Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 128

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,   

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Чинбат

Хохирогч Х.Б,

Иргэний нэхэмжлэгч: Э.Г,

Иргэний хариуцагч Б.Д,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ******* овогт Б.Бт холбогдох эрүүгийн 2007001220122 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын  07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, 5 толгойд хувиараа тээврийн ажил хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, *******  дүүргийн 1 дүгээр хороо Наран хороолол 4 дүгээр байрны 132 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Б.Б.  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч  Б.Б нь 2020 оны 03 сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэйд байрлах баруунаас зүүн чиглэлтэй асфалтан зам дээр Монгол улсын Замын хөдөлгөний дүрмийн 12 дугаар зүйл ”12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 11 дүгээр зүйл “11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд  эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 36-89 УНМ улсын дугаартай “Хондо Инсайт” маркын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, жолооч Х.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ч.*******гийн эрүүл мэндэд хүнд, Э.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...03 сарын 09-нд Б.Дтэй яриад засварын газар очсон. Очиход машинаа солих гэж байна, жанамыг нь солих хэрэгтэй байна гээд бид хоёр *******т нэг засварын газраас асуухад байхгүй байсан. Тэгэхээр нь хотоос авъя гээд бид хоёр хот руу гарсан. Замдаа Б.Д Эрдэнэ суман дээр дэлгүүр орчихоод гарч ирээд шууд жолоочийн хажуугийн суудалд суугаад би машиныг нь барьсан. Цонжинболдог өнгөрч уруудаад яг юунаас болсныг нь мэдэхгүй машин гэнэт шарваад өөдөөс ирж явсан машинууд    ойртчихсон ямар ч арга хэмжээ авч амжилгүй осол болсон. Хохирол төлбөрт 4,788,000 төгрөгийг Х.Бын эгч *******д төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ” гэв.

 

Хохирогч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...3 сарын 09-нд эхнэр, хүүхэд, ээжтэйгээ хамт явж байгаад энэ осолд орсон. Эхнэр бид хоёр хоёулаа урлагийн хүмүүс учир нүүр царай хагалгаанд орох шаардлагатай байгаа. Цаашид гарах эмчилгээнийхээ зардлаа нэхэмжилнэ. Одоогоор авто машины лизингийн үлдэгдэл төлбөрөө гаргуулчихвал өөр нэхэмжилсэн хохирол төлбөр байхгүй. Эмчилгээний зардалд гарсан 4,788,000 төгрөг манай эгч ******* гаргасан байсныг шүүгдэгч бүгдийг нь эгчид өгсөн” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...Харилцагч Х.Б нь Манай байгууллагаас 2019 оны 07 сарын 10-ны өдөр “Хонда инсайт” маркын тээврийн хэрэгслийг худалдаж авах зорилгоор 8,500,000 төгрөгийн зээл авсан. Харилцагч маань эргэн төлөлтөө хийж явж байгаад уг осол аваар гарсан. Энэ талаар бид сүүлд нь мэдсэн. 3689УНМ улсын дугаартай Хондо инсайт маркын тээврийн хэрэгслийн зээлээс Монгол даатгал ХХК-аас 6,848,100 төгрөгийн нөхөн олговор олгосныг Х.Б нь манай байгууллагын кассанд төлсөн. Одоо 1,591,906 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн үлдэгдэл 1,591,906 төгрөг дээр хүү 118,700 төгрөг нийт 1,710,606 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирогч Х.Б энэ хохирлоо нэхэмжилж байгаа тул бидний зүгээс нэхэмжлэх зүйлгүй...”гэв

 

Иргэний нэхэмжлэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...миний тээврийн хэрэгсэлд 3,606,600 төгрөгний хохирол учирсан үүнийгээ нэхэмжилж байна. Иргэний хариуцагчийн хувьд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлнө...”гэв

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 сарын 09-ний өглөө манай найз Б.Д 09 цагийн үед залгаад засварын газар хүрээд ирээч машинаа солих гэж байна гэсэн. Би засварын газар очтол хуучин Тоёота эстима маркын тээврийн хэрэгслээ Кроун маркын тээврийн хэрэгслээр солихоор болчихлоо. Миний эстимагийн  жанам шатчихлаа 2-лаа солиод өгье гээд *******т засварын газруудаар ороход байхгүй байсан. Тэгээд Улаанбаатар хот орж авахаар 13 цагийн үед Б.Д машинаа бариад Эрдэнэ сум дээр ирсэн. Б.Д ундаа авахаар дэлгүүр ороод гарч ирэхдээ чи барих уу гэхээр нь би зөвшөөрөөд машиныг жолоодсон. Цонжинболдог уруудаж явтал машин гэнэт шарваад л  бөгс нь хөндөлсөөд урдаас ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөсөн. Тэгээд буугаад эмнэлэг дуудаад цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 127-130 дугаар хуудас/

 

            Хохирогч Х.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 03 сарын 09-ний өдөр өөрийн ээж *******г ******* дүүрэгт байрлах гэрт нь хүргэж өгөхөөр 14 цагийн үед  Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 3689УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод эхнэр хажууд суугаад арын суудалд охин , ээж ******* нар суусан. Ингээд 15 цагийн үед Налайх дүүрэг өнгөрөөд Цонжинболдог руу өгсөх гээд явж байтал урдаас ирж явсан цэнхэр өнгийн суудлын тээврийн хэрэгсэл бараг л зөрөх гэж байтал гэнэтхэн гулгаад зам хөндөлдөөд ороод ирсэн. Би их ойрхон явсан болохоор хүүе гэж хэлээд л мөргөлдөөд замын хажуу руу машин гарсан. Ингээд замаар явж байсан хүмүүс туслаад бид нарыг машинаас буулгаад байж байтал цагдаа болон эмнэлэг ирсэн...эмчилгээний зардлыг манай эгч ******* гаргасан. 4,788,345 төгрөг болсныг Б.Б ******* эгчид төлсөн. Мөн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 7,699,000 төгрөг болсон уг хохирлыг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл алга. ...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 14-15, 17 дугаар хуудас/

 

            Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өдөр Улаанбаатараас ******* дүүрэг рүү гэртээ харихаар төрсөн хүү Х.Бын машинтай Улаанбаатар хотоос 14 цагийн үед гараад 15 цагийн үед Налайх дүүрэг өнгөрөөд Цонжинболдог орох гээд явж байсан боловуу гэнэт урдуур машин хөндөлдөөд ороод ирсэн. Тэгээд л осол болсон. Зам маш халтиргаатай байсан болохоор зөөлөн явж байсан. Миний хоёр хөл шилбэ болон дунд чөмгөөрөө 4 хугарсан, шагайны урд хэсгээр цуурсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22 дугаар хуудас/

 

            Иргэний хариуцагч Б.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өглөө би өөрийн эзэмшлийн тоёота эстима маркын тээврийн хэрэгслээ танил Эрдэнэбаатар гэх залуутай түүний эзэмшлийн 7391 УБӨ улсын дугаартай тоёота кроун маркын тээврийн хэрэгслээр сольсон. Тэгтэл миний эстима машины жанам нь ажиллахгүй болохоор шинийг авч өгөхөөр тохироод Улаанбаатар хот явах гэж байтал Б.Б ирээд хамт явахаар болсон. Ингээд Улаанбаатар хот руу машинаа жолоодоод явж байтал Б.Б машиныг чинь барьж үзье гэхээр нь би гулгаатай байна гээд өгөлгүй жолоодсоор Төв аймгийн Эрдэнэ сум руу орсон. Миний нойр хүрээд урд өдөр нь клонк дээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж хоносон болохоор зүйрмэглэх гээд байхаар нь Б.Бт жолоогоо шилжүүлээд би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. Цонжинболдог өнгөрөөд уруудаад явж байтал гэнэт хөндөлдөөд ирэхээр нь би өндийгөөд харахад миний машин шарваад урдаас ирж явсан машиныг мөргөж, машин замын хажуу руу шидэгдсэн. Ингээд хэсэг хугацаанд юу болсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нэг сэрээд хартал хүмүүс  ирээд манай найз бид хоёрыг машинаас гаргаад удалгүй эмнэлэг болон цагдаа дуудсан... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-*******, 28  дугаар хуудас/

 

            Хохирогч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өдөр ******* дүүрэг рүү хадам ээж *******г хүргэж өгөхөөр 14 цагийн үед Улаанбаатар хотоос манай нөхөр Х.Б өөрийн эзэмшлийн 3689 УНМ улсын дугаартай Хондо инсайт маркын тээврийн хэрэгслийг жолоодоод би жолоочийн хажуу талын суудалд суугаад явсан. Ингээд 15 цагийн үед байх Налайх дүүрэг өнгөрөөд Цонжин болдогийн наана байрлах даваа руу өгсөх гээд явж байхад урдаас цувраад 3 машин уруудаж ирж яваа харагдсан. Ингээд би гар утасруугаа хараад явж байтал нөхөр хүүе гээд дуугарахаар нь толгойгоо өргөөд хартал урдаас ирж явсан машин хөндөлсөөд гулгаад ороод ирсэн. Юу хийхийн зуургүй л түс тас буугаад л явсан. Нэг мэдэхэд замын хажууруу машин гарсан зогсож байхаар нь нөхрийгөө харахад “ хөдөлж чадахгүй байна” гэсэн. Хойшоо хадам ээж рүү харахад мөн адил хөдөлж чадахгүй байсан. Би хаалга онгойлгох гэсэн чинь онгойхгүй байхаар нь хагарсан цонхоороо гарсан. Хойд талын хаалга мөн адил онгойхгүй байсан. Цонх нь хагарсан байхаар нь охиноо өргөж аваад зогсож байтал замын машин зогсоод нөхөр, хадам ээж хоёрыг машинаас гаргаж өгсөн. Удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн. Миний дух язраад 10 оёдол тавиулсан...  ” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч Э.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай банк бус санхүүгийн байгууллагаас Х.Б нь 2019 оны 07 сарын 10-ны өдөр Хонда инсайт маркын тээврийн хэрэгсэл худалдаж авах зорилгоор 8,500,000 төгргийн зээл авсан. Зээлийн эргэн төлөлтөө хийгээд явж байтал 2020 оны 03 сард манай барьцаанд байгаа тээврийн хэрэгсэл осолд орсон талаар Х.Б мэдэгдсэн. Одоо 3689УНМ улсын дугаартай Хондо инсайт маркын тээврийн хэрэгслийн зээлээс Монгол даатгал ХХК-аас 6,848,100 төгрөгийн нөхөн олговор олгосныг Х.Б нь төлсөн. Одоо 1,591,906 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Зээлийн үлдэгдэл 1,591,906 төгрөг дээр хүү 107,000 төгрөг нийт 1,698,906 төгрөгийг нэхэмжилж байна... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38 дугаар хуудас/

 

            Иргэний нэхэмжлэгч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өдөр манай ээж *******, төрсөн дүү Х.Б эхнэр охины хамт ******* явахаар гарсан. Гэтэл 15 цаг 40 минутын үед манай бэр ******* надруу залгаад “эгчээ бид нарыг машин мөргөчихлөө” гэхээр нь шууд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр очсон цагаа эхлээд өнөөдрийг хүртэл бүх зардлыг би гаргасан. Нийт 4,788,345 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 4,000,000 төгрөгийг Б.Б өгсөн. Одоо 788,345 төгрөг үлдсэн үүнийг нэхэмжилж байна. Цаашдаа гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 45-46 дугаар хуудас/

 

            Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өдөр би Улаанбаатар хотоос эхнэр хүүхдүүдээ салхинд гаргахаар Төв аймгийн Эрдэнэ суманд байх Цонжинболдог руу явж байсан. Би 15 цаг 19 минутын үед Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордок өнгөрөөд явж байхад замын хажуу талд 2 авто машин осолдсон байдалтай байсан.  Хажуугаар нь өнгөрөх үед хүүхэд уйлах чимээ сонсоод би машинаасаа бууж түргэн тусламж дуудаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-33 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/367 дугаар: “...Ч.*******гийн биед баруун дунд чөмөг ясны хугарлыг эвлүүлж бэхэлсэн мэс заслын дараах байдал, зүүн шаант ясны эвлүүлж бэхэлсэн мэс заслын дараах байдал, баруун шаант ясны хугарлыг эвлүүлж бэхэлсэн мэс заслын дараах байдал, /ГССҮТ 2020.03.13/, баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун гадна хавчаарын далд хугарал, толгойн хуйх, баруун гуянд шарх,  нүүрэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д заасан амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/365 дугаар: “ ...Х.Бын биед баруун шаант болон тахилзуур ясны хугарлыг зассан мэс заслын дараах байдал /ГССҮТ 2020.03.16/, нүүр зүүн сарвуу, баруун өвдгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи баруун шаант болон тахилзуур ясны хугарлыг зассан мэс заслын дараах байдал /ГССҮТ2020.03.16/ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нүүр зүүн сарвуу баруун өвдгөнд шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт, /хх-ийн 75-76 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/373 дугаар: “...Э.*******ийн биед духанд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, /хх-ийн 86-87 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/374 дугаар: “...Б.ын биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй” гэх дүгнэлт, /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/192 дугаар: “...Б.Бийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй” гэх дүгнэлт, /хх-ийн 92 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/193 дугаар: “...Б.Дгийн биед цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д заасан эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

 

            Шинжээчийн 06 дугаар:

            “...Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д зааснаар “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байдаг тул дээрхи үйл явдал нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна. 7397 УБӨ улсын дугаартай Тоёота кроун маркын тээврийн хэрэгслийг  жолоодож явсан Б.Б нь МУ-ын ЗХД-ийн 12 дугаар зүйл 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 11 дүгээр зүйлийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн хэрэг, осол гарах болсон үндэслэлтэй байна. 3689 УНМ улсын дугаартай Хонда инсайт маркын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Х.Б нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.

            Цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас шалгаж үзэхэд Б.Б /*******/ нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон 964580 дугаартай хүчинтэй “В”, “С”,”СЕ” ангилалтай жолооны үнэмлэхтэй, Хатанбаатарын Бат-Ундрах /ЧС79050677/ нь 2013 оны 11 сарын 13-ны өдөр олгосон 30482 дугаартай “В” ангилалтай жолоочийн үнэмлэхтэй байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 108 дугаар хуудас/,  

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1619  дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн “Басан Б.Б”, “ Хатанбаатарын Х.Б” гэж хаягласан 2 ширхэг цус тус бүрээс спирт илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 111-112 дугаар хуудас/,

            Авто машин техникийн үнэлгээний тайлан, /хх-ийн 97-101, 103-106 дугаар хуудас/

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 5-10 дугаар хуудас/,

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд,

            Хохирогчдийн хохирол төлбөртэй холбоотой бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 03 сарын 09-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо Элстэйд байрлах баруунаас зүүн чиглэлтэй асфалтан зам дээр Монгол улсын Замын хөдөлгөний дүрмийн 12 дугаар зүйл ”12.1 жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 11 дүгээр зүйл “11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд  эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 36-89 УНМ улсын дугаартай “Хондо Инсайт” маркын тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, жолооч Х.Бын эрүүл мэндэд хүндэвтэр, зорчигч Ч.*******гийн эрүүл мэндэд хүнд, Э.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох: Шүүгдэгч Б.Бийн өгсөн: “... Цонжинболдог өнгөрч уруудаад яг юунаас болсныг нь мэдэхгүй машин гэнэт шарваад өөдөөс ирж явсан машинууд ойртчихсон ямар ч арга хэмжээ авч амжилгүй осол болсон. Хохирол төлбөрт 4,788,000 төгрөгийг Х.Бын эгч *******д төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... ” гэх, Хохирогч Х.Бын өгсөн “...2020 оны 03 сарын 09-ний өдөр ...Цонжинболдог руу өгсөх гээд явж байтал урдаас ирж явсан цэнхэр өнгийн суудлын тээврийн хэрэгсэл бараг л зөрөх гэж байтал гэнэтхэн гулгаад зам хөндөлдөөд ороод ирсэн. Би их ойрхон явсан болохоор хүүе гэж хэлээд л мөргөлдөөд замын хажуу руу машин гарсан...” гэх, Хохирогч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өдөр ... Цонжинболдог орох гээд явж байсан боловуу гэнэт урдуур машин хөндөлдөөд ороод ирсэн. Тэгээд л осол болсон. ... Миний хоёр хөл шилбэ болон дунд чөмгөөрөө 4 хугарсан, шагайны урд хэсгээр цуурсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх, Иргэний хариуцагч Б.Дгийн өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өглөө ... Цонжинболдог өнгөрөөд уруудаад явж байтал гэнэт хөндөлдөөд ирэхээр нь би өндийгөөд харахад миний машин шарваад урдаас ирж явсан машиныг мөргөж, машин замын хажуу руу шидэгдсэн. ... Ямар ч байсан нэг сэрээд хартал хүмүүс  ирээд манай найз бид хоёрыг машинаас гаргаад удалгүй эмнэлэг болон цагдаа дуудсан... ” гэх, Хохирогч Э.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өдөр ... Цонжин болдогийн наана байрлах даваа руу өгсөх гээд явж байхад урдаас цувраад 3 машин уруудаж ирж яваа харагдсан. Би гар утасруугаа хараад явж байтал нөхөр хүүе гээд дуугарахаар нь толгойгоо өргөөд хартал урдаас ирж явсан машин хөндөлсөөд гулгаад ороод ирсэн. Юу хийхийн зуургүй л түс тас буугаад л явсан. Нэг мэдэхэд замын хажууруу машин гарсан зогсож байхаар нь нөхрийгөө харахад “хөдөлж чадахгүй байна” гэсэн. Хойшоо хадам ээжрүү харахад мөн адил хөдөлж чадахгүй байсан. Би хаалга онгойлогх гэсэн чинь онгойхгүй байхаар нь харагдсан цонхоороо гарсан. Хойд талын хаалга мөн адил онгойхгүй байсан. Цонх нь хагарсан байхаар нь охиноо өргөж аваад зогсож байтал замын машин зогсоод нөхөр, хадам ээж хоёрыг машинаас гаргаж өгсөн. Удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн...” гэх,  Иргэний нэхэмжлэгч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өдөр ...15 цаг 40 минутын үед манай бэр ******* надруу залгаад “эгчээ бид нарыг машин мөргөчихлөө” гэхээр нь шууд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр очсон цагаас эхлээд өнөөдрийг хүртэл бүх зардлыг би гаргасан. Нийт 4,788,345 төгрөгийн зардал гарсан. Үүнээс 4,000,000 төгрөгийг Б.Б өгсөн...” гэх, Гэрч З.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 03 сарын 09-ний өдөр ...Цонжинболдог руу явж байсан. Би 15 цаг 19 минутын үед Налайх дүүргийн 5 дугаар хороо Гордок өнгөрөөд явж байхад замын хажуу талд 2 авто машин осолдсон байдалтай байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/367 дугаар, 08 шэ/365 дугаар,  08 шэ/373 дугаар, 08 шэ/374 дугаар, 08 шэ/192 дугаар, 1619 дугаар, шинжээчийн 06 дугаар дүгнэлтүүд, Авто машин техникийн үнэлгээний тайлан, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийг хязгаарлагдаагүй байна гэж үзлээ.

           

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд Улсын яллагч нь шүүгдэгч Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасны дагуу 2 жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, 8 сарын хугацаатай хорих ял оногдуулах, хохирогч шүүгдэгчид хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч  нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт эмнэлгийн тусламж дуудсан, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр иргэний хариуцагч Б.Дд 3,306,600 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг журамлан хорих ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал дүгнэлтүүд тус тус гаргасныг  шүүх хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэлээ.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Д гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 3,606,600 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулж иргэний хариуцагч Б.Дд олгох, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар автомашинд учирсан хохирол төлбөрийн үлдэгдэл зардал 805,900 төгрөгийг иргэний хариуцагч Б.Дгээс гаргуулж хохирогч Х.Бд олгохоор тус тус шийдвэрлэж хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас банкны зээлийн үлдэгдэл гэх 859,706  төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Иргэний нэхэмжлэгч Э.Г нь зээлийн үлдэгдэл 1,710,606 төгрөг нэхэмжилж байгаа асуудал нь хохирогч Х.Б нарын хоорондох иргэний зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудал байх тул эрүүгийн хэрэгт хамааралгүй гэж үзэж иргэний нэхэмжлэгч Э.Гт шүүгдэгчийн зүгээс төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 964580 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг нэмэгдэл ял шийтгэлийг эдлүүлэх биелэлтийг ханган шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Б.Бт мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Э.Гт иргэний хариуцагч, шүүгдэгч нар нь  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батбилгээс 3,606,600 төгрөгийг гаргуулж, иргэний хариуцагч Б.Дд, иргэний хариуцагч Б.Дгээс 805,900 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Бд олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 859,706 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Х.Б, Ч.*******, иргэний нэхэмжлэгч Э.******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа  нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хариуцагч Б.Дгээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 964580 дугаартай жолоочийн үнэмлэх 1 ширхэгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

12. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД