Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 аймгийн  сумын -р багийн иргэн О овгийн Шын А //-гийн нэхэмжлэлтэй,

 аймгийн  сумын -р баг, “” ХХК-д холбогдох компаний захирлын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн Б/141, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Б/141 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4395000 төгрөг гаргуулах,  нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр  сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.АД

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө

Хариуцагчийн өмгөөлөгч М.Э

Нарийн бичгийн дарга С.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ий уурхайд 2013 оны 11 сараас хойш ажлаас халагдах хүртлээ 3 жил гаран ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Тэгээд ажилаа хийж байгаад 2016 оны 10 сарын 27-нд ар гэрт ажил гараад 28, 28, 30-ны өдрүүдийн чөлөөг чөлөөний хуудсаар хүний нөөцийн ажилтан Х.Ө, механик Мг нараас аваад явсан. Тэгээд чөлөөний хугацаа дуусч 10 сарын 31-ний өдөр ажилдаа очих байсан боловч тэр өдөр Чингис хааны мэндэлсний  өдөр тохиож бүх нийтийн амралтын өдөр байсан тул ажилдаа очоогүй. Сар бүрийн эхний 7 хоног хуваарийн дагуу би амралтаа авдаг байсан. Үргэлжлүүлээд тэр 7 хоногийнхоо амралтыг авсан юм. Тэгсэн 11 сарын 4-ний өдөр хүний нөөцийн ажилтан Х.Ө утсаар яриад ажлаас халагдсан тушаал гарсан ирж аваарай гэж хэлсэн. 2016 оны 11 сарын 7-нд уурхай дээр очиж тушаалаа автал намайг 2016 оны 10 сарын 26-ны өдрөөс эхлэн ажлаас халсан байсан. 2016 оны 11 сарын 11-ний өдөр тус сумын иргэн жолооч Ц надад дугтуйтай бичиг авчирч өгсөн. Тус дугтуйн дотор 2016 оны 11 сарын 1-ний өдрийн тушаал байсан. Иймд 1 дугаартай 2 тушаалаар намайг ажлаас халсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК-ий уурхайд жолооч ажилтай Ш.А нь 2016 оны 10 сарын 17-ны өдөр ажлынхаа талбар дээр нэг ажилтантайгаа муудалцан чулуу шидэж, компаний эд хөрөнгөд хохирол учруулсан. Мөн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэ үндэслэлээр ажлаас нь халсан. Байгууллагаас яагаад 10 сарын 26-ны өдөр тушаал гаргасан гэхээр бид нар хуралдаж, компанийхаа удирдлагуудад мэдэгдсэн. Тэгсэн хотод 10 сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан байсан. 2016 оны 10 сарын 26-нд нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаал гаргасан боловч тамга дардаг хүн нь Хятад улс руу явчихаад тамгаа хүлээгээд 10 сарын 26-нд гарсан ажлаас халах тушаал 11 сарын 2-нд миний гар дээр ирсэн. 2016 оны 11 сарын 2-нд би нэхэмжлэгчид мэдэгдэхэд аймаг дээр Цагдаагийн газарт мэдүүлэг өгөөд явж байна, 2, 3 хоногийн дараа ирж авна гэж хэлсэн. Тэгээд 11 сарын 6-ны өдөр ирж авсан. Манай  компаний хотод байдаг нягтлантай нэхэмжлэгчийн эхнэр нь “ажилгүйдлийн тэтгэмжид хамрагдах гэтэл хуанлийн 14 хоногийн хугацаатай байдаг болохоор бид нар цаг алдчихсан байна. Тиймээс тушаалын агуулга нь өөрчлөгдөхгүй юм чинь тушаалаа 11 сарын 1-нээс болгож өгөөч” гэж утсаар ярьсан байсан учраас бид нар тушаалын он, сарыг 11 сарын 1-н болгож өөрчилсөн. Агийн хүсэлтээр ажлаас халах тушаалын огноог өөрчилсөн болохоос бус нэг хүнийг 2 тушаалаар ажлаас халаагүй юм. Иймд хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажил олгогчийн зүгээс 2016 оны 10 сарын 26-ны өдөр, мөн 2016 оны 11 сарын 1-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2 тушаал гаргасан. Тушаалын агуулга, үндэслэл, дугаар нь ижилхэн байна. Хэрвээ 11 сарын 1-ний өдрийн тушаалаа хүчин төгөлдөр тушаал гэж үзэж байгаа юм бол өмнөх тушаалаа хүчингүй болгоогүй нь ойлгомжгүй байна. Ш.Ад тушаалыг нь өгөх гэсэн боловч аваагүй гэж тайлбарлаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч ажилтанд халагдсан тушаалыг гарсан өдөрт нь гардуулах үүрэгтэй гэж заасан байдаг. Тушаалыг ажилтанд гардуулах ямар ажиллагаа хийсэн болох нь хэргийн материалд авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Ажил олгогч нь Ш.Аг 2016 оны 10 сарын 26, 11 сарын 1-ний өдөр чөлөөлсөн эсэх нь маргаантай учраас нэхэмжлэгчийн ажлаас халагдсан өдрийг тогтоох боломжгүй болж байгаа юм. Ажилтныг ажаас чөлөөлөхдөө 2 тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн тушаал гэж үзэж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн байгууллагад учирсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасан аргачлалын дагуу тогтоогоогүй, мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хариуцагч талаас хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны дүрмийн заалтыг зөрчсөн гэж байх боловч хэрэгт аюулгүй ажиллагааны дүрэм нь огт авагдаагүй байна. Компани нь нэхэмжлэгчийг бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэж ажлаас чөлөөлсөн юм бол нэхэмжлэгчийг гэм буруутай эсэхийг шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах заалтуудыг маш тодорхой оруулж өгсөн байдаг. Ажил олгогч өөрийнхөө санаачлагаар энэ гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан холбогдох заалтуудыг заавал баримтлах үүрэгтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэсэн заалт байдаг. Ажил олгогч нь  ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа хөдөлмөрийн гэрээнийхээ заалтыг биш хөдөлмөрийн дотоод журмын заалтыг үндэслэсэн байна. Иймд хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт хангалттай авагдсан гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал 2 тушаалыг ярьж  байна. Тэгэхээр ажлаас халсан сүүлийн өдөр бүх тооцоог хийх учиртай, 2016 оны 11 сарын 1-ний өдөр бүх санхүүгийн тооцоог хийж дуусгасан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмжээ авч байгаа. 2016 оны 10 сарын 21-ний өдөр буюу зөрчил гаргаснаас хойш 4 хоногийн дараа зөрчил гаргасан этгээдээс тайлбарыг нь аваад ажил олгогч зохих ёсны шийдвэрээ гаргасан. Энэ нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Хохирлын асуудал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх заалтыг хэрэглэх ёстой байсан гэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1, 136.2 нь хоёр өөр ялгаатай заалт юм.  Нэхэмжлэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1-т заасан санаатай гэмт хэрэг болохоос биш болгоомжгүй хэрэг биш. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.2-т хохирлыг тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар тодорхойлно гэж заасны дагуу хохирлыг тооцсон. Санаатай үйлдэгдэж байгаа үйлдэл дээр элэгдэл, хорогдол хасдаг гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжлэгч нь хамт ажилладаг хүнтэйгээ бүдүүлэг харьцаж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан прокурорын тогтоолоор нотлогдож байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч эрүүгийн журмаар хүлээх ёстой хариуцлагаа хүлээчихсэн байхад дахиад хариуцлага хүлээлгэх ямар үндэслэл байна вэ гэж байна. Тэгэхээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил түүний хэр хэмжээ, гэм буруугийнх нь хэр хэмжээнд тохируулаад Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэлтэй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дэх заалтыг хэрэглэх үндэслэл байхгүй, гаргасан зөрчлийн хэр хэмжээ нь ноцтой гэж авч үзэж байгаа болохоос биш хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн асуудал биш. “” ХХК-д дандаа эрчүүд ажилладаг. Энэ үйлдлийн үр дагавар гэдэг зүйл нь өөрөө ноцтой. Тиймээс 2016 оны 10 сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.8, 8.3.12, 8.3.15-д заасан ноцтой зөрчил мөн. Шүүх хуралдааны явцад болон хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад нэхэмжлэгч нь өөрөө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэрэгт цугларсан бүх баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Ань, “” ХХК-д холбогдуулан компаний ерөнхий захирлын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн Б/141, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Б/141 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, “” ХХК-д Дамп машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4395000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл /хх-ийн 1, 18-19-рт/ гаргажээ.

Нэхэмжлэгч нь “тус компанийн ажилтан Д.Гтой маргалдсаны улмаас чулуу шидэж түүний нүүрэн тус газар онож хөнгөн гэмтэл учруулсан, компанийн эд хөрөнгө болох экскэваторын шилийг хагалж 2500000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, компанид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хэрэг хуульд заасан журмаар шийдэгдсэн байхад ажлаас халах шийтгэл ногдуулсан, 2 тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй” гэж,

Хариуцагч нь “Ш.Агийн гаргасан зөрчил нь ажлаас халагдах хэмжээний зөрчил байсан. Үр дагаварыг нь тооцож үзээд ажлаас халах шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалд баримтаа өгөх гэтэл хугацаа тулчихаад байна, тушаалын огноог өөрчилж өгөөч гэж хүсэлт гаргасан учир 2016 оны 10 сарын 26-нд гарсан тушаалын огноог 2016 оны 11 сарын 1 болгон өөрчилж дахин гаргасан юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгч Ш.Аг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 136 дугаар зүйлийн 136.2, компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.8, 8.3.12, 8.3.15 дахь заалтуудыг үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т “Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна... ажлаас халах” гэж заажээ.

“” ХХК-ий “Хөдөлмөрийн дотоод журам”-ын /хх-ийн 25-29-рт/ 8 дугаар хэсгийн 8.3-т “Дараахь зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцална” гээд, 8.3.8-д “Компанид эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө, техник хэрэгсэл, эд ангийг зөвшөөрөлгүй гадагш авч гарах, эд ангийг солих, хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан”, 8.3.12-т “Аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчиж, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан, учруулах нөхцлийг бүрдүүлсэн”, 8.3.15-д “Ажилтан нь хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг харьцах, ажлын байран дээр хэрүүл маргаан хийх, бусдыг хэл амаар доромжлох” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Ш.А нь 2016 оны 10 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт Д.Гтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар чулуу шидэж эрүүн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба хэргийг хохирогч, яллагдагч сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь Дундговь аймгийн прокурорын газрын прокурорын 2016 оны 11 сарын 4-ний өдрийн 120 дугаартай тогтоолоор /хх-ийн 96-97–рт/ нотлогдож байна.  Нэхэмжлэгч нь хүний эрүүл мэнд болон компанид эд хөрөнгийн хохирол учруулсан, ажлын байран дээр хэрүүл маргаан хийсэн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан болох нь дээрхи баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх ба эндээс үзэхэд ажил олгогч нь ажилтныг компанийн хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халжээ.

 

Харин хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Аг ажлаас халсан 2016 оны 16/Б/141 дугаартай тушаалыг 2016 оны 10 сарын 26, 2016 оны 11 сарын 1-ний өдөр тус тус гаргасан байгаа нь хэрэгт ирүүлсэн дээрхи тушаалуудын хуулбараар /хх-ийн 2, 3-рт/ нотлогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгч Ш.Агийн хүсэлтээр тушаалын огноог өөрчилсөн гэж маргаж байх боловч нэхэмжлэгч нь “би тушаалынхаа огноог өөрчил” гэж хүсээгүй гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч Ш.А нь 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 16/Б/141 дугаартай тушаалын огноог өөрчлүүлэхийг хүссэн болохыг нотолсон баримтыг хариуцагч талаас ирүүлээгүй тул хариуцагч өөрийн тайлбарыг нотлоогүй гэж үзэх үндэслэлтэй байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан тушаалыг 2 удаа гаргасан байгаа бөгөөд нэхэмжлэгч Ш.А нь ажил хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт байхгүй, нэхэмжлэгч нь 2016 оны 10 сарын 26, 27-ны өдөр ажилласан байх /хх-ийн 93-рт/ тул нэхэмжлэгчийг хэзээ ажлаас халагдсан болохыг тооцох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь ажлаас халсан тушаалыг бусдаар дамжуулж авсан гэж тайлбарлаж байх ба түүний энэхүү тайлбарыг шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч үгүйсгэхгүй байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчжээ.

Ажил олгогч “” ХХК нь ажилтан Ш.Аг ажлаас халахдаа 2 удаа ажлаас халах тухай тушаал гаргасан, хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг ажлаас халагдсан өдөрт нь өгөөгүй  нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг зөрчиж ажилтныг ажлаас буруу халсан гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд нэхэмжлэгч Ш.Агийн “” ХХК-ий ерөнхий захирлын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн Б/141, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Б/141 тоот тушаалуудыг хүчингүй болгуулж, “” ХХК-д Дамп машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4395000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.  

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард авсан цалингийн дунджаас тооцоход 1 сарын дундаж цалин 1546706 төгрөг болж байх ба нэхэмжлэгч нь 2016 оны 11 сарын 1-нээс хойш шүүх хуралдаан болтол 3 сар 13 хоногийн хугацаанд ажилгүй байсан байна. Эндээс тооцож үзэхэд ажилгүй байсан 3 сарын хугацааны олговор 4640120 төгрөг болж байна. Гэвч нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин 4395000 төгрөг нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчид олгох олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж даатгалын дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэв.  

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна. Төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн ажлаас чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагад 70200 төгрөг, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 4395000 төгрөг гаргуулах тухай шаардлагад 85270 төгрөг, нийт 225670 төгрөг болно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар “” ХХК-ий ерөнхий захирлын 2016 оны 10 сарын 26-ны өдрийн 16/Б/141, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн 16/Б/141 дугаартай “Ажлаас халах  тухай” тушаалуудыг хүчингүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О овгийн Шын А//-г “” ХХК-ий “Дамп” автомашины жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 4395000  /дөрвөн сая гурван зуун ерэн таван мянган/ төгрөгийг “” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ш.Ад олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Ад олгох олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж, хариуцагч “” ХХК нь мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр төлж, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “” ХХК-д  даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “” ХХК-аас 225670 /хоёр зуун хорин таван мянга зургаан зуун далан/ төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ