Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2017/00016

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 07 өдөр Дугаар 212/МА2017/00016 Өлгий сум

 

 

 

Т.Ггийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 718 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын * дугаар багт оршин суух, М овогт Тйн Ггийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуульд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.З, гуравдагч этгээд Я.А, орчуулагч А.Е нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэгч Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-25.17-д заасан эрх эдэлж, 25 дугаар зүйлийн 25.2-25.5-д заасан үүрэг хүлээж Т.Ггийн нэрийн өмнөөс иргэний хэрэгт шүүхэд төлөөлж гомдол гаргаж байна.

Иргэн Т.Г Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 тоот тушаалаар тус сургуулийн дотуур байрны жижүүрээр томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Учир нь тус орон тоонд ажиллаж байсан Б.Зн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан. Мөн шинээр томилогдсон захирал Ж.А 53 тоот тушаал хууль бус хэмээн үзэж, Г.Гг ажиллуулахгүйгээр иргэн н.Гыг тус орон тоонд дахин шинээр томилж ажил олгосон байна.

Т.Гг жижүүрийн орон тооноос халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаар тушаал өгөхийг удаа дараа шаардахад захирал Ж.А нь чиний хөдөлмөрийн гэрээ үүгээр цуцлагдсан 53 тоот тушаал хүчингүй болсныг энэхүү 42 дугаар албан тоотоор мэдэгдэж байгаа гэдгийг хатуу сануулж, 42 тоот албан тоот гардуулсан байна. 53 тоот тушаал хууль бус болох нь тогтоогдсон талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон зохих байгууллагын дүгнэлт байхгүй.

Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл болон бусад заалтуудыг ноцтой зөрчиж, Т.Ггийн хөдөлмөрлөх эрх ашгийг болон шүүхэд гомдол гаргах эрхийг нь зөрчиж байна. Иймд Ц сумын 3 дугаар багийн иргэн М овогт Тйн Гг Ц сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Миний бие Ж.А Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байна. Иргэн Т.Ггийн гомдолд хариуцагчийн хувьд тайлбар өгөхөд:

1. Аймгийн Засаг даргын орлогч Ш.Х-ны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 2-01/1513 албан тоотоор өгсөн ямар ч томилгоо хийхгүй байх үүрэг даалгаврыг үл тоож, өмнөх захирал С.Ж дур мэдэн томилгоо хийж хууль зөрчсөн.

2. Аймгийн Засаг дарга А.Гы захирамжаар миний бие захирлаар томилогдож ирсэн өдөр өмнөх захирал байсан С.Ж нь зориуд олон хүнийг ажилд томилсон тушаал гаргасан байна.

3. Сургуулийн дотуур байрны хүүхдүүд огт ирээгүй, дотуур байранд үйл ажиллагаа эхлээгүй, тэр тусмаа дотуур байрны жижүүр ажиллах шаардлагагүй үе байсан.

4. Дотуур байранд хүүхэд хүлээж авсны дараа сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 01/350 тоот албан бичгийн дагуу сургуулийн нөөцөд бүртгэгдсэн ажилчдын дотроос Я.Аыг ажилд авсан. Иргэн Т.Г нь сургуульд өмнө огт ажиллаагүй. Харин Я.А нь өмнө сургуульд 2-3 жил нөхөөсөөр ажиллаж байсан, нөөцөд бүртгэгдсэн хүн байлаа. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 718 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Тйн Гг Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Бүрэн дунд сургуулиас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал ажилтай Ж.А миний бие Т.Ггийн нэхэмжлэлтэй Ц сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд эргүүлэн томилох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 718 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирал асан С.Ү нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Аймгийн Засаг даргын А/464-тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тоот захирамжаар батлагдаж байгаа. Гэтэл захирал асан С.Ж нь .. өөрийнхөө ажлаас халагдсаныг мэдэнгүүт тухайн сургуульд тушаал гаргаж, 14 хүнийг Зохиомол байдлаар хууль бус томилсны нэг нь Т.Г байсан. Тухайлбал: Нэхэмжлэгч Т.Гг Ц сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны жижүүрээр томилж, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн захирлын 53 тоот тушаал гаргасан өдөр тушаал гаргасан захирал асан С.Жийг 2016 оны 8-р сарын 29-ний өдрийн Аймгийн Засаг даргын А|464-тоот захирамжаар чөлөөлсөн нь нотлох баримтаар тогтоогдсоор байхад Томилох эрхгүй субьект Т.Гг томилсон нь илт байхад шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зүйлийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэдгийг зөрчсөн учир шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзнэ.

2. Захирал С.Ж нь сургуулийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан сул байгаа орон тоонд ажилд орох иргэний хүсэлтийг сургалтын менежер хүлээн авч, сургуулийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх гэснийг мөн тухайн байгууллагад түр хугацаагаар ажиллаж байсан хүмүүсийг сул орон тоо гарсан нөхцөлд ажлаар хангана гэснийг тус тус зөрчиж, Т.Гг ажилд томилсныг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй, сургуулийн дотоод журмыг сургуульд мөрдөгдөх албан ёсны журам гэдгийг шүүх харгалзан үзээгүй.

3. Т.Гг сургуулийн дотуур байрны жижүүрээр томилсон 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дотуур байр байтугай сургуулийн хичээлийн жил эхлээгүй байсан цаг хугацаа байсан учир үүнийг хариуцагчийн зүгээс тайлбарлан, нотолсоор байхад нотлох баримтаар үнэлээгүй явдал нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

4. Тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буй Я.А нь тус сургуульд 2014 оноос эхлэн түр орон тоонд, нөхөөсөөр ажиллаж байсан нь Я.Аын түр хугацаагаар томилогдсон байсан тушаалуудаар (хавтаст хэрэгт байгаа) батлагдсаар байхад түүнийг харгалзаж үзээгүй явдал хэргийг шийдвэрлэхдээ шүүх нэг талыг баримталсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийг зөрчсөн байна.

Мөн захирал асан С.Ж нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн аймгийн Засаг даргын А/464-р захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн атал Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-д зааснаар захирлын үүргийг гүйцэтгэж байсан гэж үзэх боломжтой гэж шүүх дүгнэсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болжээ. Өөрөөр хэлбэл захирал С.Жийн бүрэн эрх 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Аймгийн Засаг даргын А/464 тоот захирамж гарсан мөчид дуусгавар болсон байгаа. Харин түүний ажил хүлээлгэн өгөх тухай асуудал бүрэн эрх дуусвар болсон хугацаанд хамаарахгүй болно. Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Ц сумын Бүрэн дунд сургуулийн давж заалдах гомдол нь дараах байдлаар хууль зүйн бүрэн үндэслэлгүй байна. Үүнд:

1. 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Аймгийн засаг даргын А/465 тоот захирамжаар Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлаар Ж.Аг түр томилсон нь хавтаст хэргийн 65 дугаар хуудаст авагдсан байгаа. Ж.А 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр ажил хүлээн авч, захирал асан С.Ж нь тус өдөр ажил хүлээлгэн өгсөн болно. Энэхүү байдлаар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр захирал асан С.Ж нь тус сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэх бүрэн эрх нь нээлттэй байсан болно.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйл зүйлд зааснаар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр түр томилсон захирал Ж.Ад, 8 дугаар сарын 29-ний өдөр ажил хүлээлгэн өгөх үндэслэлгүй болохыг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нотлох баримтаар дүгнэж шийдвэр гаргасан.

3. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг баримтлан хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил олгогч ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн тул ажилтан буруугүй бөгөөд Т.Г хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар сэргээлгэх бүрэн эрхтэй.

4. Ажил олгогч ажилтны хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 тоот тушаал хууль зүйн бүрэн үндэслэлгүй эсэх нь тогтоогдсон бол Ц сумын Бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 80 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг баримтлан Т.Ггийн хөдөлмөрийн гэрээг цуцлах шаардлагагүй байсан. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 718 дугаар шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар тушаалаар тус сургуулийн дотуур байрны жижүүр Б.Зн нь өндөр насны тэтгэвэр тогтоолгон, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул Т.Гг дотуур байрны жижүүрийн ажилд томилж[1], ажил олгогчоос мөн өдөр ажилтантай хөдөлмөрийн гэрээ[2] байгуулжээ. Гэтэл тус сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр ажилтанд тухайн орон тоонд одоогоор ажиллуулах боломжгүй тухай мэдэгдсэнийг эс зөвшөөрч, ажилтан Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гомдол гаргасан байна.

Хэргийн 7 дугаар талд авагдсан итгэмжлэлээс үзвэл, Т.Г нь М.Ст шүүхэд нэхэмжлэл гаргах бүрэн эрхийг олгосон байх тул Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч М.С нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-т зааснаар Т.Ггийн өмнөөс шүүхэд мэдүүлэх эрхтэй.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өмнөх захирал С.Ж нь аймгийн Засаг даргын орлогчийн албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг зөрчиж, дур мэдэн томилгоо хийж хууль зөрчсөн, С.Ж нь ажлаас чөлөөлөгдөх өдөр зориуд олон хүнийг ажилд томилох тушаал гаргасан нь хууль бус, ажлын шаардлага гараагүй үед дотуур байрны жижүүрийг томилсон, Я.А нь Т.Ггаас олон жил ажилласан тул түүнийг дотуур байрны жижүүрийн ажилд томилсон гэж шүүхэд хариу тайлбар[3] ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Ц сумын бүрэн дунд сургуулийн захирал 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 80 дугаартай тушаал[4] гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 43 дугаар зүйлийн 43.1, Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, Ц сумын Засаг даргын 2016 оны 01/305, аймгийн Засаг даргын 2016 оны 1-01/1681, 1-01/1513, Авилгатай тэмцэх газрын 2016 оны 05/7013 дугаар албан бичиг, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.-т зааснаар Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар тушаал хууль тогтоомжид нийцээгүй гэсэн үндэслэлээр дотуур байрны жижүүр ажилтай Т.Гг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Ажил олгогчоос ийнхүү ажилтан Т.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө тус сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаар тушаалаар[5] сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд Я.Аийг томилон ажиллуулсан байна.

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар тушаалаар Т.Гг тус сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд томилж, мөн өдөр ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Хариуцагчийн өмнөх захирал С.Ж нь аймгийн Засаг даргын орлогчийн үүрэг даалгаврыг зөрчиж, ажлаас чөлөөлөгдсөн өдөр Т.Гг ажилд томилсон нь хуульд нийцээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй ба Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2.-т зааснаар багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, чөлөөлөх нь захирлын бүрэн эрхэд хамаарахаар байна.

Түүнчлэн, ажил олгогчийн /захирал С.Ж/ 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар ажилтан Т.Гг ажилд томилсон, мөн өдрийн Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/464 дүгээр захирамжаар Ц сумын бүрэн дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Жийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн зэрэг үйл баримтууд баримтаар тогтоогдсон боловч ажилтан Т.Гг ажилд томилсон ажил олгогчийн шийдвэр, захирал С.Жийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамжийн аль нь цаг хугацааны хувьд түрүүлж хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймээс анхан шатны шүүх сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Жийн хувьд, түүний ажил олгогч аймгийн Засаг даргаас ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.-т зааснаар С.Жийн ажил хүлээлгэж өгөх хугацааг шийдвэрт заагаагүй, Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн А/465 дугаар захирамжаар Ж.Аг тус сургуулийн захирлаар 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан тул С.Жийн ажлаас халагдсан өдрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т зааснаар тодорхойлж, дүгнэснийг үндэслэлтэй гэж үзнэ.

Ажилтан Т.Гг Ц сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар тушаалаар тус сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд томилж, түүнтэй ажил олгогч мөн өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байхад сургуулийн захиргаа 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 12 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, улмаар сургуулийн захирлын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаар тушаалаар сургуулийн дотуур байрны жижүүрийн ажилд Я.Аийг томилон ажиллуулж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 80 дугаартай тушаалаар ажилтан Т.Гг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 37, 40 дүгээр зүйлийн 40.1.-д нийцээгүй, хууль бус байх тул Т.Ггийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч М.Сийн гомдлыг хангаж, ажилтан Т.Гг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 718 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

С.ӨМИРБЕК

 

 


[1] Хэргийн 2 дугаар хуудас.

[2] Хэргийн 3 дугаар хуудас.

[3] Хэргийн 16 дугаар хуудас.

[4] Хэргийн 62 дугаар хуудас.

[5] Хэргийн 22 дугаар хуудас.