| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2019/0021/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/33 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Оюунтуяа |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2020/ШЦТ/33
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай
Улсын яллагч Л.Оюунтуяа
Шүүгдэгч С.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Чад холбогдох эрүүгийн 1925005650364 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн С.Ч
Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч С.Чыг 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Сумъяадуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүххуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Чын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Маргах зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Сумъяадуламын мэдүүлсэн ...2019 оны 08 дугаар сарын 10-ны орой манай нөхөр Ч над руу залгаад манай найзууд ирчихлээ хамт очъё гэхээр нь ажлаа тараад 19 цагийн үед гэртээ очоод нөхөртэйгөө хамт 21 цагийн үед Эрдэнэт зочид буудалд очтол манай нөхрийн танилууд ирчихсэн байсан. Улмаар бид нар Эрдэнэт зочид буудлын караокед зургуулаа нэг шил архи уусан. Ингээд бид нар тараад нөхөртэйгөө хамт таксидаад явсан ба Эрдэнэ багийн эцсийн буудал дээр буугаад гэрлүүгээ явж байгаад би “өнөөдөр би охинтойгоо автобусан дотор таарлаа надад суудал тавьж өглөө” гэтэл Чулуунбат “чи гичийг миний охин гэж хэллээ миний дургүй хүнийг охиноо гэж хэллээ” гээд миний нүүр рүү цохиод авах үед нь миний толгой манараад байж байтал дахиад нүүр рүү өшиглөх шиг болсон. Энэ үед би газар унатал дээрээс толгой, гар, ташаа гэх газрууд руу зөндөө олон удаа өшиглөсөн. Би арай гэж босоод зугтаагаад гэртээ орсон. Намайг гэрт орохоос өмнө Ч цагдаа дуудах гээд байна гээд миний гар утсыг авчихсан байсан. Хэсэг хугацааны дараа Ч миний гар утсыг ширээн дээр тавьчихаад гадаа гараад хүнтэй утсаар ярьж байх хооронд нь би гялс цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд Чулуунбатыг эрүүлжүүлэх рүү аваад явсан”....гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/
-Гэрч Б.Туулын “...Би тухайн үед байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Тухайн өдөр хадам ээж над руу шөнө 00 цаг өнгөрч байхад залгаад аав чинь намайг зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би хаягаа өгөөч гэтэл утсаа салгасан. Би эргээд залгасан чинь утсаа авахгүй байсан юм. Ингээд би маргааш нь очсон чинь хадам аав ээжийг зодоод гээд уулзсан чинь хөмсөг нь сэтэрч оёдол тавиулсан мөн баруун талын нүд нь хөхөрсөн, зүүн талын шуу хэсэг нь хавдаад нэлэнхүйдээ хөхөрчихсөн байсан. ..мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
-Гэрч Б.Оюунцэцэгийн...Одоогоос 5-6 жилийн өмнө хүртэл зодуулсан нуруугаа үзүүлж байсан. Эгч Б.Сумъяадуламаас асуухад нөхөр Чулуунбат эрүүл согтуу хамаагүй зоддог гэсэн... Гар утсан дээрээ Сумъяадулам эгч маань зодуулсан зургаа авахуулсан надад үзүүлж байсан. 2017 онд Эрдэнэтийн шүүхээр ороод шүүхээр эвлэр гээд хугацаа өгсөн гэсэн. Тэгтэл шүүхээс гараад чи муу пизда шүүхэд зураг үзүүлсэн гээд л зодсон гэсэн. 2014 онд Ч-аас салж Москва хорооллын 7-р байрны 00 тоотод бага хүүтэйгээ хөлсөлж амьдарч байгаад 2015 онд буцаж Эрдэнэт рүү нүүсэн. Фэйсбүүкээр 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр зодуулсан зурагаа явуулсан...” гэсэн мэдүүлэг 17-18-р хуудас/
-Гэрч Б.Мөнхцэцэгийн:..Хааяа намайг ярихаар нөхөр зодоод гэж хэлдэг байсан гэхдээ юунаас болж яаж зодсон талаар хэлж байгаагүй.Сүүлийн нэг жилийн хугацаанд харин би ойр ойрхон утсаар ярьдаг болсон. Сүүлд 08 сард зодуулсан гэж ярьж өөрийнхөө зургийг миний фэйсбүүк хаягаар явуулж байсан....гэсэн мэдүүлэг /хх-ийн18-22-р хуудас/
-Гэрч Д.Нацагдоржийн ....”Чулуунбатыг дуудахаар болсон ба Чулуунбат 21 цагийн үед бид 2 дээр эхнэртэйгээ хамт ирсэн. Ингээд бид 4 Эрдэнэт зочид буудлын караокед орж дуулангаа нэг шил архи хувааж уучихаад Ч эхнэртэйгээ гэр лүүгээ явсан. Гэтэл 2 хоногийн дараа Чулуунбат эхнэртэйгээ маргалдаад зодсон талаар хэлсэн. .гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
-Гэрч Ч.Мөнх-Эрдэний ... Би уурхайд ажил хийдэг ба хавар гэрээсээ гараад намар 11 сарын сүүлээр ирдэг. Ихэнхдээ өөр газар байдаг. Манай эхнэр хааяа аав ээж хоёр маргалдаад аав ээжийг зодсон талаар хэлдэг... Ээж ч надад аавд зодуулсанаа хэлдэггүй юм. 2013 онд аав ээж 2 муудалцаад аав ээжийг зодсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,
-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 534 дугаартай ... Б.Сумьяадуламын биед баруун хөмсөгт шарх, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочинд цус хуралт, бугалга, тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо үйлчлэлээр үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх- ийн 29-р хуудас/
-Аюулын зэргийн үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 41-55-р хуудас/,
-Хохирогчид учирсан гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 93-96/зэрэг нотлох баримтуудаар дараахь үлйл баримт тогтоогдов.
Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.Сумъяадуламыг гудамжинд ямар нэг шалтгаангүйгээр зодож биед нь баруун хөмсөгт шарх, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, оочинд цус хуралт, бугалга, тохойн үений зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна. Б.Сумъяадуламын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл болох нь шинжээчийн 534 дугаартай дүгнэлтээр нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч С.Чын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй зориуд хүсэж үйлдсэн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Чыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч С.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Б.Сумъяадуламыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэжээ.
Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж хэлэхдээ: Би гэм буруугаа хүлээж байна. Ялын саналыг зөвшөөрч байна гэжээ.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Б.Сумъяадулам нь хохирлын баримт гаргаж нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судлаж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэмжээ, шинж чанар, 70-%ийн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас хөдөлмөр эрхэлдэггүй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ялын хэмжээ,биелүүлэх хугацаа зэргийг сонгосон болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овгийн С-ын Ч-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Чыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар С.Чад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд, сард 83,333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ