Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/26

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Д.Туяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад  настай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ст холбогдох эрүүгийн 1925007740487 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.С

  Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Сыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 38-2-б тоотод ээж Д.Туяаг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий ахмад настай Д.Туяаг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: шүүгдэгч Б.Сын “Миний буруу, гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг,

- хохирогч Д.Туяагийн.... “Манай хүүхэд ийм байгаагүй. Хэсэг бүлэг архи уудаг найзуудынхаа нөлөөнд ороод байна. Мөн эхнэр хүүхдээсээ салснаас хойш байнга архи уух болсон. Намайг 3 удаа зодсон. Би ээжийгээ битгий зодооч гэж гуйдаг. Маргааш нь би мэдээгүй тасарчихсан байна гэдэг. Тасарчихаараа авгай хүүхдээ нэхээд зоддог. 7 хоногт 4-5 удаа архи уудаг. Заримдаа би хүнээс нуудаг. Гомдолгүй             ” гэх мэдүүлэг,

-Мөрдөн байцаалтад хохирогч Д.Туяагийн мэдүүлсэн...Ингээд 2019 оны 10 сарын 17-ны орой 20 цагийн үед Сүхбаатар согтуу орж ирээд танай ах дүү нар намайг ад үздэг гээд хэрүүл хийхээр нь би одоо маргалдаад яахав дээ архи ууж ирчихээд хэрүүл хийгээд байх юм би ажил хөөцөлдөх гэж байгаа шүү битгий нүүр рүү цохиорой гэтэл Сүхбаатар дуугүй сууж байснаа миний нүүр рүү гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Мөн миний зүүн талын мөр болон гар руу нэлээд хэдэн удаа цохисон.Тэгэхээр нь би гараад явсан чинь манай ар талын айлын харалдаа араас ирээд хамар луу цохиж хамарнаас цус гаргасан. Мөн хувцаснаас чирж гэр рүү оруулсан. Ингээд бид 2 унтацгаасан. Улмаар би маргааш өглөө нь Сүхбаатарт чи яагаад намайг зодож байгаа юм бэ миний нүүр рүү битгий цохиорой гэж гуйж байхад гэсэн чинь Сүхбаатар ээжээ би юу ч мэдэхгүй байна би тасарчихсан байна лээ гээд байсан. Тэрнээс хойш би гэрээсээ гаралгүй байж байгаад 10 сарын 27-ны өдөр Вансэмбэрүү дэлгүүр орох гэж яваад дүү Уртнасантай тааралдсан чинь миний нүүрийг яасан юм бэ гэхээр нь Сүхбаатарт зодуулсан гэсэн чинь цагдаад өргөдөл өгсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5-р, 9-р хуудас/,

-гэрч Ж.Уртнасангийн:...”манай аавын дүү Д.Туяа гэх эгч маань өргөмөл хүү Сүхбаатарын хамт амьдардаг. Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гудамжинд тааралдахад дүү чинь намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд яасан талаар тодруулахад манайхны хамаатны хүүхдийн хурим болсны маргааш согтуу ирээд намайг ах дүү нартаа ховоллоо гээд зодчихсон гэж ярьсан. Тэгээд миний дургүй хүрээд настай хүнийг зодсон асуудлыг нь шалгуулахаар цагдаад өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/

-гэрч Б.Байгалмаагийн:.. Сүхбаатар эхнэр 3 хүүхэдтэй бөгөөд эхнэр хүүхэдтэйгээ Хөвсгөл аймгийн Жаргалан суманд амьдарч байгаад 2 жилийн өмнө салаад ирсэн. Ингээд Орхон аймагт ирсэнээсээ хойш архи уугаад ээжийгээ зодоод байдаг болсон. Би уул нь Туяа эгчийн хажууд байхад Сүхбаатарыг зоддогийг нь мэддэг байсан. Харин би нөхөртэйгээ город руу нүүснээс хойш зодож цохидогийг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-ны үед би Туяа эгчтэй уулзах гээд гэрт нь очиход Сүхбаатар архи ууж ирчихээд ээжийгээ зодсон байсан. Би тухайн үед зургийг нь дараад угаалгачихсан байж байгаад алга болгочихсон байна лээ.Тэрнээс хойш Сүхбаатар ээжийгээ зодож 2-3 удаа баривчилгаанд орж байсан. Туяа эгч Сүхбаатарт зодуулчихаад бид нараас нуугаад хэлдэггүй юм. Бид нар хааяа гэрт нь очихоор Сүхбаатарт зодуулаад нүд нүүр нь хөхөрсөн байдаг. 2017-2018 ондуудад Туяа эгч манайхыг хажууд нь байхад Сүхбаатар зодоод байна цагдаа дуудаад өгөөч гэж цагдаа дуудуулчихаад Сүхбаатарыг зугтаалгачихдаг байсан. Туяа эгч өөрөө Сүхбаатарт зодуулчихаад өмөөрөөд байдаг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/

- Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 722 дугаартай “Д.Туяагийн биед нүүр цээж,нуруу,зүүн бугалга,шуунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь 2019-10-18-ны өдөр үүссэн байж болно. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Нүүрний зөөлөн эдийн цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 15-16-р хуудас/, 

-Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Б.Ст 25 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 09-ний өдрийн 343 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 38-р хуудас/,

- Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Б.Ст 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 1006 дугаартай шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 39-40-р хуудас/,

- Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ст 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 44-57-р хуудас/

-Орхон аймаг дахь цагдаагийн газрын дуудлага мэдээлэл хүлээн авах тухай бүртгэлийн хуулбар /хх-ийн 82-85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдов.

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут багийн 38-2б тоотод гэртээ согтуурсан үедээ ээж Д.Туяаг “танай ах дүү нар намайг загнасан,чи ховлодог биз” гэж гараа атгаж байгаад нүүр рүү нь цохих,зүүн талын мөр болон гар руу нь цохих,хамар руу нь цохиж цус гаргах, хувцаснаас нь чирэх зэргээр зодож эрүүл мэндэд нь нүүр цээж, нуруу, зүүн бугалга, шуунд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, 1959 онд төрсөн ахмад настай ээж Д.Туяаг 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-ны үед, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой зодож, байнгын шинжтэй давтамжтай зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи, хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Зөрчлийн хэргийн шийдвэр, баримтууд, бусад бичмэл баримтууд зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлсэн судалсан хохирогчийн мэдүүлэг,гэрч Б.Байгалмаагийн”... 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-ны үед би Туяа эгчтэй уулзах гээд гэрт нь очиход Сүхбаатар архи ууж ирчихээд ээжийгээ зодсон байсан. Би тухайн үед зургийг нь дараад угаалгачихсан байж байгаад алга болгочихсон байна лээ. Тэрнээс хойш Сүхбаатар ээжийгээ зодож 2-3 удаа баривчилгаанд орж байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон “2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ээж Д.Туяаг нүүр рүү нь алгадаж, түлхэж унаган хөл рүү нь өшиглөж зодсон” гэх, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний орой “цагдаад барьж өглөө гэх зэргээр орилж хашгиран аягатай хоолоо шидэж ээж Д.Туяаг зодсон” гэх зөрчлийн хэргийн баримтууд, шүүхийн шийтгэвэрүүд зэрэг нотлох баримтуудаар Б.С нь ээж Д.Туяаг байнга буюу 3 ба түүнээс дээш удаа зодсон болох нь, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Туяаг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь бүрэн нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй, зориуд хүсэж үйлдсэн санаатай, бусдын эрүүл мэнд, сэтгэл санаанд гэм хор учруулсан үйлдэл мөн байх бөгөөд зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Сын хууль бус үйлдлийн улмаас Д.Туяагийн биед хөнгөн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой байдал тогтоогдлоо.

Хэргийн талаар нотлогдвол зохих нөхцөл байдал бүрэн нотлогдсон, хэрэг шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй, нотлох баримтууд ноцтой зөрүүгүй байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай ахмад настай хүнийг байнга зодсон, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.       

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажип хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих оногдуулах. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2-т заасныг журамлан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож ялыг нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сар 20 хоногоор тогтоох, цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав: Яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт нийцээгүй, хохирогчийг хэдийд хаана, яаж зодсон талаар дурьдаагүй. Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулсан нь тодорхойгүй үндэслэлгүй байна. Иймд энэ зүйл хэсгээр холбогдуулсан хэргийг хэрэгсэхгүй болгоно уу. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулна уу гэж дүгнэлт гаргажээ.

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллаж буй хэргийн үйлдсэн газар, цаг, хугацаа зэргийг тодорхой тусгаагүй байх боловч шаардлагатай нотлох баримтуудыг тусгасан байна. Мөн яллах дүгнэлтэд хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа зэргийг тусгаагүй нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаархи өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,  хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг болон Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дэхь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан хорих  ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.         

        Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Д.Туяа нь шүүгдэгчээс төлбөр гаргуулахаар  нэхэмжлээгүй болно.       

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл  үйлдэх гэмт хэргийг ахмад настан хүний эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор дүйцүүлэн тооцож 50 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 01 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жил 01 сар 20 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Сын цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч Б.Ст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг  дурьдсугай.

            8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ