Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 104

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би Ө.Өлзийбатад холбогдох 1770000 төгрөг гаргуулах тухай П.Батхолбоогийн нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Сэргэлэн сумын 2 дугаар багт оршин суух, Боржигон овогт Пүрэвийн Батхолбоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Нэхэмжлэгч П.Батхолбоо миний бие хариуцагч Ө.Өлзийбатад 2014 оны 11 сарын дундуур 10 бяруу авахаар тохиролцон 1 бүрийг нь 250000 төгрөгөөр үнэлж 2500000 төгрөг өгсөн. Энэ үед Ө.Өлзийбатаас 6 бяруу авсан бөгөөд үлдсэн 4 бярууг авч чадаагүй. Тухайн бярууны мөнгө нь Улаанбаатар хотод байдаг миний найз Чинбатын мөнгө бөгөөд Чинбат намайг бяруу аваад өгөөч гэж гуйсны дагуу би Ө.Өлзийбаттай тохиролцож мөнгийг нь Чинбат Ө.Өлзийбатын данс руу хийсэн юм. Ингээд Чинбатад малыг нь өгөх болоход Ө.Өлзийбат 4 бяруу дутуу өгсөн учраас би өөрийн малаас 4 бяруу нөхөж Чинбатад өгсөн. Би энд байгаагаараа өөрөө Ө.Өлзийбатаас 4 бяруугаа авна гэж бодсон. Одоогоор Ө.Өлзийбатаас малаа авч чадаагүй байна. Энэ хугацаанд Ө.Өлзийбатаас удаа дараа бяруугаа шаардахад эхний үед өгнө гэдэг байснаа сүүлийн үед холбогдож чадахгүйд хүрээд байгаа учир шүүхэд хандаж байна. 2014 оны бяруу одоо хязаалан үхэр болох байсан учир би Ө.Өлзийбатаас 4 хязаалан үхрийн мөнгө гаргуулж авах хүсэлтэй байна. Ө.Өлзийбат нь 2016 оны 2 сард 230000 төгрөг өгсөн. Одоогоор 1 хязаалан үхэр багаар бодоход 500000 төгрөгийн үнэлгээтэй байгаа учир 4 хязаалан үхрийн үнэ нийт 2000000 төгрөг, үүнээс   надад   өгсөн   230000   төгрөгийг   хасч   1770000   төгрөг   болж   байна.  Иймд

 

Ө.Өлзийбатаас 1770000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.    

 

Хариуцагч Дорнод аймгийн Баян-Уул сумын 5 дугаар баг, Бумбатын 274 тоотод оршин суух, ЖВ74122313 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Өлзийбадрахын Өлзийбат, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмаржав нар нь эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч П.Батхолбоо нь Ө.Өлзийбатад холбогдуулан 4 ширхэг хязаалан үхрийн үнэ 1770000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмаржав би нэхэмжлэгч П.Батхолбоотой ярилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлага 1770000 төгрөгнөөс 270000 төгрөгийг хасч, үлдсэн 1500000 төгрөгийг харуцагч Ө.Өлзийбат нь 2017 оны 03 сарын 10-ны дотор 2 хувааж төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч П.Батхолбоо нь хариуцагч Ө.Өлзийбатад холбогдуулан 4 ширхэг хязаалан үхрийн үнэ 1770000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмаржав, хариуцагч Ө.Өлзийбат нар нь харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1770000 төгрөгөөс 270000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ө.Өлзийбат нь үлдэгдэл 1500000 төгрөгийг 2017 оны 03 сарын 10-ны дотор 2 хувааж төлөх” талаар тусгажээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч П.Батхолбоо, хариуцагч Ө.Өлзийбат нарын “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 1770000 төгрөгөөс 270000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Ө.Өлзийбат нь үлдэгдэл 1500000 төгрөгийг 2017 оны 03 сарын 10-ны дотор 2 хувааж төлөх” тухай эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43270 төгрөгөөс 11635 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11635 төгрөг, хариуцагч Ө.Өлзийбатаас 19475 төгрөг /1500000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Батхолбоод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.   

 

 

 

 

 

ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН