Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 71

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг , 8-р хороо, Эрдэнэтолгойн 38-66 тоотод оршин суух Тайж нар овгийн Мишигийн Оюунчимэгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2017  оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.   

                                           

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие  1965 онд төрсөн, эмэгтэй, 52 настай. Улсад 21 жил ажилласан юм. Үүнээс 1987 оны 7 сарын 10-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэрт орсон тушаал бичигдсэн боловч гарсан тушаал бичигдээгүй зөрчилтэй болоод байна. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Оюунчимэг нь манай гэр бүлийн хүн байгаа юм. 1987 оны 7 сарын 10-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан нь үнэн. Хөдөлмөрийн дэвтэрт гарсан тушаалыг нь бичээгүй, энэ тушаал архиваас гарч ирээгүй юм. Иймд энэ хугацаанд ажиллаж байсныг нь тогтоож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Оюунчимэг нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгч М.Оюунчимэгийн хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нь бичээгүй, холбогдох баримт нь архивын сан хөмрөгт байхгүй болох нь Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 2  сарын 7-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолтоор нотлогдож байгаа нь нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Гэрч Д.Бүдийн:“...М.Оюунчимэг нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд Зочид буудлын үйлчлэгчээр 1987 оноос 1991 он хүртэл ажиллаж байсан....” гэх мэдүүлэг,

- Гэрч А.Таяагийн: “...М.Оюунчимэг нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Зочид буудалд 1987 оноос 1991 оны сүүлч хүртэл үйлчлэгчээр ажиллаж байхыг нь мэднэ. Архиваас гарсан тушаал нь олдохгүй байгаа юм билээ...” гэх мэдүүлэг,

- Гэрч Д.Хишгээгийн: “...М.Оюунчимэг нь Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Зочид буудалд 1987 оноос 1991 оны сүүлч хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Би тэр үед Дэрэн сумын Хүүхдийн цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан юм....” гэх мэдүүлэг,

2.Дундговь аймгийн Архивын тасгийн 2017 оны 2  сарын 7-ны өдрийн 47 дугаартай “ Тус архивын сан хөмрөгт Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдэлд 1987 оны 7 сарын 10-наас 1990 оны 1 сарын 1-нийг хүртэл зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан тухай холбогдох баримтанд байхгүй байгаа тул Мишиг овогтой Оюунчимэгт холбогдох лавлагааг гаргах боломжгүй болно…” гэх тодорхойлолт,

5.Нэхэмжлэгчид Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлээс 1987 оны 7 сарын 20-ны өдөр олгосон 083742 дугаартай “Нэгдлийн даргын 1987 оны 19 тоот тушаалаар 1987 оны 7 сарын 10-наас Найрамдал нэгдлийн зочид буудлын үйлчлэгчээр авч ажиллуулав” гэх бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуурбар баримтуудаар М.Оюунчимэгийн 1987 оны 7 сарын 10-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзээд

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж нар овгийн Мишигийн Оюунчимэг /УК65040509/ нь 1987 оны 7 сарын 10-наас 1989 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Дэрэн сумын Найрамдал нэгдлийн Зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай. 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                             Д.УРАНЧИМЭГ