Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 70

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага нарангийн 13-4б тоотод оршин суух Олхонууд овгийн Шагдаргомбын Цогзолмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, 2017  оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ш.Цогзолмаа

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Цогзолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  1966 онд төрсөн, эмэгтэй, 51 настай.  Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 6 сарын 1-нээс 1994 оныг дуустал малчин байсан юм. Тухайн үеийн цалин өрхийн тэргүүний нэр дээр олгодог байсан буюу манай нөхөр Р.Чинбаатарын нэрээр олгодог байсан. Зарим цалингийн жагсаалт нөхөр Р.Чинбаатарын нэрээр гарч ирсэн. Тэр үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр маань үрэгдсэн. Иймд 1982 оны 6 сарын 1-нээс 1993 оны 2 сарын 9-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд, 1993 оны 2 сарын 9-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Луус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд тус тус малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.Цогзолмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч Ш.Цогзолмаагийн  хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12  сарын 16-ны өдрийн 270 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Б.Цогтбаярын:“...Ш.Цогзолмаа нь 1982 оны 6 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Би тус нэгдэлд үсчинээр ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг,

- Гэрч Л.Цолмонгийн: “...Ш.Цогзолмаа нь 1982 оны 6 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан юм. Би нэгдэлд кино механикчаар ажиллаж байсан юм. Нэгдлээс цалинг өрхөөр нь олгодог байсан юм...” гэх мэдүүлэг,

- Гэрч Ш.Эрдэнэбатын: “...Ш.Цогзолмаа нь нь 1982 оны 6 сараас 1994 оныг дуустал Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн Суварга бригадад  малчинаар ажиллаж малчин байсан. Би 1972 оноос эхлэн Хөдөлмөр нэгдэл тарах хүртэл малчин, жолооч зэрэг ажлуудыг хийж байсан, мөн манай төрсөн дүү учраас нэгдэлд ажиллаж байсныг нь сайн мэднэ. Нэгдлээс цалин олгохдоо өрхийн тэргүүний нэрээр нь олгодог байсан....” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 12  сарын 16-ны өдрийн 270 дугаартай “ Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1982 оны 6 сарын 1-нээс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал малчинаар ажиллаж байсан тухай байхгүй байгаа тул Шагдаргомбо овогтой Цогзолмаад холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

3.Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 1 сарын 6-ны өдрийн 08/18 дугаартай “Луус сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 3 сарын 29-нд шинэчилсэн бүртгэлд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж байгаад 1993 оны 2 сарын 9-нд Шинэ хөдөлмөр хоршоо болж өөрчлөгдөн үйл ажиллагаа явуулж байна...” гэх тодорхойлолт,

4.Дундговь аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 1350 дугаартай “Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991-1993 онуудад, 1993 оноос Шинэ хөдөлмөр хоршоо болон нэр хэлбэрээ өөрчилөн 1993-1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан болохыг тодорхойлов...” гэх тодорхойлолт,

5.Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлээс Ш.Цогзолмаад цалин олгосон 1982 оны 6 сар, 1983, 1984, 1985, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1991, 1992, 1993, 1994 онуудын цалингийн тооцооны бүртгэлийн хуулбарууд баримтуудаар Ш.Цогзолмаагийн 1982 оны 6 сарын 1-нээс 1993 оны 2 сарын 9-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд, 1993 оны 2 сарын 9-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Луус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд тус тус малчинаар ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Олхонууд овгийн Шагдаргомбын Цогзолмаа /ЗЗ66031500/ нь 1982 оны 6 сарын 1-нээс 1993 оны 2 сарын 9-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд, 1993 оны 2 сарын 9-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг хүртэл Луус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд тус тус малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ