Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 0024

 

 

 

 

 

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 123/ШШ2018/0024

   Төв аймаг

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар би Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдуулан “МБМ баян трейдинг” ХХК-иас гаргасан “Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаартай захирамжийн “МБМ баян трейдинг” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн эвлэрлийн гэрээг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “МБМ баян трейдинг” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... "МДМ баян трейдинг" ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/273 дугаар Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн тус сумын “Эрдэнэтолгойн” хойно эко хаус иж бүрэн хорооллын зориулалтаар 10 га газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшсэн юм. Хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулж гэрчилгээгээ авсан. Тус газрыг Засгийн газраас улсын тусгай хэрэгцээнд авсан тогтоол гарч маргаантай байсан учраас газрын төлбөрийг төлөөгүй. Тус маргаан хянан шийдвэрлэгдсэний дараа Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар очиход газар эзэмших эрх хүчингүй болгосныг мэдээд Төв аймгийн Засаг даргад хандаж 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 07/440 албан тоотоор хариу өгсөн боловч тус компанийн газар эзэмших эрхийг сэргээгүй тул хандаж байгааг минь хүлээн авч газар эзэмших эрхийг сэргээн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаяраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... тус аж ахуйн нэгжийг Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцагчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 09/084/224 дугаартай дүгнэлтийн дагуу Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.1.2 дахь заалтыг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар олгогдоогүй тул сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдринй А/290 дугаартай захирамжаар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргасан боловч 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр талууд хоорондоо харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МБМ баян трейдинг” ХХК-ийн захирал Д.Мөнх-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Э.Энхбаяр нар нь харилцан тохиролцож 2018 оны 07 сарын 24-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

Сэргэлэн сумын Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/290 дугаартай захирамжаар хүчингүй болгогдсон “МБМ баян трейдинг” ХХК-ийн Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын ойролцоо байршилтай 10 га газрыг нисэхийн тусгай хамгаалалттай газрын талбайгаас гаргаж байршилыг өөрчилж Бөхөгийн хөндийн урд ард олгох боломжтой тул гэрээ байгуулав.

Засаг дарга, Газрын даамлын хүлээх үүрэг:

1. Нисэх онгоцны буудлын тусгай хамгаалалттай талбайд байршилтай тус “МБМ  баян трейдинг” ХХК-н 10 га талбайн байршилыг өөрчилж олгох,

2. Бичиг баримтыг хуулинд нийцүүлэн өөрчлөх,

“МБМ баян трейдинг” ХХК-ийн хүлээх үүрэг:

1. Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг биелүүлэн байршил өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах.

2. Газрыг төлбөр хураамжуудыг төлөх, гэж нэхэмжлэгч, хариуцагч тал хоорондоо харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “... хариуцагчтай эвлэрэх гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” мөн хуулийн 68.2-д “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ бичгээр байгуулж шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж үндэслэлтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нарын харилцан тохиролцож байгуулсан гэрээний дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх бөгөөд шүүгчийн захирамжийн үр дагаврын талаар хэргийн оролцогч нарт тайлбарлахад, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгч “МБМ баян трейдинг” ХХК-ийн захирал Д.Мөнх-Эрдэнэ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батцэцэг, хариуцагч Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг дарга Э.Энхбаяр нар нь 2018 оны 07 дугаар сарын 24-ны өдөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР