| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0129/Э |
| Дугаар | 129 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
хохирогчийн өмгөөлөгч Дандий-Ядам
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ган-Очир
Хохирогч К.Э
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваа овогт Даваадалайовичын Д.Дд холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Оросын холбооны улсын иргэн, *******-ний өдөр ОХУ-ын Кысыл хотод төрсөн, *******, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хадам аавын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, *******гийн *******од оршин суух, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 585 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан регистрийн дугаартай, Даваа овогт Д.Д.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй амралтын газарт К.Эын зүүн чихний дээд хэсгийг хазаж таслан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Хохиролд 1,120,000 төгрөг төлсөн. Буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Тэр үед согтсон байсан. ” гэв.
Хохирогч К.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 05 сарын 23-ны өдөр байгууллагын хамт олонтойгоо салхинд гарсан. Тэр үед Д.Дтай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Согтууруулах ундааг өөртөө тааруулж хэрэглэсэн. Болсон үйл явдлыг бүгдийг мэдэж байгаа. Эмчилгээний зардалд гаргасан 1,120,000 төгрөгөө авсан. Цаашид нөхөх хагалгаанд орох шаардлагатай энэ хагалгааны зардлыг гаргуулна” гэв
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...манай байгууллагын ажилчид Тэрэлж рүү “*******” гэх нэртэй амралтанд очиж 4 жижиг 1 том гэр авч амарсан. Том гэртээ бид нар ууж идсэн. ...би нэг гэрт орж ууж байгаад тасарчихсан байсан. Би орилж хашгираад байснаа санаж байна. Миний ухаан орж гараад байсан. Нэг сэрэхэд намайг хүлчихсэн байсан. Би 00 оръё гэхэд намайг гаргахгүй байсан. Би 00 орчихоод гэрт орж ирэхэд ахлах К.Э байсан. Бид хоёр муудалцаад би түрүүлээд цохьсон. Би тэрнээс хойшхийг санахгүй байна. Нэг ухаан ороход ахлах К.Э толгойгоо боочихсон над руу дайраад байсан. ******* эгч намайг маажаад алаад өгье гээд толгой руу цохиж байсныг санаж байна. Надад ус уулгаад бөөлжүүлээд чихийг нь гарга гээд байсан. Намайг унт гээд унтуулсан. Өглөө сэрэхэд ахлах К.Э Налайх руу явна гээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
Хохирогч К.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2020 оны 05 сарын 23-ны өдөр Тэрэлжид байрлах “*******” нэртэй амралтын газар манай албаны 27 хүн 17 цагийн үед очсон. Бид нар гадаа тоглож байгаад том гэрт орж хоол унд идээд, ууж эхэлсэн. Манай ажлын Д.Д гэх залуу бусдаас их пиво уугаад байхаар нь чи арай их уугаад байгаан биш үү, наадах чинь архины нэг төрөл ш дээ гэхэд пиво надад үйлчлэхгүй, би өөрийгөө мэдэж байна гэж хэлсэн. Орой 23 цагийн үед би гэрийн үүдэнд зогсож байхад Д.Д ирээд эхнэрийнхээ бугуйвчийг хаячихлаа, гар утсаа өгч байгаач гэрэл тусгаад хайя, гэхээр нь утсаа гаргаж ирээд гэрлийг нь асаах гэж байх үед миний нүүрэнд цохисон. Би газар унаад босч ирээд яаж байна гэхэд ална гэж хэлсэн. Би Д.Дг тасарчихсан байна гэж бодоод гэр лүү буцаад орсон. Орон дээр сууж байхад Д.Д араас орж ирээд ална гээд над руу дайрахад тэнд байсан хүүхнүүд Д.Дг барьж хүлсэн. Шөнийн 2 цаг хүртэл хүлээтэй байсан. Би өөрийн гэртээ ороод унтах гэж байтал гаднаас цайны газрын Золоо, ******* нар орж ирсан. Тэгтэл гаднаас Д.Д орж ирээд надруу дайрсан. Дээрээс дараад авахаар нь би доошоо харж хэвтсэн. Тэгтэл миний зүүн чихнээс хазаад тавихгүй байсан. *******, ******* хоёр Д.Дг надаас салгасан. Миний чихийг тас хазсан. Цус их гарсан. Яг нохой шиг зуугаад сэгсрээд тавихгүй байсан. Би Д.Дгаас чих өг гэхэд дуугархгүй байсан. Ус өгөөд бөөлжүүлсэн боловч миний чих гарч ирээгүй... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Гэрч С.Пагмадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2020 оны 05 сарын 22-нд манай ажлынхан салхинд гарч Тэрэлжид “*******” амралтын газар очсон. 20 гаруй ажилчид 5 гэр авсан. Тоглож, ууж идээд орой харанхуйд байрласан гэрийн урд манай ажлын Д.Д нилээн согтчихсон эхнэрийнхээ өгсөн зүүлтийг гээчихлээ гар утасныхаа гэрлийг асаа гэхэд К.Э гар утсаа гаргаж ирээд гэрлийг нь асаасан. Гэтэл Д.Д толгой руу нь нэг цохиод авсан. Тэгээд хүмүүс Д.Дг бариад гэрт оруулж гарыг нь ард нь хүлсэн. Хэсэг хугацааны дараа хүлээсээ тайлчихсан тэрүүгээр яваад байсан. Хүмүүс орой унтацгаасан. Шөнө 3 цагийн үед К.Э орж ирээд хойд орон дээр унтах гэхэд гаднаас Золоо, ******* хоёр нэгийгээ чирчихсэн нилээн согтуу орж ирээд хойд орон дээр хэвтэхэд К.Э боссон. Энэ үед гаднаас Д.Д орж ирээд К.Эыг дарж унаад дээрээс нь босохгүй байхаар нь би очиж салгах гэж зууралдаад гурвуулаа зүүн талын орон дээр давхраараа унасан. Д.Дг татаад дийлдэхгүй дээрээс нь хэвтээд К.Эын чихийг нь хазаад тасалчихсан. Тэгээд чи хүний чих тасалчихлаа ш дээ гээд үснээс нь татаж чангааж байж салгасан. К.Эын чихнээс нь цус гараад би нойтон сальпеткаар дарж цусыг нь бага зэрэг тогтоогоод чихээ дарсан хэвээрээ хот руу явсан...” гэх мэдүүлэг хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 сарын 22-ны өдөр манай ажлынхан салхинд гараад Тэрэлжид байдаг “*******” гэдэг амралтын газар очсон. ...22 цагийн орчим урд талд манайхан хөөе юу болов яаж байгаан гэхээр нь харахад Д.Д нилээн согтуу К.Эыг цохьчихсон байсан. Би очоод Д.Дг авч гэрт оруулсан. Араас нь К.Эыг орж ирэхэд агсам тавих гээд байсан болохоор хүмүүс Д.Дгийн гарыг ард нь хүлсэн. Тэгээд би машиндаа очоод унтаад өгсөн. Шөнө юу болсныг огт мэдээгүй...өглөө сэрэхэд Пагмадулам эгч шөнө Д.Д К.Эын чихийг хазсан гэж ярьсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/372 дугаар: “...К.Эын зүүн чихний дэлбээнд дээд 1-3 хэсгийн эдийн дутагдал бүхий шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.8.38.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 23-ны шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй амралтын газарт хохирогч К.Эын зүүн чихний дээд хэсгийг хазаж таслан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Хохиролд 1,120,000 төгрөг төлсөн” гэх, Хохирогч К.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 05 сарын 23-ны өдөр байгууллагын хамт олонтойгоо салхинд гараад энэ үйл явдал болсон. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулна. Хагалгаанд орох шаардлагатай...” гэх, шүүгдэгч Д.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 00 орчихоод гэрт орж ирэхэд ахлах К.Э байсан. Бид хоёр муудалцаад би түрүүлээд цохьсон. ... Нэг ухаан ороход ахлах К.Э толгойгоо боочихсон над руу дайраад байсан. ******* эгч намайг маажаад алаад өгье гээд толгой руу цохиж байсныг санаж байна. Надад ус уулгаад бөөлжүүлээд чихийг нь гарга гээд байсан.... Өглөө сэрэхэд ахлах К.Э Налайх руу явна гээд явсан” гэх, Хохирогч К.Эын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2020 оны 05 сарын 23-ны өдөр ...Д.Д ирээд эхнэрийнхээ бугуйвчийг хаячихлаа, гар утсаа өгч байгаач гэрэл тусгаад хайя гэхээр нь утсаа гаргаж ирээд гэрлийг нь асаах гэж байх үед миний нүүрэнд цохисон. Би газар унаад босч ирээд яаж байна гэхэд ална гэж хэлсэн. ... Д.Д араас орж ирээд ална гээд над руу дайрахад тэнд байсан хүүхнүүд Д.Дг барьж хүлсэн. Шөнийн 2 цаг хүртэл хүлээтэй байсан. ... Д.Д орж ирээд надруу дайрсан. Дээрээс дараад авахаар нь би доошоо харж хэвтсэн. Тэгтэл миний зүүн чихнээс хазаад тавихгүй байсан. *******, ******* хоёр Д.Дг надаас салгасан. Миний чихийг тас хазсан. Цус их гарсан. Яг нохой шиг зуугаад сэгсрээд тавихгүй байсан. Би Д.Дгаас чих өг гэхэд дуугархгүй байсан. Ус өгөөд бөөлжүүлсэн боловч миний чих гарч ирээгүй... ” гэх, гэрч С.Пагмадуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ үед гаднаас Д.Д орж ирээд К.Эыг дарж унаад дээрээс нь босохгүй байхаар нь би очиж салгах гэж зууралдаад гурвуулаа зүүн талын орон дээр давхраараа унасан. Д.Дг татаад дийлдэхгүй дээрээс нь хэвтээд К.Эын чихийг нь хазаад тасалчихсан. Тэгээд чи хүний чих тасалчихлаашдээ гээд үснээс нь татаж чангааж байж салгасан. К.Эын чихнээс нь цус гараад би нойтон сальпеткаар дарж бага зэрэг тогтоогоод чихээ дарсан хэвээрээ хот руу явсан...” гэх, гэрч Б.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...22 цагийн орчим урд талд манайхан хөөе юу болов яаж байгаан гэхээр нь харахад Д.Д нилээн согтуу К.Эыг цохьчихсон байсан. Шөнө юу болсныг огт мэдээгүй...өглөө сэрэхэд Пагмадулам эгч шөнө Д.Д К.Эын чихийг хазсан гэж ярьсан...”гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/372 дугаартай дүгнэлт, хувийн байдлыг тодруулсан бичгийн нотлох баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Дд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Дд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдлуудыг үнэлэн түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч чихээ эмчлүүлэхэд шаардлагатай 2900000 төгрөгийн шаардлага гаргасныг шүүх хянан үзээд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт заасан урьдчилан шаардах зардал биш байх тул нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоол гарахад хохирогчид 1,120,000 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Даваа овогт Д.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд 1000/ нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс хохирогчид эмчилгээний зардалд 1,120,000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөг төлсөн, болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч К.Э нь 2,900,000 төгрөгийн шаардлагын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх дахин эрхтэйг дурьдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД