунд сургуулийн захирал Ш.Мыг 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэж утга, агуулга, найруулга зүйн алдаатай ойлгомжгүй зүйл дурджээ. Б/444 тоот захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэсэн боловч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэж заасан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл, мөн хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, 131 дүгээр зүйлд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах талаар тус тус заасан байх тул ажил олгогч ажилтныг ажлаас халах шийдвэрт Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, заалтуудын холбогдох хэсгийг заавал баримтлах бөгөөд шийдвэрийн утга, агуулга баримталсан хуулийн заалттай нийцсэн байх шаардлагатай.
2. У сумын Хөх хөтлийн дунд сургуулийн багш Ш.Тд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний /3,007,400 төгрөг/ мөнгөн тэтгэмж олгосон гэх зөрчлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч хяналт шалгалтаар илрүүлж уг мөнгөн тэтгэмжийг багш Ш.Таас нөхөн төлүүлж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн ба багш Ш.Тд мөнгөн тэтгэмж олгох тухай 3 дугаартай захирлын тушаал 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гарсан билээ. /2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 04-06-031/27 дугаартай акт/ Энэ талаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1737 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх нь хэсэгт тодорхой заасан байгаа. Гэвч сахилгын зөрчил гарснаас хойш 7 сар, зөрчлийг илрүүлснээс хойш 5 сар өнгөрсний дараа ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 тоот захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т нийцээгүй буюу хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Харин Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1737 дугаар шүүгчийн захирамжийн хувьд төлбөр тогтоосон улсын байцаагчийн актыг баталгаажуулж багш Ш.Таас 6 сарын тэтгэмжийн мөнгө болох 3,007,400 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулах талаар гарсан болохоос биш захиралд сахилгын арга хэмжээ тооцох тухай заагаагүй болно. Анхан шатны шүүхийн шүүгчийн 1737 дугаар захирамжийн үндэслэх нь хэсэгт Ш.Т нь тэтгэмжийн мөнгө 3004700 төгрөгийг авсан зөрчил гаргасан болох нь ... зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж тодорхой дурдаж уг захирамж зөрчил гаргагч гэх Ш.Ты үйлдэлд холбогдуулан гаргасан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа Мэргэжлийн хяналтын газрын акт гарсан өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоологдох юм. Мөн аймгийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 тоот захирамжид хөдөлмөрийн гэрээг баримтлаагүй, дээрх тэтгэмжийн мөнгөтэй холбоотой асуудлын талаар хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил хэсэгт тусгайлан заагаагүй байх тул тухайн зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдохгүй гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дугаартай захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй тул уг захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож Ш.М намайг урьд эрхэлж байсан Хөх хөтлийн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгөхийг хүсье. гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг Дарга А.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: У сумын Х багийн дунд сургуулийн захирлаар Ш.М нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байсан. Ш.Мыг У сумын Х багийн дунд сургуулийн захирлын үүрэгт ажлаас халах болсон нь дараах шалтгаантай. Аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Х.З, Боловсролын хяналтын улсын байцаагч А.Б, Санхүүгийн хяналтын улсын байцаагч Ж нар нь 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Х багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал Ш.Мыг байлцуулан хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэжээ. Уг шалгалтаар хууль зөрчиж тэтгэмжийн мөнгө олгосон нь тогтоогдож улмаар 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Улсын байцаагчийн актаар сургуулийн захирал Ш.Мд 30044700 төгрөг сургуулийн дотуур байрны багш Ш.Таас суутган тооцож сургуулийг хохиролгүй болгохыг хариуцуулсан байна. Уг улсын байцаагчийн актыг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1737 дугаар Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар баталгаажуулсан шийдвэр гарсан байна. Сургуулийн захирал Ш.Мын тус хууль бус үйлдэл нь аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.8-д заасан Төсвийн тухай хуулийг чанд сахиж мөрдөж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд сургуулийн захирал Ш.Мыг ажлаас халах шийдвэр гаргасан болно. гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Мыг Баян-Өлгий аймгийн У сумын Х багийн ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн У сумын Х дунд сургуулийн захирал ажилтай Салтанатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б миний бие нэхэмжлэгч Ш.Мын нэхэмжлэлтэй У сумын Х дунд сургуулийн захирлын албан тушаалд эргүүлэн тогтоолгохыг хүссэн аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ш.М нь 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 10-ны хооронд У сумын Х бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан хугацаанд дараах төрлийн хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болох нь эрх бүхий байгууллагуудын шалгалтаар нотлогдон тогтоогдож, эрх бүхий албан тушаалтны акт, дүгнэлт гарсан байгаа. Тухайлбал:
1. 3ахирал Ш.М нь 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 80 тоот тушаал гаргаж өөрийн төрсөн охин Игиликийг сургуулийн Нийгмийн ажилтнаар томилон ажиллуулж, түүнд бичиг хэргийн ажилтнаар хавсран ажиллахаар тушаалд дурдаж, хавсран ажилласны урамшуулал болгон цалинг 20% нэмэгдүүлж, улмаар 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тушаалаар захирлын зөвлөлийн гишүүнээр томилсон нь Аймгийн МХГ-ын улсын байцаагч нарын 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09-09-000/175 тоот дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд захирал асан Ш.Мын дээрх үйлдэл нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1-д заасан хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн Захиргааны акт гаргахыг хориглосон заалтыг удаа дараа зөрчсөн Сахилгын ноцтой зөрчил болно. Энэхүү зөрчил нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29-р зүйлийн 29.2.4-д зааснаар Нийтийн албанаас халах шийтгэл ногдуулах хуулийн заалттай юм. Энэхүү харилцааг нарийвчлан зохицуулсан дээрх хуулийн заалтаар Сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах тухай хөөн хэлэлцэх хугацааг тусгаж, зааж өгөөгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.2-д заасан Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн зохицуулалт хамаарахгүй болно.
Энэ талаар анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт МХГ-ын улсын байцаагчийн дүгнэлтээр Зөрчлийг илрүүлснээс хойш 2 жил 4 сар өнгөрсөн нь сахилгын шийтгэл ногдуулах хугацаа хэтэрсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Учир нь захирал асан Ш.Мын гаргасан зөрчил нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11-р зүйлд заасан зөрчил учир уг хуулийн 29-р зүйлийн 29.2.4-д зааснаар хариуцлага хүлээх хуулийн заалттай учир шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д заасан хөөн хэлэлцэх хугацааг баримталсан нь хуулийг буруу хэрэглэснийг илтгэж байна.
3. Ш.М нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 дахь хэсэгт заасныг зөрчиж, төрөөс тэтгэмж авсан байх бөгөөд МХГ-ын 2013 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 09-09-000\175 тоот дүгнэлтээр батлагдаж байгаа ба энэ зөрчлийг одоо хүртэл арилгаагүй, зөрчил үргэлжилж байгааг шүүх анхаараагүй байна.
4. Захирал Ш.М нь 2016 оны 3-р сарын 17-ны өдрийн МХГ-ын улсын байцаагчийн тоот актад дурдсанаар Т гэгчид Боловсролын тухай хуулийн 43-р зүйлийн 43.1.7-ийн а заалтыг зөрчиж, 3004700 төгрөгийн тэтгэмжийг тушаал гарган олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл байх тул Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар Төрийн албанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулах тухай хуулийн заалттай болохыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэр гаргахдаа нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт өгөөгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болжээ.
5. Тд хууль бус аргаар захирал Ш.М нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 03 тоот тушаал гаргаж тэтгэмж олгосон нь МХГ-ын улсын байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04-06-031/27 тоот актаар тогтоогдсоныг сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-нд шүүгчийн 1737 тоот захирамжаар баталгаажуулсан учир зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тухайн өдрөөр тоологдох юм. Мөн Тд тухайн тэтгэмжийг хууль зөрчиж олгосон нь захирал Ш.Мын 2016 оны 01 дүгээр 12-ны өдрийн 03 тоот тушаалаар батлагдаж байх тул зөрчлийг захирал Ш.М гаргасан нь батлагдаж байна. Тд хууль бус аргаар, Боловсролын тухай хууль болон Төсвийн тухай хууль зөрчиж Мөнгө завших боломж олгосон захирал Ш.М нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэсгүй юм. Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 тоот шийдвэрийг дахин хянан үзэж хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2-т заасны дагуу гуравдагч этгээд М.Бы давж заалдах журмаар гаргасан гомдолд холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Аймгийн Засаг дарга 2016 оны Ажлаас халах тухай Б/444 дүгээр захирамжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтуудыг үндэслэсэн байх тул шүүх уг хөдөлмөрийн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг баримталсныг буруутгах үндэслэлгүй байна. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэлийг ажилтанд ногдуулахдаа ажилтны гэм буруу, сахилгын зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон шийтгэлийн хэлбэрийг сонгох нь хуульд нийцэх бөгөөд тухайн ажилтанд сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахыг хориглосон байдаг. Гэтэл ажил олгогч ажилтан Ш.Мд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахдаа хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн болохыг анхан шатны шүүхээс тогтоосон болно.
Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх тул уг шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 дүгээр захирамжаар тус аймгийн У сумын Х багийн бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан Ш.Мд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т зааснаар, тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 09-09-000/175 дугаар Захирлын үйл ажиллагааны тухай дүгнэлт, 2016 оны 04-06-031/27 дугаар Хууль зөрчиж олгосон тэтгэмжийн мөнгийг төлүүлэх тухай дүгнэлт, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1737 дугаар Улсын байцаагчийн актыг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж зэргийг үндэслэн ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан судлахад, ажил олгогчийн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлтэй нийцээгүй, ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан нь нотлогдоогүй, энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд зааснаар үнэлж дүгнэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай шаардлага гаргасан ба ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 115 дугаар зүйлийн 115.2.1.-т зааснаар нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлаас халах тухай Б/444 дугаар захирамжийг хүчингүй болгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т заасан шүүхэд гомдол гаргах үндсэн эрх нь тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т ...шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй., мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д Нэхэмжлэлийн шаардлагын талаархи тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. зэрэг зохицуулалтаар баталгаажсан бөгөөд нэхэмжлэгч гомдлын шаардлагаа өөрөө тодорхойлох, шүүхээс уг гомдлын хүрээнд шийдвэр гаргах, гомдлын шаардлага бүрт дүгнэлт хийж шийдвэрлэх нь иргэдийн шүүхэд мэдүүлэх үндсэн эрхийн агуулгыг тодорхойлох юм.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 737 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан гэсний дараа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Б/444 дүгээр захирамжийг хүчингүй болгож, гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
С.ӨМИРБЕК