Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг, Угтаалын 7-8 тоотод оршин суух Жамбанинж овгийн Рэгзэнгийн Жаргалсайханы ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Жаргалсайхан

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  1962 онд төрсөн, эрэгтэй, 57 настай. 1980 онд цэрэгт сантехникийн гагнуурчин хийж байгаад 1984 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Нэгдсэн эрчим хүчний  салбарын Эрдэнэдалай суман дахь  эрчим хүчний салбарт туслах машинист, гагнуурчин, монтер, дизелийн ахлах машинист,  засварчин зэрэг ажлыг  хавсран 11 жил ажилласан.  Анх ажилд орсон, гарсан тушаал  байхгүй учир ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Р.Жаргалсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Р.Жаргалсайханы хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар хэрэгт авагдсан боловч анх ажилд томилсон, чөлөөлсөн тушаал нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 03  сарын 12-ны өдрийн 495 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Б.Сугирын:“...Миний мэдэхээр Р.Жаргалсайхан нь 1983 онд цэргээс халагдаж ирээд Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Эрдэнэдалай суман дахь салбарт  анх туслах машинистаар орж байсан. 1990 оны 4 сард эмнэлгийн халаалтын уурын зуух Хөгжил нэгдэлд шилжиж, тэндээсээ сумын ахуйн үйлчилгээнд, эцэст нь нэг системийн байгууллага гэдэг утгаараа эрчим хүчний салбарт нэгдсэн.  Би эмнэлгийн уурын зуухыг дагаж  эрчим хүчний салбарт шилжиж ирсэн ба 1990 оны 4 сараас хойш бид хамт ажиллах болсон. Р.Жаргалсайхан нь 1983 оноос 1994 оныг дуустал Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт машинист, засварчин, гагнуурчин, монтероор ажилласан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Дугаржавын: “...Р.Жаргалсайхан нь 1984 оны 1 сарын 1-нээс Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Эрдэнэдалай суман дахь салбарт дизельчин буюу машинистаар ажилд орсон. 1995 оныг дуустал буюу тус алба татан буугдах хүртэл тасралтгүй ажилласан юм. Энэ хугацаанд дунд нь  засварчин , гагнуурчин зэрэг ажил хийж байсан.  Салбар 1983.07.01-нд анх байгуулагдсан юм. Би энэ салбар байгуулагдахад ахлах дизельчинээр ажиллаж эхэлсэн. Салбар татан буугдтал бид хамт ажилласан...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Жаргалсайханы: “...  Би 1984 онд Дундговь аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт  анх ажилд орсон.  Тус үйлдвэр намайг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын  дизель цахилгаан станцад техникчээр томилсон. Намайг энд ажилд ороход Р.Жаргалсайхан нь тус салбарт машинистаар ажиллаж байсан. Бид тэр дотроо л тойроод гагнуурчин,  самбарчин, монтёр зэрэг шаардлага гарсан ажлуудыг бүгдийг нь хийдэг байсан. Р.Жаргалсайхан нь 1994 оныг дуустал сумын Эрчим хүчний салбарт ажилласан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2013 оны 03  сарын 12-ны өдрийн 495 дугаартай “ Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1984 оны 12 дугаар сарын  12-ны өдрийн 164 дүгээр тушаалаар Эрдэнэдалайн дизель станцын самбарчин Ренчингийн Жаргалсайханыг  1984 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн засварчин монтёроор шилжүүлэн ажиллуулсугай гэсэн байна. Мөн аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1985 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаар тушаалаар самбарчин Жаргалсайханыг засварчинаар ажиллуулсан тул Д.Адъяабазарыг 1985 оны 01  сарын 01-нээс самбарчинаар ажиллуулсугай гэснийг тус тус тодорхойлов…” гэх тодорхойлолт,

3.Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн Үйлдвэрийн эвлэлийн хорооноос 1989 оны 12 сарын 30-ны өдөр  Р.Жаргалсайханд олгосон “Диплом”-ын хуулбар, 1987 оны 08 сарын 15-ны өдөр олгосон “Баярын бичиг”-ийн хуулбар,

4.Нэхэмжлэгч Р.Жаргалсайханд 1983 оны 08 сарын 05-ны өдөр олгосон -№1127/83 дугаартай, 1986 оны 07  сарын 27-ны өдөр  олгосон №1404 дугаартай “Мэргэжлийн үнэмлэх”-ний хуулбарууд,

5.Нэхэмжлэгч Р.Жаргалсайханд Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрээс 1985 оны 01 сарын 20-ны өдөр олгосон “Үйлдвэрийн даргын 1984 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 164 дүгээр тушаалаар үйлвэрийн шаардлагаар засварчин, монтёроор авч ажиллуулав”, Эрчим хүчний сайдын 1995.01.01-ний өдрийн 01 дүгээр тушаалаар  Ниймгийн даатгалын дэвтэрт шилжсэн учир  хөдөлмөрийн дэвтрийг 1994 оны 12 сарын 31-нээр тасалбар болгож хаав” гэсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар баримтууд болно.

 

Дээрх бичгийн баримтуудаар Р.Жаргалсайханы  1984 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын салбарт гагнуурчин, машинистаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Жамбанинж овгийн Рэгзэнгийн Жаргалсайхан /ЗП62022211/ нь  1984 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын салбарт гагнуурчин, машинистаар     ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд очиж авсны зардалд 10700 /арван мянга долоон зуун/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ