Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 66

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 1-р багийн иргэн Боржигон овгийн Дамдинсүрэнгийн Отгоны ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Отгон

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  1963 онд төрсөн, эмэгтэй, 54 настай. Би 1984 оны 01 сарын 01-нээс 1994 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчинаар ажиллаж байсан юм. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрийн зарим хэсэг нь бөглөгдөөгүй, тамга, тэмдгийн зөрчилтэй болоод байна. Нэгдэл нь 1992 онд өөрчлөгдөөд Хөгжил ХК болоход мөн би малчинаар ажиллаж байсан. Иймд 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 02 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Отгон нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Д.Отгоны хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар хэрэгт авагдсан боловч бичилт, тамга, тэмдгийн зөрчилтэй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02  сарын 08-ны өдрийн 54 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Г.Баатарын:“...Д.Отгон нь 1984 оны эхнээс 1994 оныг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад малчин байсан. Нэгдэл нь 1990 оны эхээр хувьчлалд орж компани болон өөрчлөгдөхөд Д.Отгон нь уг компанид малчин болж байсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч С.Адъяасүрэнгийн: “...Д.Отгон нь 1984 оны 01 сарын 01-нээс 1994 оныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл гэж байхад малчинаар ажиллаж байсан. Би тэр үед мөн Хөгжил нэгдэлд малчин байсан юм. Бид нэг усанд нутаглаж, нэг нэгдэлд ажиллаж байсан учир Д.Отгоны ажиллаж байсан талаар сайн мэднэ...” гэх мэдүүлэг,

- Гэрч Г.Пүрэвдоржийн: “...Д.Отгон нь 1984 оны эхнээс 1994 оныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цавчир бригадад малчин байсан. Бригадын төв дээр байдаг, бригадын үйлчлэгч гэх ажлыг бас давхар хийж байсан юм. Би мөн нэгдэлд малчин байсан...” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02  сарын 08-ны өдрийн 54 дугаартай “ Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 01 сарын 01-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажилласан тухай холбогдох баримтанд байхгүй байгаа тул Дамдинсүрэн овогтой Отгонд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 02 сарын 13-ны өдрийн 08/113  дугаартай “Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэл нь 1991 оны 03 сарын 12-нд улсын бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1992 оны 02 сарын 19-нд Хөгжил ХК, 1996 оны 04 сарын 18-нд  Далайн хөгжил хоршоо болон өөрчлөгдсөн болно...” гэх тодорхойлолт,

4.Нэхэмжлэгч Д.Отгонд 1983 оны 09 сарын 10-ны өдөр олгосон 1984, 1985, 1986 оны 2, 6, 7, 8-р сар, 1987, 1988 оны 1-4 сар, 1989 оны 1-4 сар, 1990 оны 6-12 саруудын ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

5.Нэхэмжлэгч Д.Отгонд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс 1992 оны 02 сарын 29-нд олгосон 1991, 1992, 1993, 1994 онуудын ажилласан хоног, цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар баримтуудаар Д.Отгоны 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 02 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д малчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигон овгийн Дамдинсүрэнгийн Отгон /ЗП63032907/ нь 1984 оны 01 сарын 01-нээс 1992 оны 02 сарын 19-нийг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд, 1992 оны 02 сарын 19-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал Эрдэнэдалай сумын Хөгжил ХК-д малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд очиж авсны зардалд 10700 /арван мянга долоон зуун/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ