Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 015

 

К.Хабдиланы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 747 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суух Түкибай Хуртха овогт Какешагийн Хабдиланы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч К.Хабдилан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/484 дугаартай К.Хабдиланыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие улсад нийтдээ 25 жил ажилласан ахмад багш нарын нэг бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын үр дүнгээр Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар томилогдсон. Баян-Өлгий аймгийн Засаг дарга болон Боловсрол соёлын газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнүүдээ жил болгон хангалттай сайн гэсэн үнэлгээгээр дүгнүүлж ур чадварын нэмэгдэл авч ирсэн. Миний ажиллаж байсан хугацаанд тус сургуулийн сургалт хүмүүжлийн ажил жигд сайжирч жил бүрийн хүүхдийн тоо өсөн нэмэгдэж байсан. Аймгийн Засаг дарга А.Гылымхан нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр, мөн оны 9 дүгээр сарын 5-ны өдрүүдэд удаа дараа намайг өөрийнхөө албан өрөөнд дуудаж, улс төрийн дарамт шахалт үзүүлэн ажлаа өгөхийг надаас шаардсан боловч би зөвшөөрөөгүй. Гэтэл 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр ажилдаа ирэхэд Засаг даргын ажил хүлээлцэх комисс миний өрөөнд ирж, Засаг даргын захирамжийг танилцуулахад аргагүйн эрхэнд ажлаа хүлээлгэж өгсөн. Засаг дарга миний хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтойгоор зөрчиж, миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар боогдуулсан. Тухайлбал захирамждаа үндэслэл болгосон хууль, журмууд нь огт хамааралгүй ба хөдөлмөрийн гэрээг маань цуцлах үндэслэл болохгүй. Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/484 тоот захирамжийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: К.Хавдиланы нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. К.Хавдилан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар баталсан Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг зөрчиж, мэргэжлийн бус, дээд боловсролын дипломгүй, багшлах эрхгүй хүнийг авч ажиллуулсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус сургуулийн үйл ажиллагаанд удаа дараа хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон.

2. Аймгийн Аудитын газраас Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд Хязгаарлалттай санал дүгнэлт авч аймгийн Засаг даргын 2016 оны А/286 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан.

3. К.Хавдилан нь тус сургуулийн багш А.Жайнагүлийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж, тухайн багшийн биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож багшийн болон удирдлагын ёс зүй, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг зөрчиж байсан.

4. К.Хавдилан нь анх сургуулийн захирлаар томилогдохдоо хууль бус томилогдсон байна. Учир нь К.Хавдиланыг тус сургуулийн захирлын албан тушаалд томилохоос өмнө Авилгатай тэмцэх газрын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.2.4-т заасан ашиг сонирхлын нөхцөл байдал үүсэж болзошгүй гэсэн хариу ирсэн мөртлөө сургуулийн захирлаар томилогдож, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг зөрчиж эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийг аваагүй өөрөө дур мэдэн албан тушаалаа урвуулан ашиглан өөртэй нь хамаарал бүхий этгээдүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлыг дүгнэж, үр дүнгийн урамшуулал олгож байсан байна. К.Хавдиланыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалт, Аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 хэсэгт заасныг тус тус үндэслэл болгож захирлын ажлаас чөлөөлж, албан тушаалыг нь буруулан тус сургуульд мэргэжлийн дагуу ажилтай болгосон болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 747дугаар шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/484 дугаартай К.Хабдиланыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, РД:БГ71111510 Түкибай Хуртха овогт Какешагийн Хабдиланыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч К.Хабдилан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 747 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. К.Хабдилан нь нэхэмжлэлдээ миний бие 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын захирамжаар Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд томилогдож ажиллаж байхад аймгийн Засаг дарга намайг улс төрийн дарамт шахалт үзүүлэн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б/484 дүгээр захирамжаар үндэслэлгүй ажлаас минь чөлөөлсөн гэсэн байна. К.Хабдиланы нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. К.Хабдилан албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар баталсан Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам-ын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг зөрчиж мэргэжлийн бус дээд боловсролын дипломгүй, багшлах эрхгүй хүнийг авч ажиллуулсан нь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус сургуулийн үйл ажиллагаанд удаа дараа хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон.

2. Авилгатай тэмцэх газрын 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03/569 дугаартай Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай аймгийн Засаг дарга асан Х.Дармений нэр дээр хаягласан албан бичигт Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар томилогдохоор нэр дэвшсэн К.Хабдиланы төрсөн эгч К.Гайни, төрсөн дүү К.Күниса нь тус сургуульд бага ангийн багшаар, төрсөн дүү К.Лариса нь математикийн багшаар, мөн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 03 тоот тушаалаар өөрийн төрсөн дүү нь болох К.Ларисагийн нөхөр Ш.Болатбекийг биеийн тамирын багшаар шинээр томилон ажиллуулж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүсэж байх тул 7 дугаар зүйлийн 7.2.4-д заасан Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй албан тушаалтанд хуульд заасан эрх мэдлээ хэрэгжүүлэхийг зөвшөөрөхгүй байх-ыг хэрэгжүүлж ажиллана уу гэсэн хариу ирүүлсэн ба мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг аймгийн Засаг дарга асан Х.Дармен нь зөрчиж томилсон байна. 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасныг К.Хабдилан нь зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй гэдгийг мэдсээр байж, уг албан тушаалд томилогдсон байна. К.Хабдилан нь өөрөө хүсэлт гаргаж, уг албан тушаалд томилогдохоос сайн дураар татгалзах бүрэн боломжтой байсан. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасныг зөрчиж албан тушаалаа урвуулан ашиглан өөртэй нь хамаарал бүхий этгээдүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан дүгнэж, эрхийн акт гарган үр дүнгийн урамшуулал олгож Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн байна. К.Хабдиланыг илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөлтэй гэж АТГ-аас дүгнэлт гарсан мөртлөө хууль зөрчиж томилсон байна гэж httr:time.mn/65520 сайтаар олон нийтэд зарласан ба бичгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хөөн хэлэлцэх хугацааг заагаагүй тул нэгэнт Авилгатай тэмцэх газраас илт ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон тул К.Хабдиланыг ажлаас нь чөлөөлж, албан тушаалыг нь бууруулсан аймгийн Засаг даргын 2016 оны Б/484 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй эрхийн акт гэж үзэж байна.

3. Аймгийн Аудитын газраас Бугат сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хязгаарлалттай санал дүгнэлт авч, аймгийн Засаг даргын 2016 оны А/286 дугаар захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан.

4. К.Хабдилан нь тус сургуулийн багш А.Жайнагүлийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж багшийн болон удирдлагын ёс зүй болон хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийг зөрчиж байсан.

5. К.Хабдиланыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь заалт, аймгийн Засаг даргатай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 хэсэгт заасныг тус тус үндэслэл болгож захирлын ажлаас чөлөөлж, албан тушаалыг нь буруулан тус сургуульд мэргэжлийн дагуу ажилтай болгосон болно. Тухайн өдөр хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие нь өвдөж өглөө шингэн залгуулж, шүүх хурлын цагаас 8 минут хоцорсныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэсэн үндэслэлээр хариуцагч талыг оролцуулахгүйгээр шүүх хурлыг эхлүүлэн, нэг талыг баримталсан шийдвэр гаргасан байна. Шүүх хурал эхлэхээс өмнө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Айбек нь хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралайтай утсаар холбогдож асуухад дор нэг давхарт орж ирснээ мэдэгдсэн боловч шүүх хурлаа эхэлсэн байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4. дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь тухайн өдөр хариуцагч талаас хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг гаргаж өгөх ёстой байсан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож чадаагүй тул хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Мөн Бугат сумын бүрэн дунд сургуулийн захирлын ажилд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Б.Жандаулет нь шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцохоор тухайн өдрийн өглөөний 7 цаг 30 минутад хүсэлтээ гаргаж очсон боловч тухайн өдрийн харуул цагдаа нь шүүгчийн туслах А.Айсагүл ирээгүй байна. Та ирэхээр нь хүсэлтээ өгөөрэй гэж Б.Жандаулетийг оруулаагүй байсан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасан эрхийг гуравдагч этгээддээ эдлүүлээгүй, өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэг талыг баримталсан зөвхөн нэхэмжлэгч талын эрх ашгийг хамгаалсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг алдагдуулсан хууль бус шийдвэр гаргалаа гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 747 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье. гэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нэхэмжпэлийн татгалзлалын үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь бусад нотлох баримттай харьцуулан үнэлэхээр хуульчлагдсан. Нөгөө талаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын /диспозитив/ зарчим үйлчилдэг учиртай. Үйлчлүүлэгч К.Хабдилан зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд /3 гаруй сар/ хариуцагч хуульд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн татгалзлалын үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, мөн бусад асуудлын талаар /процессийн шинжтэй/ санал хүсэлтээ шүүхэд гаргах бүрэн боломжтой байсан. Гэтэл хариуцагч хуульд заасан үүргээ биелүүлэлгүйгээр анхан шатны шүүхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шинээр нотлох баримт гаргаж өгөх боломж олгоогүй, шүүхэд 8 минут хоцорч ирсэн байхад шүүх хуралдааны танхимд оруулсангүй гэсэн утгатай гомдол гаргаж шүүхийг буруутгасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымханы давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Б/484 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11, 7 дугаар зүйлийн 7.2.4, 8 дугаар зүйлийн 8.2, 29 дүгээр зүйлийн 29.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.4 дэх заалтыг үндэслэн тус аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан К.Хабдиланыг багшлах эрхгүй, дээд боловсролын дипломгүй, мэргэжлийн бус хүнийг авч ажиллуулсан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан судлахад, ажил олгогчийн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлтэй нийцээгүй, ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан нь тодорхойгүй, нотлогдоогүй, энэ талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Шүүх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3, бусад зүйлийн хэрэгжилттэй холбоотой болон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан зохицуулалтыг хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зөв тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд зааснаар үнэлж дүгнэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Ажил олгогчоос ажилтныг багшлах эрхгүй, дээд боловсролын дипломгүй, мэргэжлийн бус хүнийг ажилд авч, ажиллуулсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч уг үйл баримт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн эсэх нь баримтаар тогтоогдоогүй, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар заалтад энэ тухай тусгагдаагүй байна. Түүнчлэн дээрх үйл баримтыг хариуцагчаас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 04-09-006/78 дугаар дүгнэлтээр тогтоогдсон гэж тайлбарлах боловч уг дүгнэлтийн үндэслэл болсон баримтууд хэрэгт авагдаагүйгээс дүгнэлтийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шүүхээс дүгнэлт хийх боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанаас 8 минут хоцорсныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэж, хариуцагчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, иргэн Б.Жандаулет анхан шатны шүүхийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ бичгээр гаргахаар шүүхэд очсон боловч шүүхээс хүсэлт гаргах, гуравдагч этгээдээр оролцох боломжоор хангаагүй зэрэг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үйл баримтууд баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 747 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

С.ӨМИРБЕК