Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн иргэн Зуут овгийн Должингийн Цэрэнбатын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Цэрэнбат

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Цэрэнбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1957 онд төрсөн. Би 1973 оны 05 сард Дундговь аймгийн 1-р сургуулийн 7-р ангийг төгсөөд 1973 оны 06 сарын 01-нээс Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Сүм бригадад тэмээчинээр ажиллах болсон. Үүнээс хойш тус нэгдэлд 1993 оны 12 сарын 31-нийг хүртэл тасралтгүй ажилласан. Миний бие одоо 60 нас хүрч байгаа бөгөөд тэтгэвэрт гарах болоход нийгмийн даатгалаас ажилд орсон, гарсан тушаал байхгүй, хөдөлмөрийн дэвтэр засвартай байна гэсэн. Би 1973 оны 06 сарын 01-нээс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан жилээ тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл  1992 оны 01 сарын 01-нээс хойш ажиллаж байсан жилээ нөхөн тооцуулсан байх тул 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсныг тогтоолгохоосоо татгалзаж байна. Иймд 1973 оны 06 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Цэрэнбат нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Цэрэнбатын хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй, холбогдох тушаал, шийдвэр нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01  сарын 17-ны өдрийн 23 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч З.Норжинсүрэнгийн:“...Д.Цэрэнбат нь 1973 оноос эхлэн Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчин болсон. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл тасралтгүй малчин байсан. Нэгдэл 1992 онд тарсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Базарвааний: “...Д.Цэрэнбат нь 1973 оны 06 сард илгээлтээр гарч Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлийн Сүм бригадад тэмээчин болсон. Түүнээс хойш 1992 оны 11 сард нэгдэл татан буугдаад Амьдралын туг ХК болон өөрчлөгдсөн юм. Д.Цэрэнбат нь 1973 оны 06 сараас 1992 оныг дуустал тасралтгүй малчин байсан. Би тэр үед нэгдэлд түүхий эдийн эрхлэгч, аж ахуйн эрхлэгчээр ажиллаж байсан юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ш.Дүгэржанцангийн: “...Д.Цэрэнбат нь 1973 онд илгээлтээр гарч байсан. Эднийх тэмээ малладаг айл байсан юм. Д.Цэрэнбат нь илгээлтээр гарч Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчин болоод 1993 оныг дуустал ажилласан...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 23 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд 1973 оны 06 сарын 01-нээс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажилласан тухай Должин овогтой Цэрэнбатад холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно....” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 17-ны өдрийн 08/43 дугаартай “Адаацаг сумын Амьдралын туг нэгдэл нь 1991 оны 04 сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 11 сарын 04-нд Амьдралын туг ХК, 1996 оны 04 сарын 30-нд Амьдралын туг хоршоо болон өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байгаа болно....” гэх тодорхойлолт,

4.Нэхэмжлэгчид Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдлээс 1975 оны 04 сарын 01-ний өдөр олгосон 1975 оны 04 сараас 1980 оныг дуустал ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1981 оны 04 сарын 23-ны 1981 оны 01 сараас 1990 оныг дуустал ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 01 сарын 01-нд олгосон 1991 оны ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

5.Нэхэмжлэгч Д.Цэрэнбатын 1975 оноос 1990 онуудын цалин тооцооны бүртгэлийн хуулбар баримтуудаар Д.Цэрэнбатын 1973 оны 06 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсныг тогтоолгохоосоо татгалзаж байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг татгалзсаныг баталж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 1992 оны 01 сарын 01-нээс 1993 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг татгалзсаныг баталсугай.

2.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуут овгийн Должингийн Цэрэнбат /ЗА57121015/ нь 1973 оны 06 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Адаацаг сумын Амьдралын туг нэгдэлд малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                            Д.УРАНЧИМЭГ