Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа

Улсын яллагч Л.Энхтайван

Хохирогч Б.Энхсайхан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

Шүүгдэгч П.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ат холбогдох эрүүгийн 1925007290484 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.А

Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч П.Аыг 2019 оны 10 дугаар сарын 08- ны орой 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-10-80 тоотод өөрийн хүү 2 настай А.Тэмүгээд Ибупрофен нэртэй эмийг уулгасны улмаас амьсгалын замын бөглөрөл үүсгэн амьсгал бүтэлтэнд оруулж амь насыг нь болгоомжгүйгээр хохироосон /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт, шүүгдэгч П.Аын мэдүүлсэн “2019 оны 10 дугаар сарын 07-ны шөнө хүү Тэмүгэ хоолой нь өвдөж халуурч хоносон. Маргааш нь 13 цагийн үед хүүгээ эмчид үзүүлсэн. Эм бичиж өгсөн. Ибупрофен өгч байгаа гэхэд үргэлжлүүлээд 2 өдөр өг гэсэн. Тэгээд орой 23 цагийн үед унтахын өмнө хүүгийнхээ эмийг өгөх гээд аманд нь эмээ хийчихээд ус аваад эргэтэл хүү хахсан. Би сандарч нуруу руу нь цохиж ам руу нь гараа хийсэн. Маш их сандарсан. 103 дуудсан. Зүрхэнд нь массаж хийсэн. Хиймэл амьсгаа хийсэн. Тэгээд 103 ирээд аваад гарсан...Би өөрийгөө маш их буруутгаж байна гэх мэдүүлэг, -хохирогч Б.Энхсайханы мэдүүлсэн “Би хийсвэрээр 3 хүүхэд төрүүлсэн. Ганц хүүтэй байсан. Хүү маань цэцэрлэгт явж байсан. Ханиад хүргэсэн миний буруу. Тэр орой унтахын өмнө ибупрофен гэдэг эм өгсөн. Уулга гэж эмч зөвлөсөн байсан. Би бага хүүхдээ хөхүүлж байсан. Гэтэл нөхөр хахчихлаа гээд хашгирсан. Маш их сандарсан. Хиймэл амьсгаа хийсэн. Ам руу нь гараа хийсэн. Буйдан руу шидсэн. Урд нь хүү маань таблетк эмийг өөрөө зажлаад уучихдаг байсан юм. Би ч нөхөртөө эмээ нухаж өг гэж сануулаагүй. Би ямар ч гомдолгүй. Хэрэг үүсгэсэн нь бидэнд маш хүндээр тусч байна. Нөхөр маань өөрийгөө тэртэй тэргүй яллаж яваа. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэх мэдүүлэг, -Мөрдөн байцаалтад мэдүүлсэн хохирогч Б.Энхсайханы “...манай нөхөр дунд хүүгийнхээ хоолойг үзүүлэх гээд өрхийн эмнэлэг рүү аваад явсан...Тэгээд эмийн сан орж эмчийн бичиж өгсөн эмийг авсан...Тэгээд би нөхөртөө хандаж хүүгийнхээ эмийг өгөөрэй гэж хэлсэн...Өрхийн эмч хүүг маань үзээд хоолой нь улайсан байна гээд хоолойны сироп антивитакен эм бичиж өгсөн.Мөн ибупрофен гэдэг эмээ 2 удаа уулгаарай гэж хэлсэн...Ибупрофен гэдэг эм нь манайд угаасаа байсан.Энэ эмийг өмнө нь манай ээж найзаа авсан юм билээ.Найзынх нь хүүхэд америкаас явуулсан юм билээ.Манай нөхөр хүүдээ эм өгөхдөө миний хүү уучих гэж хэлээд бүхлээр нь өгсөн гэсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 13-14-р хуудаст/ -гэрч Д.Пүрэвжавын...”Би талийгаачийн өвөө нь байгаа юм. 2019 оны 10 сарын 08- ны орой 23 цаг 30 минутын үед гэртээ байж байтал миний хүү Анхбаяр ээжийнхээ гар утас руу залгасан, тэгээд эхнэр бид хоёр таксидаад эмнэлэгийн хүүхдийн тасаг дээр очсон юм. Бид хоёрыг очиход нэг эмч сувилагч ач хүүгийн цээжин дээр массаж хийж байсан. Хамар руу нь гуурс хийсэн байсан. Сүүлд нэг эрэгтэй эмч ирээд массаж хийж байсанаа болохгүй байна гэж хоорондоо яриад байсан юм. Тэгээд би хүүгийнхээ хөл гарыг бариад үзэхэд бүлээн байсан. Тухайн үед ухаан алдсан гэж бодоод байсан юм. Сүүл хэсэгт нь нас барсан гэдгийг мэдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, -гэрч Б.Жаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ....”Тэгээд би хүүгийнхээ хөл гарыг бариад үзсэн чинь бүлээн байсан. Тухайн үед ухаан алдсан байна гэж бодоод байсан юм. Сүүл хэсэгт нь нас барсан гэдгийг мэдсэн. Талийгаач нь миний хүү Анхбаярын дунд хүү нь байгаа юм. Талийгаач эрүүл саруул хүүхэд байсан. Сүүлийн 7 хоног ханиад хүрсэн байсан. Нөхөр бид хоёр урьд шөнө нь хүүгийнхээ гэрт нь хоносон. Тэгээд нөхөр бид хоёр хүүгээ дундаа авч унтсан юм. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад халуураад, хоолой нь хүржигнээд дугараад байхаар нь ибупрофен гэдэг эмнээс нэг ширхэгийг нухаж өгөөд уулгасан чинь хэсэг хугацааны дараа тайвшираад унтаад өгсөн юм. Тэгээд би өглөө ажилтай байсан учир 07 цагийн үед гэрээс гараад явсан. ..гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, -гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...”Би ойролцоогоор 2-3 минутын дотор очсон юм. Намайг очиход хүүхэд ухаангүй гэдэс нь хөөж цардайсан, уруул нь хөхөрсөн, зүрх нь цохилохгүй зогссон байсан. Тэгээд би хүүхдийн аюулхай хэсэг рүү 2-3 удаа шахсан боловч хахсан зүйл гарахгүй байхаар нь хиймэл амьсгал хийсэн боловч уушиг руу орохгүй ходоод руу ороод байсан, тэгэхээр нь шууд хүүхдийг тэврээд түргэний машин руу оруулаад хүүхдийн амьсгал зүрх судасыг дэмжих зорилгоор адернилин 1 млээр булчинд тарьж, зүрхний иллэг хиймэл амьсгалыг эмнэлэг хүртлэх хугацаанд хийсэн юм. Тэгээд хүүхдийн хүлээн авах руу оруулж хүүхдийн хүлээн авахын эмч, сувилагч нартай 20-30 минутын хугацаанд хүүхдэд амьсгал өгч, шингэн хийсэн эмнэлэгийн анхан шатны бүх тусламжийг үзүүлсэн боловч амьсгал зүрх судас орж ирээгүй өөд болсон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, -Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 86 дугаартай “...Талийгаачийн үхлийн шалтгаан нь амьсгалын зам гадны биетээр бөглөрсөнөөс үүссэн механик амьсгал бүтэлт болно...” гэсэн дүгнэлт /хх-н 21-24-р хуудас/, -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6071 дугаартай "... Шинжилгээнд ирүүлсэн Ибупрофен гэсэн шошготой хуванцар савтай эм мэт зүйл, цаасан ууттай бор шаргал өнгийн нунтаг зүйл тус бүрээс ибупрофен /С13Н1802/ гэсэн ижил найрлагатай бодис илэрч байна...” гэсэн дүгнэлт /хх-н 29-30-р хуудас/- -Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн газрын үзлэгээр хураан авсан IBUPROFEN гэх эм 235 ширхэг, задлан шинжилгээний явцад хүүхдийн төвөнхний орчмоос бэхжүүлэн авсан нунтаг эм мэт зүйл зэрэг/ нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр П.А нь өөрийн төрсөн хүү 2 нас 06 сартай А.Тэмүгэ ханиад хүрсэн байсан тул өрхийн эмчид үзүүлж түүний зөвлөснөөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Согоот багийн 6-10-80 тоотод гэртээ орой 23 цагийн орчим А.Тэмүгэд ”IBUPROFEN” нэртэй таблетк эмийг уулгахаар бүхлээр нь аманд нь хийсэн ба улмаар хүү эмэнд хахаж амьсгалын зам бөглөрснөөс механик амьсгал бүтэлт болж нас барсан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, тэмдэглэл зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэв. Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч П.А нь 2 нас 6 сартай Тэмүгэд таблеткэн эм ибупрофенийг бүхлээр нь өгснөөс амьсгалын замд бөглөрөл үүсэж амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. П.А нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд: П.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай. Яллах дүгнэлтэд “эм уулгаснаас ...” гэжээ. Тэгвэл эм уулгах ёсгүй байсан уу, яагаад эм уулгах болов, яаж уулгах байсан бэ гэдгийг тогтоогоогүй. Анхбаярын үйлдэл яагаад гэм буруутай байгаа юм бэ. Өмгөөлөгчийн хувьд гэм буруугүй гэж үзэж байна. Болгоомжгүй гэмт хэрэг гэж үзэхгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэж мэтгэлцжээ. Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримт бэхжүүлсэн тогтоол зэрэг нотлох баримтуудаар, хохирогч А.Тэмүгэ ханиад хүрч хоолой нь өвдсөн, 10 дугаар сарын 07-ны шөнө халуурч хоносон тул 8-ны өдөр П.А түүнийг өрхийн эмчид үзүүлж эм бичүүлсэн ба эмчийн зөвлөснөөр “IBUPROFEN” нэртэй таблетк эмийг өгсөн болох нь тогтоогдсон. Харин хүүхдийг эмчид үзүүлсэн тухай баримт, эм уух эмчийн зааварчилгаа болон уг “IBUPROFEN” нэртэй таблетк эмийг ямар өвчинд зориулсан, бага насны хүүхдэд яаж хэрэглэх тухай зааварчилгаа баримт зэргийг хэрэгт шалгаж, бэхжүүлээгүй, эд мөрийн баримтаар хураасан эмийн шошго орчуулагдаагүй, “IBUPROFEN” нэртэй таблетк эмийг бага насны хүүхдэд уулгасан нь яагаад хууль бус болох талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч П.Аын гэм буруу нотлох баримтаар тогтоодоогүй байна гэж дүгнэв. Өөрөөр хэлбэл дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллах дүгнэлтэд үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай болохыг нотлохгүй байна. Харин шүүгдэгчийн мэдүүлсэн ...”Маргааш нь 13 цагийн үед хүүгээ эмчид үзүүлсэн. Эм бичиж өгсөн. Ибупрофен өгч байгаа гэхэд үргэлжлүүлээд 2 өдөр өг гэсэн...” гэх мэдүүлэг, хохиорогчийн “...манай нөхөр дунд хүүгийнхээ хоолойг үзүүлэх гээд өрхийн эмнэлэг рүү аваад явсан...Тэгээд эмийн сан орж эмчийн бичиж өгсөн эмийг авсан...Тэгээд би нөхөртөө хандаж хүүгийнхээ эмийг өгөөрэй гэж хэлсэн...Өрхийн эмч хүүг маань үзээд хоолой нь улайсан байна гээд хоолойны сироп антивитакен эм бичиж өгсөн.Мөн ибупрофен гэдэг эмээ 2 удаа уулгаарай гэж хэлсэн...Ибупрофен гэдэг эм нь манайд угаасаа байсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Жаргалын ...Сүүлийн 7 хоног ханиад хүрсэн байсан. Нөхөр бид хоёр урьд шөнө нь хүүгийнхээ гэрт нь хоносон. Тэгээд нөхөр бид хоёр хүүгээ дундаа авч унтсан юм. Тэгээд орой 00 цаг өнгөрч байхад халуураад, хоолой нь хүржигнээд дугараад байхаар нь ибупрофен гэдэг эмнээс нэг ширхэгийг нухаж өгөөд уулгасан чинь хэсэг хугацааны дараа тайвшираад унтаад өгсөн юм...”гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар А.Тэмүгэ өвчилсөн тул эмчид үзүүлсэн болох нь, IBUPROFEN” нэртэй таблетк эмийг уулгаж байсан болох нь нотлогдож байх бөгөөд, П.Аын, өвчилсөн хүүхэддээ эмчийн зөвлөсөн эмийг уулгасан үйлдлийг хууль бус шинжтэй гэж дүгнэх үндэслэлгүй ба шүүгдэгч өөрийн энэ үйлдлийг хууль бус шинжтэй гэж ухамсарлаж байсан гэж буруутгах үндэслэлгүй юм. П.Аын үйлдэл хууль бус болох нь, мөн түүнийгээ хууль бус гэж ухамсарлаж байсан болох нь баримтаар нотлогдохгүй байна. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэргийн шинжийг тодорхойлон заасан. Шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан байх нь гэмт хэргийн сэтгэхүйн талын үндсэн шинж бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд хүсч, хор уршигт зориуд хүргэсэн байдаг бол, болгоомжгүй хэргийн тухайд хүсээгүй хор уршигт хүргэсэн байдаг. Амь хохирогч А.Тэмүгээд уулгасан “IBUPROFEN” нэртэй эм амьсгалын замын бөглөрөл үүсгэсний улмаас амьсгал бүтэлтэнд орж амь нас хохирсон нь П.Аын хууль бус ямар нэг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байдал үгүйсгэгдэж байх тул түүнийг “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна. Иймд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр П.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгав. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн хуванцар савтай 235 ширхэг хүрэн өнгийн нэртэй “IBUPROFEN” эм, задлан шинжилгээний явцад бэхжүүлэн авсан нунтаг эм мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар зааж хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн П.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлд зааснаар П.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай

 3. Шүүгдэгч цагдан хоригдоогүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар савтай 235 ширхэг хүрэн өнгөтэй “IBUPROFEN” нэртэй эм, задлан шинжилгээний явцад бэхжүүлэн авсан нунтаг эм мэт зүйлийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

4. Цагаатгах тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Д.АРИУНЦЭЦЭГ