Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0066

 

 

 

 

 

 

 

 

      М.Аы нэхэмжлэлтэй 

       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1184 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 726 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2021/0044/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Ааас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1184 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-аар маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 726 дугаар шийдвэрээр: 

“...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2.10, 280 дугаар зүйлийн 280.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг тус тус баримтлан иргэн М.Ааас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/1184 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын жолоочийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Гаргасан дутагдалдаа дүгнэлт хийж ажиллаагүй, ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах удааны зүйл хэрэглэсэн гэх зөрчил гаргаагүй байхад зөрчил гаргасан гэж үндэслэлгүй дүгнэсэн талаар:

3.1.1.“Нэхэмжлэгчийг 2020 оны 9 сарын 28-ны өдөр дүрэмт хувцастай ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэж хариуцагчийн бүрдүүлсэн Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, согтолтын зэрэг шалгасан тэмдэглэл, түүний фото зураг, албан хаагчдын тайлбараар нотлогдсон гэж анхан шатны шүүх дүгнэсэн байна.

3.1.2.Гэвч шүүхийн журмаар цуглуулсан дараах нотлох баримтуудаар зөрчил гараагүй буюу ажлаас чөлөө авч, гэртээ байхад нь дэд дарга Т.Е дуудсан, дүрэмт хувцастай байгаагүй болох нь тогтоогдсон. Үүнд:

а.Гэрч Т.Аийн “2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө би газрын даргаас чөлөө авлаа, өнөөдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд явах боломжгүй гэж М.А хэлээд гаргасан” гэх мэдүүлэг,

б.Гэрч Б.Аын “би даргаас чөлөө авсан, өнөөдөр очихгүй” гэж хэлсэн гэх мэдүүлэг,

в.Гэрч Е.Жийн “тухайн өдөр 16 цаг 40 минутын үед түүний Өлгий сумын 4 дүгээр багт байрлах гэрт нь очсон, ойролцоогоор 10 минутын дараа түүний утас дуугарч тэрээр ажлаас дарга Е залгаж байна, намайг ир гэж байна” гэх мэдүүлэг,

г.Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01/577 тоот албан бичгээр өгсөн “2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн маргаан бүхий үйл явдал болох бичлэгийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн өглөө авах үед устгагдсан байсан” гэх тайлбар,

д.2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр М.Аы хэвтэрт байгаа хүнд өвчтэй эх Хундыз эмчийн үзлэгт орсон баримтууд.

3.1.3.Дээрх баримтууд нь М.Аы дуудагдаж очихдоо захиргааны чөлөөтэй байсан, дүрэмт хувцастай байгаагүй болохыг бүрэн нотолж байгаа ба дүрэмт хувцастай байсан баримтуудыг хариуцагчаас шүүгчийн захирамжаар шаардахад гаргаж ирүүлээгүй болно.

3.1.4.Анхан шатны шүүх хариуцагчийн захиргааны актын үндэслэл болгож байгаа баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо хуульд заасан журмаар цуглуулсан, эргэлзээгүй баримтууд болох гэрчийн мэдүүлэг, хариуцагчийн зураг, бичлэг байхгүй гэх тайлбар баримтуудыг огт үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн.

3.1.5.Хариуцагчийн үндэслэл болгож буй баримтууд нь үнэн зөв, эргэлзээгүй байх шаардлагыг хангасан байх ёстой ба захиргааны актын үндэслэл болж буй баримтууд нь худал, зөрүүтэй болох нь гэрчийн мэдүүлэг болон дүрэмт хувцастай байгаагүй нөхцөл байдлаар бүрэн тогтоогдсон.

3.1.6.М.Ааас зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар авахдаа цалин бууруулах, сануулах шийтгэл ногдуулна гэж хуурсан байх бөгөөд түүний тайлбарыг шууд үндэслэл болгож болохгүй.

3.1.7.Хариуцагчийн шууд удирдлагад байдаг албан хаагчдын тайлбараар М.Аыг зөрчил үйлдсэн гэж дүгнэхгүй ба эдгээр тайлбар нь үндэслэлгүй, хуульд заасан журмаар хууль сануулж мэдүүлэг аваагүй болно. Хэрэв шүүх эдгээр баримтуудыг үнэлж байгаа тохиолдолд хариуцагч байгууллагад ажилладаг албан хаагчдын тайлбар үнэн, зөв эсэхийг тогтоох зорилгоор гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримт цуглуулах үүргээ биелүүлэх ёстой байсан.

3.1.8.Иймээс ажлаас чөлөөлөгдсөн, гэртээ байсан хүнийг зөрчил гаргасан гэж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан баримт болон Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэж тус тус заасантай нийцээгүй.

3.2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн талаар:

3.2.1.Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч “М.А нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэслэгч Д.Лхагвасүрэнгийн гаргасан цагийн бүртгэлүүдээр тогтоогдож байна” гэж ганцхан үндэслэл заажээ.

3.2.2.Гэвч М.А нь 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл өвчний улмаас ажлаас чөлөөлөгдсөн байсан эмнэлгийн актыг дэд дарга Т.Ед дүүгээрээ дамжуулж өгч явуулахад авахгүй, тухайн нотлох баримтыг ураад хаясан талаар нэхэмжлэлдээ дурдсан. Үүнийг хариуцагчаас үгүйсгээгүй.

3.2.3.М.А өвчтэй байсан болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байхад ажил тасалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3-т заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 01-ний өдрийн 726 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

2.Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар албан тушаалын цалингийн хэмжээг 5 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн, хуульд заасан сахилгын шийтгэлгүй болох хугацаа дуусаагүй байхад буюу 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дахин зөрчил гаргаж, ажлын цагаар дүрэмт хувцастай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 29-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв байна.

3.Тухайлбал даргын зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд дээрх зөрчилтэй холбогдуулж М.Аы гаргасан аман болон бичгийн тайлбар, согтолтын зэргийг шалгасан зэрэг хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг шүүх шийдвэрийн үндэслэлээ болгосныг буруутгах боломжгүй.

4.Давж заалдах гомдолд тухайн үед М.Ааас зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар авахдаа цалин бууруулах эсхүл сануулах шийтгэл оногдуулна гэж хуурсан гэх боловч үүнийг нэхэмжлэгч талаас баримтаар нотлоогүй, энэ талаар нотлох баримт цуглуулах хүсэлтийг ч шүүхэд гаргаагүй энэ тохиолдолд маргаанд хамаарах гол нотлох баримт болох М.Аы аман болон бичгийн тайлбарыг нотлох баримт цуглуулах хуульд заасан шаардлагыг зөрчиж авсан гэж дүгнэх үндэслэлгүй.

5.2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолсон эмнэлгийн магадлагаанаас үзэхэд ч мөн өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдөр хүртэл ажлаас чөлөөлөгдсөн гэх атлаа С.Аманхан нь эмнэлгийн магадлагаатай 28-ны өдөр ажилдаа ирж, улмаар газрын даргаас “ээжийн бие муу байна, эмнэлэгт үзүүлмээр байна” гэж тухайн өдрийн үдээс өмнө 4 цагийн чөлөө авсан байх боловч үдээс хойш 16 цагийн үед дүрэмт хувцастай согтуу ажилдаа ирсэн болох нь өөрийнх нь тайлбараас гадна нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдох тул давж заалдах гомдолд дурдсан гэрч Т.А, Б.А нарын чөлөө авсантай, мөн гэрч Е.Жийн Х.Аы гэрт түүнтэй хамт байсантай холбоотой мэдүүлгүүд нь нэхэмжлэгчийн дүрэмт хувцастай ажлын цагаар архи уусан нөхцөл байдлыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Иймд мөн өдрийн үдээс хойш аймгийн Хаан, Хас, Голомт банкуудад шийдвэр гүйцэтгэх тасгийн бичиг тараах ажлаар явган явсан, харин буцаж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирснээс гадна 29-ний өдөр шалтгаангүйгээр ажил тасалсан талаарх маргаан бүхий тушаалд хамаарах шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

6.“…9 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн бичиг тараах зорилгоор гадуур явж байхад хөдөөнөөс ирсэн найз /Е.Ж/ таараад 1 шил архи хувааж уусан, эхнэртэйгээ муудалцаад ар гэрийн асуудал жаахан тааруу байсан…” гэх М.Аы даргын зөвлөлийн хуралд гаргасан тайлбарыг хүчээр авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн ээжийгээ эмнэлэгт үзүүлнэ гээд мөн өдрийн үдээс өмнө чөлөө авсан болохыг хариуцагч хүлээн зөвшөөрдөг боловч аймгийн нэгдсэн эмнэлгийн 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 232 дугаар албан бичигт дурдсанаар М.Аы ээж болох Т.Х тухайн өдөр цахим бүртгэлд бүртгэгдээгүй ч, дуудлагаар гэрээр үзлэг хийлгэсэн, гэвч энэ нь Х.Ад 28-ны өдөр бүтэн чөлөө олгосныг нотлохгүй.

7.Харин “…эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд ажил тасалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй…” гэх гомдлын тухайд магадлагаанд хамаарах 29-ний өдөр байгууллагын сахилга, ёс зүйн салбар хорооны хуралд М.А биечлэн оролцохдоо энэ талаараа огт тайлбар гаргаагүй, мөн тэрбээр өмнөх өдөр нь 3.34 хувийн согтолттой байсан зэргээс үзэхэд шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэж нэхэмжлэгчийг буруутгасан маргаан бүхий тушаал хуульд нийцсэн байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 726 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН