Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 67

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5-р багийн иргэн Үнстэй овгийн Цэгмидийн Баяраагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Баяраа

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  1960 онд төрсөн, эрэгтэй, 57 настай. Улсад 15 жил ажилласан. Би Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 01 сарын 01-нээс 1990 оныг дуустал хэсгийн ахлагч, малчинаар ажиллаж байсан юм. 2007 онд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж тогтоолгох гэж явж байгаад хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн. Иймд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 01 сарын 01-нээс 1986 оны 12 сарын 31-нийг дуустал хэсгийн ахлагчаар, 1987 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ц.Баяраа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Ц.Баяраагийн  хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02  сарын 08-ны өдрийн 53 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч И.Буянтогтохын:“...Манайх 1980 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Цагаан-Овоо бригадын төв дээр очиж буусан юм. Энэ үед Ц.Баяраа нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад хэсгийн ахлагч хийж байсан. Хэсгийн ахлагчаар 1987 он хүртэл ажилласан. Түүнээс хойш нэгдэлд малчин болж 1991 оны 11 сард манайхыг нүүх хүртэл тасралгүй малчинаар ажилласан. Өөрөөр хэлбэл 1980 оноос 1987 он хүртэл хэсгийн ахлагчаар, 1987 оноос нэгдэл тарах хүртэл малчинаар ажилласан гэсэн үг юм. Би тэр үед нэгдлийн түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Эрдэнэ-Очирын: “...Ц.Баяраа нь 1981 оноос 1986 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлийн Цагаан-Овоо бригадад хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Манай бригад 3 хэсэгтэй ажиллаж байсны нэгнийх нь ахлагч байсан. Түүнээс хойш 1992 онд нэгдэл тарах хүртэл малчинаар ажилласан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Сугирын: “...Намайг Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1979 оноос 1991 оныг дуустал Цагаан-Овоо бригадын даргаар ажиллаж байхад Ц.Баяраа нь 1982 оноос нэгдэл тарах хүртэл хэсгийн ахлагч, малчинаар ажиллаж байсан юм. Бид хамт ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02  сарын 08-ны өдрийн 53 дугаартай “ Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 01 сарын 01-нээс 1991 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажилласан тухай холбогдох баримтанд байхгүй байгаа тул Цэгмэд овогтой Баяраад холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

3.Нэхэмжлэгч Ц.Баяраад Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдлээс олгосон “1977 оны 08 сарын 01-нээс бригадын хэсгийн ахлагчаар томилов” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

4.Нэхэмжлэгч Ц.Баяраагийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд малчин болон хэсгийн ахлагчаар ажиллаж байсны 1986 оны цалингийн цэстийн хуулбар баримтуудаар Ц.Баяраагийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 01 сарын 01-нээс 1986 оны 12 сарын 31-нийг дуустал хэсгийн ахлагчаар, 1987 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Үнстэй овгийн Цэгмидийн  Баяраа /ЗП60011817/ нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1982 оны 01 сарын 01-нээс 1986 оны 12 сарын 31-нийг дуустал хэсгийн ахлагчаар, 1987 оны 01 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд очиж авсны зардалд 10700 /арван мянга долоон зуун/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ