| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0104/Э |
| Дугаар | 104 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Ю.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Урианхай овогт Ю.Цт холбогдох эрүүгийн 2007002050103 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Анархүү цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 8 дугаар хороо, 37 дугаар байрны 03 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаартай, Урианхай овогт Ю.Ц.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ю.Ц нь 2020 оны 04 сарын 13-ны өдөр Налайх дүргийн 7 дугаар хороо Өвөршандын 6а-13 тоотод өөрийн эгч Ю.Цолмонтуяатай маргалдан улмаар хацар руу нь гараараа 2 удаа алгадаж, зүүн мөр рүү нь гараараа 1 удаа, төмөр савраар нуруу руу нь 2 удаа тус тус цохисны улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалга, нуруунд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, толгойн хуйх, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцралт, бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ю.Ц шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж хэлэх зүйлгүй. Эгчийгээ архи уугаад байна гэж бухимдсан. Одоо бид эвлэрсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ю.Ц яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...яасан даварсан юм бэ гээд нуруу руу нь 1 удаа цохиход Ю.Цолмонтуяа газар унасан. Хашааны хаалганы баруун талд байсан хогны саврыг аваад Ю.Цолмонтуяагийн нуруу руу 2 удаа цохьсон.” гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60 дугаар хуудас/
Хохирогч Ю.Цолмонтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ээж 14 цагийн үед гаднаас орж ирээд намайг архи дарс уулаа гэж загнахаар нь би ээжид хандаж “манай багшийн төрсөн өдөр болоод ...” гэж хэлсэн . Тэр үед ээж Ю.Цыг утсаар дуудчихсан байсан юм байна лээ. Миний төрсөн дүү Ю.Ц 15 цаг 20 минутын үед гаднаас орж ирээд үгийн зөрүү байхгүй хогийн савраар намайг цохиод эхэлсэн. Намайг савраар 2-3 удаа цохиод үсдэж дараад миний зүүн гуяруу өшиглөсөн. Гуя хөхөрсөн, үснээс зулгаасан учир гуя хөндүүртэй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/
Гэрч Б.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ю.Ц орж ирээд энэ хөгшин үхсэний дараа дураараа загнаарай гээд Ю.Цолмонтуяаг өшиглөөд хацар луу нь 2 удаа алгадсан. Тэр үед маргалдаж байгаад Ю.Ц гадаа байгаа хогийн савар аваад нуруу руу нь 2 удаа цохисон. Архи уулаа гээд л тэр өдөр ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30 дугаар хуудас/
Гэрч Л.Оюунбатын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Ю.Ц гаднаас орж ирээд Ю.Цолмонтуяаг цохиж аваад архи дарс уулгаа гээд дайраад байсан. Газар унагаад хогийн савраар хэд хэдэн удаа цохьсон...” гэх мдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/
Шинжээч эмч С.Төгсбуянгийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 245 дугаар:
“1. Ю.Цолмонтуяагийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалга, нуруунд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, толгойн хуйх, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ю.Ц нь 2020 оны 04 сарын 13-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо Өвөршандын 6а-13 тоотод өөрийн эгч Ю.Цолмонтуяатай архи уулаа гэж маргалдан улмаар хацар руу нь гараараа 2 удаа алгадаж, зүүн мөр рүү нь гараараа 1 удаа, төмөр савраар нуруу руу нь 2 удаа тус тус цохисны улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалга, нуруунд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, толгойн хуйх, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцралт, бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ю.Цын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “яасан даварсан юм бэ гээд нуруу руу нь 1 удаа цохиход Ю.Цолмонтуяа газар унасан. Хашааны хаалганы баруун талд байсан хогны саврыг аваад Ю.Цолмонтуяагийн нуруу руу 2 удаа цохьсон” гэх, хохирогч Ю.Цолмонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний төрсөн дүү Ю.Ц 15 цаг 20 минутын үед гаднаас орж ирээд үгийн зөрүү байхгүй хогийн савраар намайг цохиод эхэлсэн. Намайг савраар 2-3 удаа цохиод үсдэж дараад миний зүүн гуяруу өшиглөсөн. Гуя хөхөрсөн, үснээс зулгаасан учир гуя хөндүүртэй байна.” гэх, гэрч Б.Цэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ю.Ц орж ирээд энэ хөгшин үхсэний дараа дураараа загнаарай гээд Ю.Цолмонтуяаг өшиглөөд хацар луу нь 2 удаа алгадсан. Тэр үед маргалдаж байгаад Ю.Ц гадаа байгаа хогийн савар аваад нуруу руу нь 2 удаа цохисон. Архи уулаа гээд л тэр өдөр ийм асуудал болсон...” гэх мэдүүлэг, гэрч Л.Оюунбатын мөрдөн шалгах ажиллгаанд өгсөн: “...Ю.Ц гаднаас орж ирээд Ю.Цолмонтуяаг цохиж аваад архи дарс уулгаа гээд дайраад байсан. Газар унагаад хогийн савраар хэд хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 245 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ю.Цт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч Урианхай овогт Ю.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ю.Цт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг үнэлэн түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 63 см урт модон иштэй төмөр саврыг тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт Ю.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Цт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Ц нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 63 см урт модон иштэй төмөр саврыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Ю.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ю.Цт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД