Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 134/ШШ2017/00037

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, “Оч хийц“ ХХК-ийн захирал ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 131 дүгээр байр, 1-1 тоотод оршин суух, Бөрт овогт Дугаржавын Оюуны /РД: ЕЙ66020904, утас: 99091317/ хүсэлттэй,

 

 Б.Энхбаярыг үрчлэн авсан бүртгэлийг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Оюун, нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Оюун шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хүү Бат-Эрдэнийн Гантулга нь 2007 онд Гэрэлтуяагийн Учиралтай гэр бүл болж, хүү Б.Энхбаярыгаа 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрүүлсэн юм. Миний бие ач хүүгээ үрчилж авахаар эцэг Б.Гантулга, эх Г.Учиралтай харилцан тохиролцсон байсан боловч Г.Учирал нь өөр хүнтэй гэр бүл болж жирэмсэн байсан учир тухайн үед үрчилж авах нь хойшлогдож 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үрчилж авч бүртгүүлсэн юм. Би 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 50 нас хүрч, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тухай хүсэлт гаргасан боловч хүү Б.Энхбаярыг 2012 онд үрчлэгдсэн тул тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж, хүүгээ асарч, хамгаалж эхэлсэн хугацаанаас үрчлэлтийн бүртгэлийг хийлгэх шаардлагатай болсон.

Миний бие хүү Б.Энхбаярыгаа 10 хоногтой нярай байхаас нь асран хамгаалж, өсгөж хүмүүжүүлж, эх хүний үүргийг гүйцэтгэж ирсэн учир хүүхэд үрчлэлтийн бүртгэлийг асарч хамгаалж эхэлсэн он, сар, өдрөөр бүртгүүлэх хүсэлтэй байна. Мөн Б.Энхбаярыг 2007 оны 12 дугаар сараас хойш миний асрамжид байгаа гэдгийг тогтоож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Учирал шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Гантулгатай гэр бүл болж, 2007 оны 11 дүгээр сарын 22-нд хүү Г.Энхбаярыг төрүүлсэн. Тухайн үед бид хоёр оюутан байсан учраас хүүгээ төрүүлээд Б.Гантулгын аав, ээжийн асрамжид үлдээгээд явсан. Миний хүүг төрсөн цагаас нь эхлэн асарч, өсгөж хүмүүжүүлсэн нь үнэн болно. 2012 оны 12 сарын 24-ний өдөр харилцан тохиролцож, хүүгээ албан ёсоор үрчлүүлсэн нь үнэн болно.

2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Г.Энхбаярыг үрчлүүлсэн бүртгэлийг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болгон өөрчлөхөд маргахгүй гэжээ. 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насанжаргал шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.Оюун нь тус аймгийн Сүмбэр сумын иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн үрчлэлтийн бүртгэлийн 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар 6-д бүртгэгдсэн ач хүү Гантулгын Энхбаяр /ЕЙ07312216/-ыг үрчлэн авсан бүртгэлийн он, сар, өдрийг өөрчилж, ач хүүгээ асран хамгаалж эхэлсэн огноо буюу 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгүүлэхээр нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах боломжгүй гэж Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс үзэж байгаа бөгөөд үүнийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

1.Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 8 дугаар зүйлд Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захирагааны байгууллагын чиг үүргийг тодорхойлохдоо тус хуулийн 8.1.7-д “улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж, 18 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг 18.1.7-д “улсын бүртгэлийн хувийн хэрэг, гэрчилгээ, лавлагааны бичилтийг засварлах, улсын бүртгэл хийсэн он, сар, өдөр, цагийг буруу бичихийг хориглоно” гэж тус тус заасан тул нэгэнт бүртгэл хийгдээд 4 жил гаруй хугацаа өнгөрсний дараа бүртгэсэн огноог өөрчлөх тухай ойлголт байхгүй. Харин бүртгэл буруу хийгдсэн байна гэсэн шүүхийн шийдвэр, эсвэл бүртгэлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тохиолдолд уг бүртгэлийг хүчингүйд тооцох бөгөөд дээрх үрчлэлтийн бүртгэл үнэн зөв хийгдсэн гэдэг нь Сүмбэр сумын 2012 оны үрчлэлтийн бүртгэлийн дэвтэр, үрчилсний бүртгэлийн ИУБ-12 (Б) маягт, архивын бусад эх нотлох баримтуудаар нотлогдож байна.

2.Д.Оюуны үрчлэн авсан Энхбаяр нь 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд мөн оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсний бүртгэлд бүртгүүлсэн байна. Гэтэл Д.Оюун үрчлэлтийн бүртгэлийн огноог 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болгож өөрчлөх, өөрөөр хэлбэл төрсний бүртгэл хийгдэхээс өмнөх хугацаагаар тогтоохоор хүсэлт гаргасан нь улсын бүртгэлийн үйл ажиллагааны нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх зарчимд харшилсан хэрэг болно гэжээ.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад       

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.Оюун нь Б.Энхбаярыг үрчлэн авсан бүртгэлийг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргаж, шүүх хуралдааны явцад Б.Энхбаярыг 2007 оны 12 дугаар сараас хойш өөрийн асрамжид байгааг тогтоолгохоор шаардлагаа нэмэгдүүлжээ.

Тэрээр хүү Б.Энхбаярыг 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөнөөс хойш 10 хоногтой байхаас нь асарч, хүмүүжүүлсэн, тухайн үед төрсөн эх Г.Учирал нь өөр гэр бүлтэй болж, жирэмсэн байсан тул хүүгээ үрчилж авах боломжгүй байснаас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үрчилж авсан. Одоо асарч хүмүүжлүүлсэн цагаасаа үрчлэлтийн бүртгэлийг хийлгэснээр тэтгэвэр тогтоолгох боломжтой болох юм гэж хүсэлтийнхээ үндэслэлтийг тодорхойлж байна.

1.Хэрэгт авагдсан баримтыг судлахад Б.Энхбаяр нь Б.Гантулга, Г.Учирал нарын гэр бүлд 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн ба 2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрөлтийн бүртгэлд бүртгүүлсэн байна /хх-27, 66/.

Б.Энхбаяр төрсөн цагаасаа хойш үрчилж авсан эцэг Х.Бат-Эрдэнэ, Д.Оюун нарын асрамжид байгаа болох нь хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Учирал нарын тайлбар /хх-32/, Сүмбэр сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/144 тоот “2007 оны архивын баримтаар Гантулгын Энхбаяр нь ам бүл 6, өвөө, эмээ, аав, эгч нарын хамт ТЗ 131-1 тоотод бүртгүүлсэн нь үнэн болохыг тодорхойлов” гэх архивын лавлагаа, Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183 тоот “Бат-Эрдэнийн Энхбаяр нь ... 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш аав Х.Бат-Эрдэнэ, ээж Д.Оюун нар нь асарч өсгөсөн болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт, Сүмбэр сумын 1 дүгээр багийн өрхийн дэлгэрэнгүй бүртгэлийн “6 дугаарт: “Борж овоот овогт Гантулгын Энхбаяр 0 настай, эр” гэх тэмдэглэл, Сүмбэр сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн в/26 тоот “2007-2016 оны 1 дүгээр багийн өрхийн дэлгэрэнгүйг шүүж үзэхэд тус багийн иргэн Б.Энхбаяр нь 131-1 тоотод бүртгэлтэй байсан байна” гэх архивын лавлагаа, түүний хавсралт, Б.Энхбаярын гэр бүлийнхэнтэйгээ авахуулсан гэх гэрэл зургууд, тус шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Тунгалагийн “Б.Энхбаяр нь төрсөн цагаасаа хойш Х.Бат-Эрдэнэ, Д.Оюун нарын асрамжид байгаа, үрчлүүлсэн гэдгийг мэдэхгүй” гэх агуулга бүхий мэдүүлэг, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Б.Энхбаяр нь төрсөн цагаасаа хойш Х.Бат-Эрдэнэ, Д.Оюун нартай хамт амьдарч байгаа, хэзээ үрчилж авсан талаар мэдэхгүй. Үрчилж авсан талаар тодорхойлолт байх ёстой гэсэн Д.Оюуны хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183 тоот албан бичгийг хийж өгсөн. Түүнээс хэзээ үрчилж авсаныг сайн мэдэхгүй байна” гэх агуулга бүхий Сүмбэр сумын 1 дүгээр багийн Засаг дарга Л.Буянхишигийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Б.Энхбаярыг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Д.Оюуны асрамжид байгаа болохыг тогтоох нь зүйтэй.

 

2. Б.Энхбаярыг 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Гантулга, Г.Учирал нар нь  Х.Бат-Эрдэнэ, Д.Оюун нарт үрчлүүлсэн байна. /хх-5, 32, 67-68/

Харин хэргийн материалд Б.Энхбаярыг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Х.Бат-Эрдэнэ, Д.Оюун нар нь үрчлэн авсан талаар холбогдох нотлох баримт авагдаагүй, гэрчүүд хэзээ үрчлүүлсэн талаар мэдэхгүй байх тул Б.Энхбаярыг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үрчилж авсан гэж үрчлэлтийн бүртгэлд өөрчлөлт оруулах тухай Д.Оюуны хүсэлтийг хангах боломжгүй байна.     

Иргэний бүртгэлийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн ба хэрвээ Д.Оюун нь Б.Энхбаярыг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үрчлэн авсан бол тухайн цаг хугацаанд үрчлэн авсанаа тэрээр улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан гэж үзнэ. Гэтэл хүүхэд үрчлэн авах талаар Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, түүнд хавсаргаж өгсөн баримтад /хх-43-63/ Б.Энхбаярыг 2007 онд үрчлэн авсан талаар баримт байхгүй байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Учирал нь шүүхэд бичгээр өгсөн тайлбартаа /хх-32/ хүүхдийг 2007 онд үрчлүүлэх гэж байсан талаар огт дурдаагүй, мөн Б.Гантулга, Г.Учирал нар нь 2009 он хүртэл хамт амьдарч байсан гэж Д.Оюун тайлбарлаж байх тул 2009 он хүртэл хугацаанд үрчилж авах бүртгэл хийлгэх боломж байсан байна. Харин үрчлэлтийг 2012 оноос өмнө бүртгүүлж чадаагүй талаар ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдохгүй байна.

  

Нөгөө талаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-т Улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой байх зарчимтайг хуульчилсан бөгөөд Б.Энхбаярыг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үрчлэн авсан нь нотлогдохгүй байх тул шүүх уг бүртгэлийг өөрчлөх боломжгүй юм.

Иймд Д.Оюуны гаргасан Б.Энхбаярыг үрчлэн авсан бүртгэлийг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгүүлэх тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгодоггүй, мөн шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос улсын тэмдэгтийн хураамж төлөх тул Д.Оюунаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2-т зааснаар Б.Энхбаяр нь 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Д.Оюуны асрамжид байгаа болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б.Энхбаярыг үрчлэн авсан бүртгэлийг 2007 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр бүртгүүлэх тухай Д.Оюуны хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Оюунаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.НАРАНЧИМЭГ