Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 58

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1-р багийн иргэн Хас овгийн Минжүүрийн Бямбасүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Лхагвасүрэн

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1980 оноос эхлэн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд адуу маллаж эхэлсэн. 1995 он хүртэл ажилласан бөгөөд 1992 онд нэгдэл тарж, Цагаанзалаа хоршоо болон өөрчлөгдөж байсан. Миний тэтгэврийг тогтоохдоо ажилласан хугацааг дутуу тооцон тогтоосон байна. Иймд 1981 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэл нэгдэл, Цагаанзалаа хоршоонд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь Говьсүмбэр аймагт нутагладаг. Хол нутаглаж байгаа учраас намайг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж байна. М.Бямбасүрэн нь 1980 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд тасралтгүй малчин байсан хүн байгаа юм. Би М.Бямбасүрэнг сайн мэднэ. М.Бямбасүрэн нь тэтгэврээ тогтоолгохдоо ажилласан жилээ дутуу тооцуулан тогтоолгосон юм билээ. Иймд М.Бямбасүрэнг 1980 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэл, Цагаанзалаа ХК-д малчинаар ажиллаж байсныг нь тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Бямбасүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч М.Бямбасүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02  сарын 02-ны өдрийн 43 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 43 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд 1981 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажилласан тухай Минжүүр овогтой Бямбасүрэнд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно..” гэх тодорхойлолт,

2.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн 08/584 дугаартай “Тус аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэл нь 1993 оны 07 сарын 16-нд “Цагаан залаа” хувьцаат компани, 2000 оны 01 сарын 08-нд “Их цэгээн” хоршоо болон өөрчлөгдөж 2007 оны 01 сарын 01-нд татан буугдсан болно...” гэх тодорхойлолт,

3.Нэхэмжлэгчид Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлээс олгосон 1981 оны 01 сарын 01-ний өдөр олгосон 1981 оны 01 сараас 1990 оны 12 сарыг дуутал ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

4.Мөн нэхэмжлэгчид Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдлээс олгосон 1992 оны 01 сараас 1994 оны 12 сарыг дуустал ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар баримтуудаар М.Бямбасүрэнгийн 1981 оны 01 сарын 01-нээс 1993 оны 07 сарын 16-ныг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд, 1993 оны 07 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Цагаан залаа ХК-д тус тус малчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хас овгийн Минжүүрийн Бямбасүрэн /ЗН56011516// нь 1981 оны 01 сарын 01-нээс 1993 оны 07 сарын 16-ныг хүртэл Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Шинэ-Эхлэлт нэгдэлд, 1993 оны 07 сарын 16-наас 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Цагаан залаа ХК-д тус тус малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                            Д.УРАНЧИМЭГ