Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 98

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Д.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                          

прокурор Э.Одончимэг,

яллагдагч Д.А-ийн өмгөөлөгч Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1279 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Одончимэгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 3 дугаар прокурорын эсэргүүцлээр Д.А-д холбогдох 1705000000157 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.А, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хх дүүргийн хх дугаар хороо, хх дүгээр байрны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Д.А- нь 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд согтуугаар Баянгол дүүргийн хх дугаар хороо, хх дүгээр байрны хх тоотод зэвсэг хэрэглэн найз Б.Б-н цээжин тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн зүрхний үнхэлцэг хальс, зүрхний орой хэсгийг гэмтээсэн шарх, зүрхний үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт, зүрх чихэгдэлт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хавтаст хэрэгт шинжээч томилсон мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг шинжээчид танилцуулж шинжилгээг үнэн зөв гаргах тухай хууль сануулж гарын үсэг зуруулаагүй байна. Гэтэл өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шинжээчид байсан тогтоолын хувь дээр шинжээч гарын үсэг зурсан байна гэж тайлбарлан мөрдөгчийн тогтоолын хувийг гаргаж өгсөн болно. Мөрдөн байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилсон тогтоол нь 2 өөр бичиглэлтэй байгаа нь ойлгомжгүй бөгөөд шинжээч хуульд заасны дагуу үнэн зөв дүгнэлт гаргасан эсэх нь эргэлзээтэй байна.

Д.А-д анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байцаасан бөгөөд мөрдөгч тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх саналыг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргажээ. Уг саналын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 163 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолоор яллагдагч Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шинээр ял өөрчлөн сонсгосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1-т “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заажээ. Гэтэл дээрх ажиллагааг мөрдөгчөөр гүйцэтгүүлээгүй, ажиллагааг дутуу хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.11, 22.1 дүгээр зүйл, 25.1 дүгээр зүйл, 28.3 дугаар зүйл, 31.3 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн, мөрдөгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Иймд Д.А-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Одончимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасныг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянав. Тус прокурорын газраас Д.А-д холбогдох хэрэгт Прокурорын яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүгчийн захирамжид “Хавтаст хэрэгт шинжээч томилсон мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолыг шинжээчид танилцуулж шинжилгээг үнэн зөв гаргах тухай хууль сануулж гарын үсэг зуруулаагүй байна. Гэтэл өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шинжээчид байсан тогтоолын хувь дээр шинжээч гарын үсэг зурсан байна гэж тайлбарлан мөрдөгчийн тогтоолын хувийг гаргаж өгсөн болно. Мөрдөн байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шинжээч томилсон тогтоол нь 2 өөр бичиглэлтэй байгаа нь ойлгомжгүй бөгөөд шинжээч хуульд заасны дагуу үнэн зөв дүгнэлт гаргасан эсэх нь эргэлзээтэй байна. ...Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед ...яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана   гэж  заажээ. Гэтэл дээрх ажиллагааг мөрдөгчөөр гүйцэтгүүлээгүй, ажиллагаа дутуу хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.11, 22.1 дүгээр зүйл, 25.1 дүгээр зүйл, 28.3 дугаар зүйл, 31.3 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн, мөрдөгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээр байна. Иймд Д.А-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.” гэснийг доорх үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгана” гэж заажээ. Дээрх хэрэгт, мөрдөгчөөс хэргийг шүүхэд шилжүүлэх тухай санал гаргаж прокурорт шилжүүлсэн ба прокуророос, яллагдагч Д.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэх үедээ түүнд урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шинээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллагдагчаар татан, тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Сүхбаатарт даалгасны дагуу мөрдөгчөөс тогтоолыг Д.А-д танилцуулсны дараа яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ажиллагаа нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгч энэхүү нөхцөл байдлыг, мөрдөгчөөр дээрх ажиллагааг гүйцэтгүүлээгүй, мөрдөгчийн эрхийг хязгаарласан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2.11, 22.1 дүгээр зүйл, 25.1 дүгээр зүйл, 28.3 дугаар зүйл, 31.3 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шинжээч томилсон мөрдөгчийн тогтоол 2 хувь үйлдэгддэг ба хавтаст хэрэгт хохирогч Б.Б-д хадгалагдаж байсан тогтоолыг мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Сүхбаатар авч хэрэгт хавсаргасан байна. Прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох үедээ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үлдсэн шинжээч томилсон тогтоолын хувийг шинжлэн судлуулах нотлох баримтад оруулах талаар хүсэлтээ илэрхийлэн гаргаж өгсөн болно. Уг тогтоол нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хадгалагдаж байсан эх тогтоолын хуулбар хувь ба тогтоол дээр шинжээч гарын үсэг зурж, мөн гараар зарим тэмдэглэлээг /мөрдөгчийн гар утасны дугаар, шинжээчийн дүгнэлтийн дугаар зэргийг гараар тэмдэглэсэн/ үйлдсэн байсныг шүүхээс “тогтоол 2 өөр бичиглэлтэй” гэж дүгнэсэн байна. Хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд буй тогтоол, прокурорын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тогтоол утга агуулга, бичиглэлийн хувьд зөрүүгүй ба зөвхөн шинжээчийн гараар бичсэн тэмдэглэлээг бичиглэлийн хувьд зөрүүтэй гэж дүгнэх нь үндэслэлгүй юм.

Шинжээч Ц.Бадрал нь 13190 дугаартай дүгнэлтийг гаргахдаа, “Шинжээч Ц.Бадрал надад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу шинжилгээ хийлгэхийг даалгаж, тус хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсан ...гарын үсэг ...Ц.Бадрал” гэж гарын үсэг зурсан байх ба “2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Сүхбаатарын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ШЭШГ-н шинжээч эмч Ц.Бадрал би ...Б.Б-ын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор шүүх эмнэлгийн үзлэг хийв” гэж тодорхой бичсэн байх ба үүнийг шинжээч нь шинжээч томилох тогтоолтой бүрэн танилцан, зориуд худал дүгнэлт гаргавал Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулсныг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр дүгнэлт гаргасан гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй юм.

Урьдчилсан хэлэлцүүлгийн явцад, өмгөөлөгч Б.Дашдорж “Шинжээч томилох тогтоолд шинжээчийн гарын үсэг зурагдаагүй” гэх гомдлыг шүүхэд хандаж гаргасан ба, прокуророос холбогдох тайлбарыг хийн тогтоолын хуулбар хувийг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “Шүүгч холбогдох хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, бусад мэдээлэл, тэдгээрийн хуулбарыг зохих байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардан гаргуулах эрхтэй бөгөөд тухайн этгээд нь шүүгчийн шаардсан баримт бичиг, мэдээллийг үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.” гэж заасан. Иймд шүүхээс, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилсон тогтоолыг эх хувиар нь авч танилцах эрхтэй ба, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан  гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу шинжээч эмч Ц.Бадралыг шүүх хуралдаанд дуудан ирүүлж шинжээч томилсон тогтоолтой танилцсан эсэх, мөн гаргасан дүгнэлтийнх нь талаар мэдүүлэг авч хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

Түүнчлэн, дээрх хэрэгт, шүүх хуралдааны явцад хэлэлцэгдэж, шүүгчээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл, шүүгчийн захирамжид дурдсан хэргийг прокурорт буцаасан үндэслэл хоорондоо эрс зөрүүтэй, зайлшгүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгтэй биечлэн танилцах шаардлагатай байсан учраас хяналтын прокурорын зүгээс удаа дараа шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн очсон, мөн тус прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуулийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн бичлэг, тэмдэглэлтэй танилцах, засвар оруулах шаардлагатай тохиолдолд санал гаргах эрхээ эдлэх нөхцөл боломжоор хангаж өгөх талаар албан тоотыг хүргүүлсэн боловч 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар шүүх хуралдааны тэмдэглэл бичигдэж гараагүй байсан болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1279 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч Д.А-ийн өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна гэж үзэж хүсэлт гаргасан. Тухайлбал хавтаст хэрэгт авагдсан гэрчээр Д.А-ийн эхнэр болон охин Чинзаяа нараас мэдүүлэг авдаг. Мэдүүлэг авахдаа Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулахгүй авсан баримтууд хэрэгт авагдсан байна. Уг мэдүүлгүүдийг зөвтгөх шаардлагатай гэж үзсэн. Хавтаст хэргийн 60 талд авагдсан шинжээчийн дүгнэлт нь хууль сануулсан баримт байхгүй байгаа. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “шинжилгээний байгууллагаар эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх үүргийг тайлбарлан өгч дүгнэлт гаргуулах, татгалзах буюу зайлсхийх, тавьсан асуултын заримыг санаатайгаар хариулахгүй орхих, тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлэх, эсхүл санаатай худал мэдүүлэг дүгнэлт гаргуулах талаар түүнд сануулж гарын үсэг зуруулна” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Яллагдагчид 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ял өөрчлөн сонсгож, тухайн өдрөө яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Д.А-ийн хууль ёсны эрхийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэж танилцах эрхтэй, сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй, баримт гаргаж өгөх нотлох баримтыг шалгуулах хүсэлт зэргийг гаргах эрхтэй гэсэн. Энэ эрх нь зөрчигдсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13190 дугаар “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /хх-ийн 60 тал/-оор 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13190 дугаартай Шинжээчийн дүгнэлт гарсан болох нь Шинжээчийн дүгнэлтийн удиртгал хэсгийн “...2017-10-19-нд Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч ...-н 2017-10-18-ны шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолоор ...хийв.” /хх-ийн 62 тал/ бичилтээр  тогтоогдож байх ба шинжээч нь хэдийгээр мөрдөгчийн тогтоолын 6 дахь хэсэгт бичигдсэн шинжээчийн эрх, үүрэгтэй ТАНИЛЦСАН, ШИНЖЭЭЧ гэсэн хэсэг дээр гарын үсэг зураагүй байгаа ч өөрийн гаргасан Шинжээчийн дүгнэлтээ гаргахаас өмнө хуульд заасан эрх, үүрэгтэй танилцсан болохоо баталж гарын үсэг зурсан байна. Түүнчлэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт прокуророос шинжээч эрх үүрэгтэй танилцсан хэсэгт гарын үсэг зурсанг нь нотолж нотлох баримтаар 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай Мөрдөгчийн тогтоолыг гарган өгсөн /хх-ийн 144 тал/ байна.

 

Мөн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 163 дугаар “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоолыг яллагдагчид танилцуулсан болох нь яллагдагч Д.А-ийн уг тогтоолд  гарын үсэг зурснаар нотлогдож байна. 

 

Иймд Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлүүдээр прокурорт буцаах шаардлагагүй, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн шаардлагатай гэрч, хохирогч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж зааснаар шүүх хуралдааныг явуулж, хууль зүйн дүгнэлт хийн эцэслэн хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1279 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 3 дугаар прокурорын эсэргүүцлийг ханган Д.А-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ