Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 60

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 91-р байрны 2 тоотод оршин суух, Хашаат овогт Жадамбын Наранчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн иргэний хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 139/ЗТ2017/00007 дугаар тогтоолын дагуу хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Наранчимэг

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 57 нас хүрч байна. Улсад 34 жил ажилласан. Үүнээс 1978 оны 10 сарын 10-наас 1982 оны 08 сарын 05-н хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчин, эсгүүрчинээр ажилласан. Мөн 1988 оны 04 сарын 08-наас 1993 оны 04 сарын 16-н хүртэл Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газарт ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан.

1978 оны 10 сарын 10-нд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд ажилд орсон тушаал, 1993 оны 04 сарын 16-нд Аймгийн төвийн эмнэлэгийн байгууллагуудын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болсонтой холбогдуулан Халдварт өвчин судлалын төвд ахлах нягтлан бодогчоор томилсон тушаалууд олдохгүй байх тул 1978 оны 10 сарын 10-наас 1982 оны 08 сарын 05-н хүртэл, 1988 оны 04 сарын 08-наас 1993 оны 04 сарын 16-н хүртэл улсад ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ж.Наранчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Ж.Наранчимэгийн хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй,  холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01  сарын 04-ний өдрийн 04 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Н.Ёндонжамц:“...1978 оноос 1982 оны намар хүртэл Ж.Наранчимэг нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчин, эсгүүрчинээр ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Цэвээн: “...1986 онд Ж.Наранчимэг нь Төвлөрсөн нягтлан бодох ангид ажиллаж байсан. ...Сүүлд 1986 оноос 1993 он хүртэл эрүүл мэндийн салбарт ажилласан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Ш.Балжинням: “...Ж.Наранчимэг нь нягтлан бодогч мэргэжлээр төгсөж ирсэн хүүхэд. Тухайн үед нягтлан бодогч нар нь Дундговь аймгийн Төвлөрсөн нягтлан бодох ангийн харъяа байсан. 1988 онд Төвлөрсөн нягтлан бодох анги нь татан буугдаж нягтлангууд салбар салбарынхаа газарт очсон. Тэгэхэд Ж.Наранчимэг нь Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харъяа Эрүүлийг хамгаалах газарт 1993 он хүртэл нягтлангаар ажилласан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ч.Бямбаа: “...1980 онд Дундговь аймгийн Төвлөрсөн нягтлан бодох анги гэж байгуулагдаж байгууллагуудын нягтлан бодогч нар нэг газарт байдаг байсан. Би 1988 онд Төвлөрсөн нягтлан бодох ангид Ж.Наранчимэгтэй хамт ажиллаж байсан. Төвлөрсөн нягтлан бодох анги татан буугдаж нягтлан бодогч нар салбар салбарын газартаа байрладаг болсон. Тэгэхэд Ж.Наранчимэг бид хоёр Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны харъяа Эрүүлийг хамгаалах газарт 1994 он хүртэл нягтлангаар хамт ажилласан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Тунгалаг: “...1978 оны 10 сард Дундговь аймаг дээр оёдлын дадлагыг бид хоёр хийж байгаад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төвд оёдолчиноор хоёулаа 1978 оны 10 сараас 1982 оны 8 сар хүртэл ажилласан. Тэгээд Ж.Наранчимэг сургуульд явсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.Рэгзэдмаа: “...1978 онд Ж.Наранчимэг бид хоёр нэг өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний төв байгуулагдахад хамт ажилд орж 1982 он хүртэл цуг ажиллаж байгаад Ж.Наранчимэг сургуульд явсан. Сургуульд сурч ирээд эмнэлэгт нягтлангаар ажилласан...” гэх мэдүүлэг,

2. Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 сарын 04-ний өдрийн 04 дугаартай “Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1978 оны 10 сараас 1982 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл /Эрдэнэдалай сумын НААҮТөв/ оёдолчиноор орсон, мөн Эрүүлийг хамгаалах газарт 1988 оны 4 сарын 8-наас 1993 оны 4 сарын 16-ныг хүртэл /Аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн хэлтэст/ ахлах ня-богоор ажиллаж байсан тухай чөлөөлөгдсөн тушаал байхгүй байгаа тул Жадамба овогтой Наранчимэгт холбогдох лавлагааг гаргах боломжгүй байна” гэх тодорхойлолт,

3. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 08/21 дугаартай “ Дундговь аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газар нь 1990 оны 12 сарын 12-нд байгуулагдаж, 1991 оны 04 сарын 25-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн болно” гэх тодорхойлолт,

4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвөөс Ж.Наранчимэгт 1980 оны 10 сарын 10-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт: ‘’Дундговь аймгийн ахуй үйлчилгээний комбинатын даргын 1978 оны 10 сарын 10-ны өдрийн 7-р тушаалаар Аймгийн ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноор дагалдуулан ажиллуулав’’ гэх, ‘’Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргын 1979 оны 01 сарын 05-ны өдрийн 07 тоот тушаалаар Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний оёдолчиноор шилжүүлэн ажиллуулав’’ гэх, ‘’Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвийн даргын 1982 оны 8 сарын 5-ны өдрийн 24-р тушаалаар Дээд сургуульд сурцалцах болсон учир эсгүүрчний ажлаас чөлөөлөв’’ гэх, ’’Төвлөрсөн ня-бо ангийн даргын 1986 оны 07 сарын 25-ны өдрийн 30 тоот тушаалаар Дундговь аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх Төвлөрсөн ня-бо ангид байцаагч эдийн засагчаар авч ажиллуулав’’ гэх, ’’Төвлөрсөн ня-бо ангийн даргын 1988 оны 04 сарын 26-ны өдрийн 15 тоот тушаалаар Аймгийн гүйцэтгэх захиргааны 1988 оны 04 сарын 08-ны тогтоолоор Төвлөрсөн ня-бо ангийн ня-бо нар үндсэн газраа очиж ажиллах болсон тул ажлаас чөлөөлж Эрүүлийг хамгаалах газрын мэдэлд шилжүүлэв’’ гэх, ‘’Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 04 сарын 10-ны өдрийн 46 тоот тушаалаар Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын төвлөрсөн санхүү аж ахуйн тасгийн ахлах нягтлан бодогчоор авч ажиллуулав’’ гэх, ’’Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын эрүүл мэндийн хэлтсийн даргын 1993 оны 04 сарын 13-ны өдрийн 18 тоот тушаалаар Аймгийн төвийн эмнэлгийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт болсонтой холбогдуулж халдварт өвчин судлалын төвд ахлах ня-богоор ажиллуулахаар томилов’’ гэх, ’’Халдварт өвчин судлалын төвийн захирлын 1993 оны 04 сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Халдварт өвчин судлалын төвд ахлах ня-богоор ажиллуулав’’ гэсэн бичилт хийжээ.

5. Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн 2017 оны 02 сарын 01-ний өдрийн ‘’Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газарт нягтлан бодогч ажилтай байсан Жадамба овогтой Наранчимэгийн цалин’’-ийн тодорхойлолт;

6. БНМАУ-ын Дундговь аймгийн  Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 04 сарын 10-ны өдрийн 46 дугаар Ажилд томилох тухай “ Аймгийн төсөвт албан байгууллагын нягтлан бодогч нарыг харъяа байгууллагад нь шилжүүлж ирүүлснийг үндэслэн ня-бо Ж.Наранчимэгийг Эрүүлийг хамгаалах газрын төвлөрсөн санхүү аж ахуйн тасгийн ахлах нябогоор ....томилон ажиллуулсугай ” гэх тушаалын эх хувь,

7. БНМАУ-ын Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 05 сарын 20-ны өдрийн 58 дугаар Ажилд авах, ээлжийн амралт олгох тухай ‘’Ахлах ня-бо Наранчимэгийн ээлжийн амралтыг 5 дугаар сарын 16-наас эхлэн олгосугай’’ гэх тушаалын хуулбар;

8. Дундговь аймгийн Халдварт өвчин судлалын төвийн захирлын 1993 оны 04 сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай ‘’1.Халдварт өвчин судлалын төв шинээр байгуулагдах болсонтой холбогдуулан 1993 оны 04 сарын 16-наас эхлэн Халдварт өвчин судлалын төвд ажиллах хүмүүсийг томилон ажиллуулсугай. 2.Халдварт өвчин судлалын төвд ажиллах ажилтнуудын нэрсийг хавсралтаар баталсугай. ...1993.04.16-ны өдрийн Б/03 тоот тушаалын хавсралтын 3-рт Ж.Наранчимэг ахлах ня-бо /сарын үндсэн цалин 4800/’’ гэх тушаал, тушаалын хавсралтын хуулбар;

9. Дундговь аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн даргаас 1982 оны 09 сарын 13-нд Ж.Наранчимэгт олгосон №519007 тоот Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн эх хувь;

10. 1989 оны цалингийн тооцооны картуудын эх хувь болно.

Дээрх бичгийн баримтуудаар Ж.Наранчимэгийн Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1978 оны 10 сарын 10-наас 1979 оны 01 сарын 05-ныг хүртэл оёдолчиноор, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд 1979 оны 01 сарын 05-наас 1982 оны 08 сарын 05-ныг хүртэл оёдолчин, эсгүүрчинээр, Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын төвлөрсөн санхүү аж ахуйн тасгийн ахлах нягтлан бодогчоор 1988 оны 04 сарын 08-наас 1993 оны 04 сарын 16-ныг хүртэл тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэ лтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хашаат овогт Жадамбын Наранчимэг /ЗЮ59123000/ нь 1978 оны 10 сарын 10-наас 1979 оны 01 сарын 05-ныг хүртэл Дундговь аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад оёдолчиноор, 1979 оны 01 сарын 05-наас 1982 оны 08 сарын 05-ныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчин, эсгүүрчинээр, 1988 оны 04 сарын 08-наас 1993 оны 04 сарын 16-ныг хүртэл Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын төвлөрсөн санхүү аж ахуйн тасгийн ахлах нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ