Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 133

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч С.Цэрэндалай,

хохирогч  Г.А,

шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өөлд овогт М.Нд холбогдох эрүүгийн *******тай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, *******, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 7 дугаар хороо, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн   дугаартай, Өөлд овогт М.Н.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 04 сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн байранд хохирогч Г.*******н  толгойн хуйханд шарх гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул дахиж өгөхгүй.” гэв.

 

Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...М.Н манай бэр байгаа юмаа. Тэр үед М.Н ах хоёр салаад хүүхдүүдийг нь манай охин дуу бид хоёр хардаг байсан. Тэгээд ах М.Н хоёр эвлэрлээд М.Н буцаад ирсэн. Энэ хооронд ахын утсан дээр бичсэн байсан бичлэгнээс болоод М.Нтай маргалдаж цагдаад хандсан. Цагдаагийн үүдэнд маргалдаад М.Н миний хамарлуу цохисон. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 сарын 19-ний өдөр Ганхөлөгийн дүүгийнх нь гэрт хоол идээд сууж байтал гаднаас Г.А, ******* хоёр орж ирээд утасны бичлэг сонсгоод надруу хэл амаар доромжилж дайрсан. Нөхөр боль гэсэн чинь ахыгаа пизда гэж хэлсэн. Нөхөр уурлаад тогоотой хоолыг өшиглөж асгаад гар утсаа саваад эвдчихсэн. Г.А цагдаа дуудаад бид хоёрыг хэлтэс дээр авчирсан. ...Бид хоёр цагдаагийн хэлсийн хүлээлгийн зааланд хэрэлдэж маргалдсан. Г.А надад хандаж “ичихгүй бол чи гараад тэр нохойноос өөрийгөө асуудаа чамайг шааж байсандаа” гэж хэлсэн. Би урдаас нь “чамайг төмс мэднэ ш дээ” гэж хэлэхэд надруу дайрч миний үснээс зулгааж босгосон. Би адилхан өөдөөс нь үсдэлцсэн. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдож жижүүрийн цагдаа бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 78-79 дүгээр хуудас/

 

Хохирогч Г.*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 4 сарын 19-ний өдөр дүү ...Г.******* бид хоёр ах Г.Ганхөлөгийн байшинд орж ахын утсаар би зураг аваад галлерей руу нь ороход 5 секунд, 37 секундын 2 бичлэг байсынг манай дүү ******* сонсоод уйлсан. Ганхөлөг ах та нар учраа олж болдоггүй юм уу гээд уурлахаар нь би цагдаа дуудчихсан. Цагдаа ирээд М.Н бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Бид хоёр цагдаагийн хэлтсийн үүдний өрөөнд сууж байхад М.Н намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “чи юу гээд байгаа юм бэ” гэсэн чинь миний үснээс зулгаагаад намайг доош нь дарсан. Өвдөглөөд үснээс зулгааснаас болж туг тугаараа үс унасан. Намайг хэдэн удаа цохисон ” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...цагдаа ирээд Г.А, М.Н нарыг аваад явсан. Би араас нь цагдаагийн хэлтэс дээр ирэхэд Г.А, М.Н эгч хоёр хоорондоо янхан гичий гээд муудалцаад байсан. М.Н эгч Г.А эгчийг үсдэж аваад өвдөглөсөн. Тэр хооронд бие биенээ үсдээд цохиод байсан. Жижүүрийн цагдаа тэр хоёрыг салгасан. Тэр үед Г.А эгчийн үс туг тугаараа унасан. Хамар нь бага зэрэг хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гэрч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Тухайн үед би жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Цагаадгийн хэлтэс дээр дуудлагаар тухайн хоёр хүн, нэг охины хамтаар ирсэн. Тэр хоёр хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан.  Боль гэж хэд хэдэн удаа шаардлага тавьсан. Компьютер дээр мэдээллээ шивж байх үед хүмүүс орилолдоод тэр хоёр хүүхэн үсдэлцээд зууралдаад зогсож байсан. Би очоод салгаж болиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/259 дугаар:

“1. Г.*******н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, умайн булчингийн чангарал, баруун доод зовхи, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Н нь 2020 оны 04 сарын 19-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн байранд хохирогч Г.Атай маргалдаж түүний хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт,  баруун доод зовхи, баруун шилбэнд гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Цагдаагийн үүдэнд маргалдаад М.Н миний хамарлуу цохисон. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх, Шүүгдэгч М.Н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ...Бид хоёр цагдаагийн хэлсийн хүлээлгийн зааланд хэрэлдэж маргалдсан. Би адилхан өөдөөс нь үсдэлцсэн. Тэгээд бид хоёр хоорондоо зодолдож жижүүрийн цагдаа бид хоёрыг салгасан...” гэх, Хохирогч Г.*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид хоёр цагдаагийн хэлтсийн үүдний өрөөнд сууж байхад М.Н намайг хэл амаар доромжлоод байхаар нь би “чи юу гээд байгаа юм бэ” гэсэн чинь миний үснээс зулгаагаад намайг доош нь дарсан. Өвдөглөөд үснээс зулгааснаас болж туг тугаараа үс унасан. Намайг хэдэн удаа цохисон ” гэх, Насанд хүрээгүй гэрч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... Г.А, М.Н эгч хоёр хоорондоо янхан гичий гээд муудалцаад байсан. М.Н эгч Г.А эгчийг үсдэж аваад өвдөглөсөн. Тэр хооронд бие биенээ үсдээд цохиод байсан. Жижүүрийн цагдаа тэр хоёрыг салгасан. Тэр үед Г.А эгчийн үс туг тугаараа унасан. Хамар нь бага зэрэг хавдсан...” гэх, Гэрч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Компьютер дээр мэдээллээ шивж байх үед хүмүүс орилолдоод тэр хоёр хүүхэн үсдэлцээд зууралдаад зогсож байсан. Би очоод салгаж

болиулсан...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/259 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Нд холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчаас хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж гэм буруугийн талаар дүгнэлт гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг хангасан байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Иймд шүүхээс шүүгдэгч Өөлд овогт М.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Нд холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох санал гаргасныг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг  харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан тохирсон ялыг түүнд оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь уг хугацаанд 500,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД