Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 68

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, Далайн 5-4 тоотод оршин суух Хорин овгийн Лайзадын Даваасүрэнгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017  оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  1963 онд төрсөн, эмэгтэй, 54 настай. Улсад 5 жил 4 сар ажилласан юм. Үүнээс 1984 оны 08 сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд малгайн оёдолчиноор ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд орсон, гарсан тушаалууд олдохгүй байна. Иймд хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг үндэслэн 1984 оны 08 сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд малгайн оёдолчиноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Даваасүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Л.Даваасүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар хэрэгт авагдсан боловч ажилд орсон, гарсан тушаал нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02  сарын 09-ний өдрийн 60 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Т.Нарангийн:“...Л.Даваасүрэн нь 1984 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчиноор ажиллаж байсан. Би 1978 оноос 1992 оны хооронд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд оёдолчиноор ажиллаж байсан юм. Бид хамт ажиллаж байсан учраас энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэднэ. Л.Даваасүрэн нь малгайн оёдолчиноор ажилладаг байсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Ж.Яндагсүрэнгийн: “...Л.Даваасүрэн нь 1984 оноос 1990 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд малгайн оёдолчиноор ажиллаж байсан. Би мөн тус төвд оёдолчин байсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч Ц.Дэмбэрэлнямбуугийн: “...Л.Даваасүрэн нь 1984 оны 08 сараас  1990 он хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд малгайн оёдолчиноор ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 02  сарын 09-ний  өдрийн 60 дугаартай “ Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Хөгжил нэгдэлд 1984 оны 08 сарын 29-нөөс 1989 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажилласан тухай холбогдох баримтанд байхгүй байгаа тул Лайзад овогтой Даваасүрэнд холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

3.Нэхэмжлэгч Л.Даваасүрэнд 1987 оны 05 сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвөөс олгосон “АҮТ-ийн даргын 1984 оны 08 сарын 29-ний өдрийн 43-р тушаалаар 1984 оны 04 сарын 29-ний өдрөөс малгайн оёдолчиноор авч ажиллуулав”, “АҮТ-ийн даргын 1989 оны 12 сарын 30-ны өдрийн 50-р тушаалаар 1989 оны 12 сарын 30-наас өвчний учир үндсэн ажлаас нь чөлөөлөв” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

4.Нэхэмжлэгч Л.Даваасүрэнд 1983 оны 11 сарын 15-нд олгосон 602317 дугаартай 1986 оноос 1990 оны 03 сар хүртэл цалин, татварын бичилт бүхий Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэлийн хуулбар баримтуудаар Л.Даваасүрэнгийн 1984 оны 08 сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд малгайн оёдолчиноор ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хорин овгийн Лайзадын Даваасүрэн /ЗП63042300/ нь 1984 оны 08 сарын 29-ний өдрөөс 1989 оны 12 сарын 30-ныг хүртэл Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Ахуй үйлчилгээний төвд малгайн оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь гэрчийн мэдүүлгийг Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд очиж авсны зардалд 10700 /арван мянга долоон зуун/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ