Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 99

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Т.И-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор З.Энхжаргал,

хохирогч М_Р-, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

шүүгдэгч Т.И-,

нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулж,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч М_Р-ын гаргасан давж заалдах гомдлоор Т.И-т холбогдох 1709016770178 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т.И, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмэг эхийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх дугаар байрны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Т.И- нь 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө-2” кино театрын гадна иргэн М_Р-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Т.И-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.И-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.И-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.И- нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Т.И- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг Сиди-г хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Хохирогч М_Р- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө-2” кино театрын гадаа хохирогч миний бие Т.И-т зодуулж хамрын яс хугарсан. Тухайн өдрөө Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очиж 5 оёдол тавиулсан, гоо заслын эмнэлэгт үзүүлж боолт хийлгэж оёдлоо авахуулсан. “Номун” эмнэлэгт хэвтэж байхдаа хамрын зураг дахин авахуулахад зөрүүтэй хугарал тодорхойлогдсон. Хамрын ясыг үрж тэгшлэх мэс засалд орох шаардлагатай мөн сорви арилгуулах лазер эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Мөн энэ талаар мөрдөн байцаагч Батнямд хэлэхэд хугарсан хөнгөн гэмтэл гэсэн шинжээчийн дүгнэлт гарна гэсэн. Иймд шүүх эмнэлэгт дахиж үзүүлээгүй бөгөөд шүүхийн дүгнэлтэд хамар хугаралтай гэсэн зүйл дурдах байсан байна.

Мөрдөн байцаагчийн шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэгт тухайн зардлуудыг гаргуулах талаар хэлсэн. Энэ гэмтлээс болоод “Түшиг престиж” ХХК-д ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын цалингаа авч чадахгүй, нийгмийн даатгалын шимтгэл тасарсан. Давж заалдах шатны шүүхэд энэ баримтыг гаргаж өгнө.

Гэмт хэргийн улмаас үүссэн зарим хохирлыг төлсөн боловч хор уршиг арилгахгүй хамар байнга өвддөг, өдөр болгон өвчин намдаах эм ууж байна. Анх шүүх эмнэлэгт битгий үзүүлээ тохиролцъё уучлаарай гэсэн. Бид хоёрт тохиролцсон болон эвлэрсэн зүйл байхгүй. Ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш надаас уучлалт гуйгаагүй. Прокурор дээр таараагүй, надтай сайн дураараа эвлэрсэн асуудал байхгүй. Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна уу гэсэн. Би хялбаршуулсан журмаар гэснийг ойлгоогүй бөгөөд надад тайлбарлаагүй бөгөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт бичүүлсэн.

Би шүүх дээр гомдол саналаа илэрхийлнэ, хохирлын баримтаа гаргаж өгнө гэж бодож байсан. Хэсэг хугацаа өнгөрөхөд намайг дуудахгүй болохоор нь хэргийн талаар асууж очиход шүүх хурал болсон байсан. Ингээд тогтоолтой танилцахад хохирогчийн хохирлыг бүрэн төлсөн, хохирогчтой эвлэрсэн гэж тодорхойлох хэсэгт бичсэн байна. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, мөрдөн байцаалтын явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг огт дурдаагүй шийтгэх тогтоол гарсанд гомдолтой байна...” гэв.

 

Хохирогч М_Р-ын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн үед томографикийн зургаар хамрын ясны хугарал нь гараагүй боловч 10 хоногийн дараа хамарт үүссэн цусан хураагаа авахуулах явцад дахин зураг авахад хамрын ясны хугарал гарсан. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Цаашид иргэний шүүхээр жич нэхэмжлэх эрхийг нь огт дурдаагүй байсан. Дараа нь хамрын хагалгаанд орж иргэний шүүхэд баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрх нь хаалттай байгаа. Шинжээчийн дүгнэлтэд хамрын ясны хугарал гэх гэмтэл гараагүй боловч дараа нь хамрын яс хугарчихсан байна шинжээч томилуулах хүсэлтэй байна гэж байцаагчдаа хэлэхэд хөнгөн гэмтэл дахин өөрчлөгдөхгүй учир шаардлагагүй гэж хэлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан нь шүүгдэгч, хохирогч нарт хэрэгтэй болов уу гэж бодож байна...” гэв.

 

Шүүгдэгч Т.И- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хуулийн дагуу надад тохирсон хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Хохирогчоос уучлалт гуйж, эмчилгээний зардлыг төлсөн...” гэв.

 

Прокурор З.Энхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлт гаргах үед хамар ясны хугарлын талаар хэрэгт авагдсан баримт байхгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд хамар ясны ямар нэгэн гэмтэл учирсан талаар дурдагдаагүй дүгнэлт гарсан. Уг дүгнэлт үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн, нөгөө талаас баримтын хүрээнд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдаг. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргаагүй учир заавал оролцуулах хуулийн зохицуулалт байхгүй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Т.И-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “...шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох...” гэсэн хохирогчийн эрхийг хангаагүйгээр, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгч, хохирогч өмгөөлөгч, прокурорыг байлцуулан хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасныг зөрчиж хохирогч М_Р-ыг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээр  Т.И-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болж байна.

 

Хохирогч М_Р-ыг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусгаад  хэргийн материалтай танилцуулахад хохирлын талаар нэхэмжлэлтэй болох нь “...Хэрэгт авагдсан баримтаар эмчилгээнд 1,235,500 төгрөг зарцуулсан. Идэр нь 1,000,000 төгрөг өгсөн байгаа. Юуны түрүүнд зөрүү 235,500 төгрөгийг гаргуулж авна...” /хх-ийн 39 тал/ гэсэн, хохирогчийн энэ хохирлын талаар прокурор мөн яллах дүгнэлтийн хавсралт /хх-ийн 46 тал/ -даа бичсэн байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолдоо “...хохирол хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн...” гэж дүгнэсэн байх ба энэхүү шүүхийн дүгнэлт чухам юуг үндэслэн хийгдсэн нь ойлгомжгүй байна.

 

Түүнчлэн, хохирогч М_Р-ын “Номун” клиникийн эмнэлэгт үзүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн рентген оношлогоонд “...хамар ясанд бага зэрэг зөрүүтэй хугарал тодорхойлогдоно...” /хх-ийн 18 тал/ гэсэн байх ба энэ талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12852 дугаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй байна. Энэхүү гэмтэл хохирогчийн бие махбодид байгаа эсэхийг тогтоолгохоор Шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хохирогчийн бие махбодид учирсан гэмтлийг бүрэн гүйцэд тогтоох, тогтоогдсон гэмтлүүдийн хохирол, хор уршгийг арилгуулахад ач холбогдолтой юм.

 

Иймд хохирогч М_Р-ын гаргасан “...хамрын зураг дахин авахуулахад зөрүүтэй хугарал тодорхойлогдсон, ... цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг шийдвэрлээгүй...” талаарх давж заалдах гомдлыг хангаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.И-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.И-т холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Т.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ