| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2020/0647/Э |
| Дугаар | 0670 |
| Огноо | 2020-06-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 0670
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичиг Н.Энхнаран хөтлөн,
улсын яллагч Б.Алтанцэцэг,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г овогт Бы Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай, хоёр хавтас хэргийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овогт Бы С нь Монгол улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ... суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, “...” цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, иргэний бүртгэлээр ... ... гэх газар оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ ... дугаар хороонд байрлах “...” цэцэрлэгийн 5 тоотод түр оршин сууж байсан, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Б.С нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн ... тоотод байх иргэн Н.Дийн байрыг түрээслэж байхдаа иргэн Б.Хийн фейсбүүкт тавьсан зарын дагуу түүнтэй фейсбүүк чатаар нь холбогдож “өөрийн эзэмшлийн нэг өрөө байрыг түрээслүүлнэ” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Хээс Хан-Уул дүүргийн ... тоотын гадна байхдаа 3 сарын түрээсийн төлбөр гэж 1.350.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5166258853 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,
-2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ... тоотод байх иргэн Н.Дийн байрыг түрээслэж байхдаа иргэн Ж.Эын фейсбүүкт тавьсан зарын дагуу түүнтэй утсаар холбогдож “өөрийн эзэмшлийн нэг өрөө байрыг түрээслүүлнэ” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ж.Эаас түрээсийн төлбөрийн урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5166258853 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан;
-2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ... тоотод оршин суух иргэн Х.Хишигмаатай утсаар ярьж “эгч нь “...” электрониксоос худалдаж авсан танай гэрт томдоод байгаа хөргөгчийг чинь худалдаж авъя, манай нөхөр Суданд алба хааж байгаа, удахгүй ирээд бид хоёр хуримаа хийх юм, би маргааш чиний данс руу мөнгийг нь хийе” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, “Самсунг” брэндийн хөргөгчийг залилан авч 1.449.900 төгрөгийн хохирол учруулсан;
-2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Этэй “...нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, хүүхдийн диплом бичээд буцаагаад өгье...” гэж хуурч мэхлэн, “...” маркийн нөүтбүүкийг залилан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдын нийт 3.799.900 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би өөрийн фэйсбүүк хаягаас “Байр түрээслүүлнэ” гэсэн группэд “19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо 1 өрөө байр түрээслэнэ” гэсэн зар тавьсан. Тэгсэн чинь С Б гэсэн фэйсбүүк хаягаас “Хурд хороололд 1 өрөө байр байна, түрээслэх үү” гэж чат бичихээр нь би байрныхаа зургийг, утасныхаа дугаартай явуулчих гэхэд миний фэйсбүүк рүү байрныхаа дотор талын зургийг явуулсан. Тэгээд утсаар нь холбогдоод 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хорооллын 4 дүгээр байрны 4 давхарт 86 тоот байранд очиход С гэх эмэгтэй хаалга онгойлгож өгсөн. Уг байрыг түрээслэхээр тохиролцоод би явсан. Тэгсэн тэр өдрөө С гэх эмэгтэй “над руу мөнгө шилжүүлчих” гэхээр нь “би байрандаа орж байгаад мөнгө өгье” гэж хойшлуулсан.
2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хорооллын 4 дүгээр байрны 4 давхар 86 тоотод очиход гэрт нь хүмүүс байсан, намайг дотогш оруулаагүй. Тэгээд байрны хаалганы түлхүүрийг шалгаж аваад 3 сарын байрны төлбөр болох 1.350.000 төгрөгийг С гэх эмэгтэйн 5166258853 дугаарын данс руу интернэт банкаар тэр эмэгтэйгийн хажууд зогсож байгаад шилжүүлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 07-ны өдөр байрандаа нүүж орох байсан чинь С гэх эмэгтэй хөдөөнөөс хамаатны хүмүүс ирсэн, эмнэлгээр дагуулж явах шаардлагатай болчихлоо гэж хэлж 1 өдрөөр хойшлуулсан. Маргааш нь болсон чинь дахин 2 өдрөөр хойшлуулсан. Бас дахин 2 өдрөөр хойшлуулъя гэж хэлээд хагас ... өдөр буюу 01 дүгээр сарын 11-ний өдөр байранд нь очсон чинь С гэх эмэгтэй ганцаараа байсан. Тэгээд уулзаж ярилцаад 01 дүгээр сарын 12-ны өдөр орохоор болж тохиролцсон боловч дахин хойшлуулсан. Маргааш нь С гэх эмэгтэй “хөдөөнөөс ирсэн хүн маань нас барчихлаа” гэсэн мессеж бичсэн байхаар нь өглөө нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа тараад орой байранд очсон чинь түлхүүр нь таарахгүй, голыг нь сольсон байсан. Хашуу талын хөршөөс нь асуухад бас нэг залуу сураглаж явсан гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь цагдаад өргөдөл өгөхөөс өмнө С залгаад “би хөдөө явж байна, дансаа үлдээчих, мөнгийг чинь шилжүүлье” гэж мессеж үлдээсэн байсан боловч мөнгөө шилжүүлээгүй. Түүнээс хойш дахиж холбоо бариагүй. Тэр байрны эзнийх нь охин болох эмэгтэйтэй уулзахад С гэх эмэгтэй нь анх хоёр найзын хамт манай байрыг түрээслэдэг гэж хэлсэн. Түрээсийн мөнгөө бүтэн өгөөгүй гэж ярьж байсан. Би хохирлоо барагдуулмаар байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр тал)
2. Б.Хийн Голомт банкинд эзэмшдэг дансны хуулгад 2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байрны мөнгө гэсэн утгатай 1.350.000 төгрөгийг С, Хаан банк” гэж шилжүүлсэн хэсэг/ (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал),
3. Хохирогч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Би 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр фэйсбүүкт “нэг өрөө байр түрээслэнэ” гэсэн зар тавьсан. Б С гэсэн хаягаас “нэг өрөө байр бэлэн байна” гээд зураг явуулахаар нь би чатаар нь холбогдоод Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Рапид харш” хорооллын 4-86 тоотод очиж үзээд түрээслэхээр тохиролцоод явсан. Маргааш нь Б.С над руу чат бичээд “яаралтай урьдчилгаа мөнгө хийчих, үгүй бол өөр хүнд түрээслэлээ” гэхээр нь би эхнэр рүүгээ яриад Б.Сгийн Хаан банкны 5166258853 тоот данс руу урьдчилгаа болох 500.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө байрандаа орохоор болж, уг байранд очиход өөр нэг хүнд давхар түрээслэсэн байсан. Б.С гэх хүн намайг залилсан байна гэдгийг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Хохирлоо төлүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар тал),
4. Хохирогч Х.Хишигмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...Манайх 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатарын талбайн хажуу талын “... электроникс”-оос “Samsung” брэндийн саарал өнгийн 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгчийг лизингээр авсан юм. Гэтэл уг хөргөгч нь манайд тавихад арай томдоод байсан. Тухайн үед “... электроникс” руу залгатал “уг хөргөгчийг буцаах боломж байхгүй, гэхдээ та лизингийн баримт бичиг авч бүрдүүлж байсан манай компанид ажилладаг хүнтэй ярьж уг асуудлаа хэл” гэж хэлж байсан. Манайхыг хөргөгч авч байхад лизингийн материалыг бүрдүүлж өгч байсан хүн нь С гэж эгч байсан. Би 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр лизингийн материал дээр байх С гэх эгчийн 88174202 гэсэн дугаар руу залгаж Стай холбогдоход нэгэнт хүргэлт хийсэн барааг буцаахгүй гэж хэлсэн. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 12.00 цагийн үед С эгч над руу 88174202 дугаараар холбогдож “эгч нь “... электроникс”-оос худалдаж авсан томдоод байгаа хөргөгчийг чинь авъя, манай нөхөр Суданд алба хааж байгаа, удахгүй ирээд бид хуримаа хийх юм, би маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны данс руу чинь мөнгийг нь хийе” гэж хэлсэн. Тухайн үед би ажил дээрээ байсан болохоор С гэх эгчид итгээд тэг тэг” гэж хэлсэн. С эгчийг “... электроникс”-д ажиллаж байгаа гэж бодоод зөвшөөрсөн юм. С эгч тэр өдөр 15.00 цагийн үед нэг эрэгтэй хүнтэй хамт манайд очиж, уг хөргөгчийг дээрээ ачаатай суудлын автомашинтай очиж авсан гэж манай гэрийн хүн хэлсэн. Би маргаашнаас нь С эгч рүү залгахад “манай нөхөр гадаадаас доллар шилжүүлсэн боловч миний иргэний үнэмлэхийн хугацаа дуусаад авч болохгүй байна, ажил хийж байна, цалин буудаггүй” гэх мэтээр худлаа яриад байхаар нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “... электроникс” дээр очиж ажилтнуудтай нь уулзахад “С гэх эмэгтэй “... электроникс”-д гуравхан өдөр дадлагажигчаар ажилласан бөгөөд ажил хийж чадахгүй гэдэг шалтгаанаар гарсан” гэж хэлсэн. Ингээд залилуулсанаа мэдсэн. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би С эгчтэй “... электроникс”-ийн межежерээр яриулж, дуудуулж уулзахад “би хөргөгчийг чинь гэртээ тавиад дотор нь мах хийчихсэн байгаа, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэхэд хөргөгчний чинь мөнгийг өгнө” гэж надад хүсэлт бичиж өгсөн. Уг хүсэлттэйгээ хамт өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг өгсөн. Иргэний үнэмлэхийн зураг нь өөрийнх нь зураг байсан. Мөн “... электроникс”-ийн менежерт С эгч “компанийн нэр хүндэд ахиж халдахгүй” гэх баталгаа бичиж өгч байсан. Тэрнээс хойш утсаа авахгүй, авахаараа худлаа яриад байхаар нь би цагдаад өргөдөл өгсөн. Би ... сумын цагдаа руу утсаар холбогдоод Б овогтой С гэх хүнийг таньдаг талаар асуухад “Б овогтой Сг Улаанбаатар хотын Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар асуудаг, уг дүүргүүдэд залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн, эрэн сурвалжилж байгаа” талаар надад хэлсэн. Би С гэх хүнээс 1.500.000 төгрөгөө авмаар байна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал),
5. Тэнцвэр эстимэйт ХХК-ний 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Ц-502 дугаартай “... “Samsung” маркийн хөргөгчийн үнийг 1.449.900 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар тал),
6. Хохирогч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр сургууль дээрээ байхад манай Баянхонгор аймгийн 10 жилийн сургуулийн дотуур байранд хамт амьдарч байсан С гэх эгч миний фэйсбүүкийн Galinin Enkhtsetseg нэртэй хаягаар өөрийнхөө Б С нэртэй миний фэйсбүүкийн чатаар эгчдээ дугаараа өгөөч гэсэн байхаар нь өөрийнхөө 88864098 дугаарыг бичээд үлдээсэн. Удалгүй тэр өдрөө С эгч над руу 80152089 дугаарын утсаар залгаад надтай юм ярьж байгаад, надаас нөүтбүүк байгаа юу гэж асуухаар нь би байгаа гэхэд С эгч надад “3 хоног түр хэрэглүүлээч, хүүхдийн диплом биччихээд буцаагаад өгье, нөүтбүүкээ хэрэглүүлсний хариуд чамд Монгол бичгээр хүссэн үгийг чинь бичиж өгье гэсний дагуу би С эгчтэй харилцан тохиролцоод зөвшөөрсөн. Тухайн үед би сургууль дээрээ байсан. Нөүтбүүк гэрт байсан тул эмээ рүүгээ утсаар яриад “миний нөүтбүүкийг Таван шаран автобусны буудал дээр хүнд аваачаад өгөөч” гэсэн. Тэгээд С эгчид эмээгийн дугаарыг хэлж өгсөн. Түүнээс хойш 17 цаг өнгөрч байхад С эгч Таван шарын автобусны буудал дээр очоод эмээтэй утсаар ярьж байгаад уулзаад миний нөүтбүүкийг аваад явсан байсан. С эгч над руу залгаад нөүтбүүкийг чинь эмээгээс чинь авсан гэж хэлсэн. Үүнээс 3 хоногийн дараа би С эгчийн 80152089 дугаар руу залгахад маргааш өгье, ажил явдал гараад завгүй байна, зуслан дээр байна” гэсээр байтал 5 сар болсон. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Голд” нэртэй Модны хоёрт байрлах ломбарднаас над руу залгаад С гэх хүн таны нөүтбүүкийг 160.000 төгрөгөөр барьцаанд тавьсан, хугацаа нь дуусаад зарагдах гээд байгаа тул хурдан ирж аваарай гэсэн. Би С эгч рүү залгаж хэлэхэд надтай уулзаагүй, эгч нь хөдөө байна, ломбарданд тавиагүй, ямар ч байсан хохирлыг чинь барагдуулна, уулзахаараа учрыг нь олж өгье гэсээр байтал миний нөүтбүүк зарагдсан байсан. Би нөүтбүүкээ 500.000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо барагдуулж авна. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дүгээр тал), мөн хохирогч Г.Эээс хэрэгт ирүүлсэн шүүгдэгч Б.Стай түүний фэйсбүүкээр зурвасаар харилцсан хэсгийг буулгасан гэх гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 214-220 дугаар тал),
7. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 332 дугаартай “...... брэндийн 15 инчийн нөүтбүүкийн үнийг 500.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 238-240 дүгээр тал),
8. Гэрч Ж.Дэмбэрэлсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 17 цагийн үед над руу Э яриад “эмээ миний зөөврийн компьютерийг аваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын автобусны буудал дээр хүрээч” гэхээр нь би компьютерийг нь өөрийнх нь хар цүнхэнд хийгээд гэрээс гарч явсан. 17 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын автобусны буудлын Тахилт тийшээ явдаг замын автобусны буудал дээр очоод зээ охин Э рүү залгахад “тань руу нэг хүн залгаад таньтай уулзана, тэгэхээр нь тэр хүнд өгчихөөрэй” гэсэн. Тэгтэл над руу нэг танихгүй дугаараас залгаад “та хаана байна” гэхээр нь бид ярилцаж байгаад уулзсан. 30 орчим насны намхан нуруутай, бор эмэгтэйд компьютерийг нь өгчихөөд зээ охин руугаа өөрийнхөө утсаар яриулаад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар тал),
9. Гэрч Б.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Asus core-1” маркийн нөүтбүүкийг Бы С гэдэг хүн 150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан. 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хугацаа дуусаад манайх байгууллагынхаа дотоод журмын дагуу 7 хоног хүлээсэн боловч барьцаанд эд зүйлээ тавьсан хүн ирээгүй, хугацаа дууссан талаар хэлэх гээд утас руу нь залгасан боловч холбогдохгүй байсан. Тэгээд дотоод журамд заасан хугацаа дууссанаас хойш 10 гаруй хоног хүлээгээд утас нь холбогдохгүй болохоор нь аргаа бараад нөүтбүүкийг асааж үзээд, ямар сайт руу орсон талаарх мэдээллийг үзэж байхад хүмүүсийн мэдээлэл утасны дугаар байхаар нь залгаж үзэж байтал /дугаарыг нь санахгүй байна/ нэг эмэгтэй хүнтэй яриад Батсайхны С гэж хүн мэдэх үү, нөүтбүүк ломбарданд тавьсан хугацаа нь дуусаад зарагдах гээд байна гэхэд за ахаа, би тань руу эргээд яръя гэж хэлчихээд эргэж холбогдоогүй, эзэн нь олдохгүй байхаар нь манайх байгууллагын дотоод журмын дагуу хоёр хоногийн дараа явуулын хүнд 160.000 төгрөгөөр худалдаж, байгууллагыг хохиролгүй болгосон. Нөүтбүүкийг зарснаас 2 хоногийн дараа нэг эмэгтэй залгаад “нөүтбүүк байгаа юу, миний нөүтбүүкийг хэрэглээд өгнө гэчихээд ломбарданд тавьсан байна” гэхээр нь би нөүтбүүкийг зарж борлуулсан, өөрийн чинь нөүтбүүк гэдгийг мэдээгүй гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар тал),
10. “Gold” барьцаалдан зээлдүүлэх газрын үйлчилгээний гэрээ, уг гэрээнд Asus core-1, mouse, цэнгэлэгч болон цүнх зэргийг 150.000 төгрөгт барьцаалсан гэсэн бичвэр хэсэг, Ти Ти эйч медиа ХХК-ний Улсын бүртгэлийн гэрчилгээ /гүйцэтгэх захирал Б.Түвшинбаяр бүртгэлтэй тухай/, барьцаат зээлийн журам (1 дүгээр хавтаст хэргийн 241-243 дугаар тал),
11. Шүүгдэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд
гэрчээр 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр өгсөн:
“...Нөүтбүүкний хэрэг гараад фэйсбүүк чатаа гүйлгэж байхад манай нутгийн дүү Э чатад байсан. Эээс нөүтбүүк байна уу, эгч нь дипломын ажил бичээд, 3 хоногийн дараа өгье, хариуд нь миний дүү уран бичлэгийн бичвэр аваарай гэж хэлсэн. Э тэгье, байгаа гэж зөвшөөрөөд би сургууль дээрээ байна гэсэн. Э над руу залгаад эмээгээр өгөөд явуулъя, та таван шарын автобусны буудал дээр ирээд авчих гэсэн. Би таван шарын автобусны буудал дээр очоод Э рүү залгахад “та наанаа хүлээж байгаарай, манай эмээ очиж байгаа, миний утас эмээд байгаа” гэсэн. ...Би 10 минут орчим хүлээж байхад Эийн эмээ гэх хүн яриад хар өнгийн цүнхтэй 15 инчийн дэлгэцтэй таг нь эвдэрсэн нөүтбүүк залгуурын хамт өгсөн. Би нөүтбүүкийг авсан. Баянхонгор явах гэсэн чинь зардлын мөнгө олдохгүй болохоор нь Эийн нөүтбүүкийг “Голд” нэртэй ломбардад өөрийн бичиг баримтаар 150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Утасны дугаар дээр Эийн дугаарыг бичиж үлдээгээд явсан. Тэндээс мөнгөө аваад шууд Баянхонгор аймаг явсан. Нөүтбүүкийг ломбардад тавьсан талаар Эт хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дугаар тал),
яллагдагчаар 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн ... тоот нэг өрөө орон сууцыг Д гэх эмэгтэйгээс сарын 500.000 төгрөгөөр түрээслэн амьдарч эхэлсэн. Тэгээд байрнаасаа гарахаар шийдсэн болохоор фэйсбүүкээр 1 өрөө “байр түрээслэнэ” гэсэн зар байхаар нь холбогдсон. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хорооллын 4 дүгээр байрны 86 тоот байрыг түрээслэхээр Э, Хэ гэх 2 хүнтэй холбогдсон. Тэгээд эхлээд Хэ ирж байрыг үзээд түрээслэхээр болж 3 сарын төлбөрийг нь эхэлж хийхээр болоод миний данс руу 1.350.000 төгрөгийг шилжүүлсэн. Хэ мөнгө шилжүүлснээс 3-4 хоногийн дараа байрандаа орно гэж байсан. Хийг мөнгө шилжүүлсний дараа Этай уулзахад Э түрээслэхээр болсон. Тэгэхээр нь сарын 500.000 төгрөгөөр түрээслэхээр болж 500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан. Э нь 7 хоногийн дараа байрандаа орно гэж байсан. Би Хэ, Эын мөнгийг дансаараа авчихаад байрнаасаа эд зүйлээ аваад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал),
“...Би энэ хэргийг үйлдсэн. Нөгөө хэрэг дээр яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ мэдүүлсэн байгаа. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 78 дугаар тал),
-2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр өгсөн:
“...Би дээрх 4 үйлдлийг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйл байхгүй.... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар тал),
12. Шүүгдэгч Б.Сгийн “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр “байрны мөнгө” гэсэн утгатай 1.350.000 төгрөг Б.Хээс шилжүүлэн авсан ... “ гэсэн хэсэг (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал), мөн 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр “...байрны түрээс Баярмаа гэсэн утгатай 500.000 төгрөг шилжүүлсэн авсан...” хэсэг (1 дүгээр хавтаст хэргийн 42, 101 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 29-34 дүгээр тал),
13. Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1214 дугаартай “...эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013080 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 4 дүгээр байрны 86 тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.Д бүртгэлтэй байна” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
14.Шүүгдэгч Б.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 85, 171, 2 дугаар хавтаст хэргийн 7 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 88, 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар тал), түүний нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хуулийн этгээд бүртгэлгүй тухай албан бичиг, лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 94, 96, 98, 2 дугаар хавтаст хэргийн 12, 14 дүгээр тал), ... сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 21 дүгээр тал), “Төрийн банк”-нд эзэмшдэг депозит дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 105, 2 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар тал), “Худалдаа хөгжил”, “Кредит”, “Капитрон”, “Хас”, “Чингис Хаан”, “Ариг”, “Үндэсний хөрөнгө оруулалт”, “Богд”, “Капитал”, “Транс” банкуудад Б.С нь данс эзэмшдэггүй тухай лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 106-115, 2 дугаар хавтаст хэргийн 25-28, 38-39 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар.
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.С нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б.Хэ, Ж.Э, Х.Хишигмаа, Г.Э нарын эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Б.С нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ ... дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Сгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.С нь:
1. 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хорооллын 4 дүгээр байрны 86 тоотод байх иргэн Н.Дийн байрыг түрээслэж байхдаа иргэн Б.Хийн фейсбүүкт тавьсан зарын дагуу түүнтэй фейсбүүк чатаар нь холбогдож “өөрийн эзэмшлийн нэг өрөө байрыг түрээслүүлнэ” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Б.Хээс Хан-Уул дүүргийн ... тоотын гадна байхдаа 3 сарын түрээсийн төлбөр гэж 1.350.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5166258853 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
-хохирогч Б.Хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...“Байр түрээслүүлнэ” гэсэн группэд “...нэг өрөө байр түрээслэнэ” гэсэн зар тавьсан. С Б гэсэн фэйсбүүк хаягаас “Хурд хороололд 1 өрөө байр байна, түрээслэх үү” гэж чат бичсэн. ...байрныхаа дотор талын зургийг явуулсан. ...86 тоот байранд очиход С гэх эмэгтэй хаалга онгойлгож өгсөн. Уг байрыг түрээслэхээр тохиролцсон. ...байрны хаалганы түлхүүрийг шалгаж аваад 3 сарын байрны төлбөр болох 1.350.000 төгрөгийг С гэх эмэгтэйн 5166258853 дугаарын данс руу интернэт банкаар тэр эмэгтэйн хажууд зогсож байгаад шилжүүлсэн. ...тэгээд хойшлуулаад, ...утас нь холбогдохгүй болсон. 01 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа тараад орой байранд очсон чинь түлхүүр нь таарахгүй, голыг нь сольсон байсан. ...Түүнээс хойш дахиж холбоо бариагүй, тэр байрны эзнийх нь охин болох эмэгтэйтэй уулзахад С гэх эмэгтэй нь анх 2 найзын хамт манай байрыг түрээслэдэг гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дүгээр тал),
-Б.Хийн Голомт банкинд эзэмшдэг дансны хуулгад “...2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр байрны мөнгө гэсэн утгатай 1.350.000 төгрөгийг С, Хаан банк ...гэж шилжүүлсэн хэсэг/ (1 дүгээр хавтаст хэргийн 15 дугаар тал),
-шүүгдэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн“...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хорооллын 4 дүгээр байрны 86 тоот байрыг түрээслэхээр ...Хэ гэх ...хүнтэй холбогдсон. ...Хэ ирж байрыг үзээд түрээслэхээр болж 3 сарын төлбөрийг нь эхэлж хийхээр болоод миний данс руу 1.350.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал) болон яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар тал), шүүгдэгч Б.Сгийн “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...2019 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр “байрны мөнгө” гэсэн утгатай 1.350.000 төгрөг Б.Хээс шилжүүлэн авсан ... “ гэсэн хэсэг (1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар тал),
-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1214 дугаартай “...эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013080 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 4 дүгээр байрны 86 тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.Д бүртгэлтэй байна” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал) зэрэг нотлох баримтаар;
2.2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн ... тоотод байх иргэн Н.Дийн байрыг түрээслэж байхдаа иргэн Ж.Эын фейсбүүкт тавьсан зарын дагуу түүнтэй утсаар холбогдож “өөрийн эзэмшлийн нэг өрөө байрыг түрээслүүлнэ” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Ж.Эаас түрээсийн төлбөрийн урьдчилгаа гэж 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн “Хаан” банкны 5166258853 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
-хохирогч Ж.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр фэйсбүүкт “нэг өрөө байр түрээслэнэ” гэсэн зар тавьсан. Б С гэсэн хаягаас “нэг өрөө байр бэлэн байна” гээд зураг явуулсан, ...би чатаар нь холбогдоод Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 4-86 тоотод очиж үзсэн, түрээслэхээр тохиролцоод явсан. ...Б.С над руу чат бичээд “яаралтай урьдчилгаа мөнгө хийчих, үгүй бол өөр хүнд түрээслэлээ” гэсэн. ...би эхнэр рүүгээ яриад Б.Сгийн Хаан банкны 5166258853 тоот данс руу урьдчилгаа болох 500.000 төгрөг шилжүүлсэн. ...уг байранд очиход өөр нэг хүнд давхар түрээслэсэн байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар тал),
-шүүгдэгч Б.Сгийн яллагдагчаар өгсөн “...фэйсбүүкээр нэг өрөө “байр түрээслэнэ” гэсэн зар байхаар нь холбогдсон. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” хорооллын 4 дүгээр байрны 86 тоот байрыг түрээслэхээр Этай ...холбогдсон. ...Этай уулзаад ...сарын 500.000 төгрөгөөр түрээслэхээр болж 500.000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж авсан. ...Эын мөнгийг дансаараа авчихаад байрнаасаа эд зүйлээ аваад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27 дугаар тал) болон түүний яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар тал), Б.Сгийн “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулгад “...2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байрны түрээс Баярмаа гэсэн утгатай 500.000 төгрөг шилжүүлж авсан хэсэг (дүгээр хавтаст хэргийн 42, 101 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 29-34 дүгээр тал),
-Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1214 дугаартай “...эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013080 дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 4 дүгээр байрны 86 тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Г.Д бүртгэлтэй байна” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар тал) зэрэг нотлох баримтаар;
3. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ... тоотод оршин суух иргэн Х.Хишигмаатай утсаар ярьж “эгч нь “...” электрониксоос худалдаж авсан танай гэрт томдоод байгаа хөргөгчийг чинь худалдаж авъя, манай нөхөр Суданд алба хааж байгаа, удахгүй ирээд бид хоёр хуримаа хийх юм, би маргааш чиний данс руу мөнгийг нь хийе” гэж хуурч мэхлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгон, “Самсунг” брэндийн хөргөгчийг залилан авч 1.449.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Х.Хишигмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 12.00 цагийн үед С эгч над руу холбогдож “эгч нь “... электроникс”-оос худалдаж авсан ...хөргөгчийг чинь авъя, манай нөхөр Суданд алба хааж байгаа, удахгүй ирээд бид хуримаа хийх юм, би маргааш буюу 2020 оны 01 дүгээр сарын 25-ны данс руу чинь мөнгийг нь хийе” гэж хэлсэн. ...С эгч тэр өдөр 15.00 цагийн үед нэг эрэгтэй хүнтэй хамт манайд очиж, хөргөгчийг ...очиж авсан гэж манай гэрийн хүн хэлсэн. ...С эгч рүү залгахад “манай нөхөр гадаадаас доллар шилжүүлсэн боловч миний иргэний үнэмлэхийн хугацаа дуусаад авч болохгүй байна, ажил хийж байна, цалин буудаггүй” гэх мэтээр худлаа яриад байсан. ...Ингээд би С гэх эгчид залилуулсанаа мэдсэн....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 160 дугаар тал),
-Тэнцвэр эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 165-166 дугаар тал), шүүгдэгч Б.Сгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар тал) зэрэг нотлох баримтаар;
4. 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Г.Этэй “...нөүтбүүкээ түр хэрэглүүлээч, хүүхдийн диплом бичээд буцаагаад өгье...” гэж хуурч мэхлэн, “...” маркийн нөүтбүүкийг залилан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Г.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ...арван жилийн сургуулийн дотуур байранд хамт амьдарч байсан С гэх эгч миний фэйсбүүкийн ...хаягаар өөрийнхөө Б С нэртэй миний фэйсбүүкийн чатаар эгчдээ дугаараа өгөөч гэсэн. ...тэр өдрөө С эгч над руу ..утсаар залгаад ...нөүтбүүк байгаа юу гэж асуухаар нь би байгаа гэхэд С ...“3 хоног түр хэрэглүүлээч, хүүхдийн диплом бичээд буцаагаад өгье, нөүтбүүкээ хэрэглүүлсний хариуд чамд Монгол бичгээр хүссэн үгийг чинь бичиж өгье гэсэн. ... эмээ рүүгээ утсаар яриад “миний нөүтбүүкийг Таван шаран автобусны буудал дээр хүнд аваачаад өгөөч” гэсэн. ...С эгч Таван шарын автобусны буудал дээр очоод эмээтэй утсаар ярьж байгаад ...миний нөүтбүүкийг аваад явсан байсан. ...С эгчийн 80152089 дугаар руу залгахад маргааш өгье, ажил явдал гараад завгүй байна, зуслан дээр байна” гэсээр байтал 5 сар болсон. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Голд” нэртэй ...ломбарднаас над руу залгаад С гэх хүн таны нөүтбүүкийг 160.000 төгрөгөөр барьцаанд тавьсан, хугацаа нь дуусаад зарагдах гээд байгаа, ирж аваарай гэсэн. Би С эгч рүү залгаж хэлэхэд ...ломбарданд тавиагүй, ...уулзахаараа учрыг нь олж өгье гэсээр байтал миний нөүтбүүк зарагдсан байсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 223-224 дүгээр тал),
-гэрч Ж.Дэмбэрэлсүрэнгийн мөрдөн шалгах өгсөн“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Э яриад “эмээ миний зөөврийн компьютерийг аваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Таван шарын автобусны буудал дээр хүрээч” гэсэн. ...Таван шарын автобусны ...буудал дээр очоод зээ охин Э рүү залгахад “тань руу нэг хүн залгаад таньтай уулзана, тэгэхээр нь тэр хүнд өгчихөөрэй” гэсэн. ...над руу нэг танихгүй дугаараас залгаад “та хаана байна” гэхээр нь бид ярилцаж байгаад уулзсан. 30 орчим ...бор эмэгтэйд компьютерийг нь өгчихөөд зээ охин руугаа өөрийнхөө утсаар яриулаад явсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 228 дугаар тал),
-гэрч Б.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Asus core-1 маркийн нөүтбүүкийг Бы С гэдэг хүн 150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан. ...нөүтбүүкийг асааж үзээд ...мэдээллийг үзэж байхад ...утасны дугаар байхаар нь залгаж... нэг эмэгтэй хүнтэй яриад Батсайхны С гэж хүн мэдэх үү, нөүтбүүк ломбарданд тавьсан хугацаа нь дуусаад зарагдах гээд байна гэж хэлсэн. ...Нөүтбүүкийг зарснаас 2 хоногийн дараа нэг эмэгтэй залгаад “нөүтбүүк байгаа юу, миний нөүтбүүкийг хэрэглээд өгнө гэчихээд ломбарданд тавьсан байна” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 230 дугаар тал), “Gold” барьцаалдан зээлдүүлэх газрын үйлчилгээний гэрээ (1 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр тал),
Шүүгдэгч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “
“...Эээс нөүтбүүк байна уу, эгч нь дипломын ажил бичээд, 3 хоногийн дараа өгье ...гэж хэлсэн. ...Э над руу залгаад эмээгээр өгөөд явуулъя, та таван шарын автобусны буудал дээр ирээд авчих гэсэн. Би таван шарын автобусны буудал дээр очоод ...Эийн эмээ гэх хүн яриад хар өнгийн цүнхтэй 15 инчийн дэлгэцтэй таг нь эвдэрсэн нөүтбүүк залгуурын хамт өгсөн. Би нөүтбүүкийг авсан. ...Эийн нөүтбүүкийг “Голд” нэртэй ломбардад өөрийн бичиг баримтаар 150.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. Утасны дугаар дээрээ Эийн дугаарыг бичиж үлдээгээд явсан. Нөүтбүүкийг ломбардад тавьсан талаар Эт хэлээгүй. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 235-236 дугаар тал) болон түүний яллагдагчаар өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 56 дугаар тал), хохирогч Г.Эээс хэрэгт ирүүлсэн шүүгдэгч Б.Стай бичсэн фэйсбүүкийн зурвасаар харилцсан хэсгийг буулгасан гэрэл зураг (1 дүгээр хавтаст хэргийн 214-220 дугаар тал), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 240 дүгээр тал) зэрэг нотлох баримтаар, нийт залилах гэмт хэргийн улмаас бусдад нийт 3.799.900 төгрөгийн хохирол учруулсан нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хууль зүйн хувьд “Залилах” гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдал бий болгон худал хэлэх, хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, худал амлах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглах зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.С нь иргэн Г.Дийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид харш” 4 дүгээр байрны 86 тоот орон сууцыг өөрөө түрээслэн амьдарч байхдаа, улмаар байрны түрээсийн хугацаа дууссан, түрээсийн төлбөрийг төлөөгүй, уг байрнаас гарахаар төлөвлөж байх явцдаа иргэн Б.Хэ, Ж.Э нарт тус байрыг түрээслүүлнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон худал хэлж, тэдний мөнгийг банкинд өөрийн эзэмшдэг дансаар шилжүүлэн авч залилсан,
- мөн шүүгдэгч Б.С нь надад Судан явсан найз залуу байхгүй гэж мэдүүлснээс үзвэл “... электроникс” ХХК-нд дадлагажигчаар ажиллах явцдаа иргэн Х.Хишигмаагийн лизингийн материалыг бүрдүүлэх явцад танилцсан байдлаа ашиглан түүний гар утас руу залгаж буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгоор хөргөгчийг нь шилжүүлэн авч залилсан,
-мөн Баянхонгор аймагт арван жилийн сургуулийн дотуур байранд хамт амьдарч байсан Г.Этэй түүнтэй урьдын танилын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглан, түүнийг хуурч, худал хэлж, зохимол байдлыг бий болгон Г.Эийн нөүтбүүк өөртөө шилжүүлэн авч тэр даруй барьцаалан зээлдэх газарт барьцаалж, барьцааны бичиг баримтад Г.Эийн гар утсыг бичиж үлдээсэн зэрэг үйлдлээс дүгнэвэл бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй гэсэн санаа зорилгыг анхнаасаа агуулжээ.
Шүүгдэгч Б.С нь залилах гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай үйлдлээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт үргэлжилсэн хэд хэдэн удаагийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох нөхцөлийг хуульчилсан тул шүүх энэ зүйл, хэсгийг гэмт хэргийн зүйлчлэлд журамлан хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Харин шүүгдэгч Б.С нь залилах гэмт хэргийг үйлдэхдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон эсэхийг мөрдөн шалгах ажиллагаанд шалгаж, тогтоогоогүй, энэ талаар холбогдох ажиллагааг хийгээгүй байна.
Иймд шүүх шүүгдэгчийн учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний үйлдэл нь өөрийн амьжиргааг залгуулах байнгын эх үүсвэр болгож тогтвортой байсан эсэхэд дүгнэлт хийн, нөгөө талаас прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт үндэслэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Сг хуурч, зохимол байдлыг зориуд бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Тус гэмт хэргийн улмаас нийт 3.799.900 төгрөгийн хохирол учирсан байх ба, хохирогч нарт хохирлыг нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.Сгаас 1.350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Хэд, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эт, 1.449.900 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Хишигмаад, 500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Эт тус тус олгох үндэстэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.С нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.С нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Сг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.Сгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг арилгаагүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагын санал дүгнэлт боловч шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн шинжийг харгалзан хорих ял оногдуулсан болно.
3. Бусад асуудлаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 /1хх70, 75, 2хх70 цагдан хорих шийдвэр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Бы Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 59 (тавин ес) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн ... дугаар хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Сгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгаас 3.799.900 (гурван сая долоон зуун ерөн есөн мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж:
хохирогч Б.Хэд 1.350.000 (нэг сая гурван зуун тавин мянга) төгрөг,
хохирогч Ж.Эт 500.000 (таван зуун мянга) төгрөг,
хохирогч Х.Хишигмаад 1.449.900 (нэг сая дөрвөн зуун дөчин есөн мянга есөн зуу) төгрөг
хохирогч Г.Эт 500.000 (таван зуун мянга) төгрөгийг тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА