| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2020/0103/Э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 103
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгч Г.Б, Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Далай овогт Г.Б, Секел овогт Х.Г нарт холбогдох эрүүгийн 1907005270110 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд ВЧД 2-т засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 4-115 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, Далай овогт Г.Б,
Монгол улсын иргэн 2000 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 20 настай эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эцэг, эх, ах нарын хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цагаан арал гэх газар оршин суудаг урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай Секел овогт Х.Г.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” нэртэй амралтын газарт Т.Цолмонбаатарын толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” нэртэй амралтын газарт М.Бердаулетыг өшиглөх алгадах зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Бид Нар Мэндсайхан гэдэг найзынхаа төрсөн өдрөөр Тэрэлжид амралтанд очсон. Ууж идээд нилээн орой болсон байсан. Би Цолмонбаатар, Биндэръя хоёртой гадаа зогсож байхад хажуу талын гэрээс 3 залуу гарч ирээд бие засаж байсан. Юм яриад яваад очтол нэг нь намайг мангасдаж унагаасан. Босоод ирсэн чинь манай найз Цолмонбаатарын толгой руу нэг нь цохьсон байсан. Тэгээд би Цолмонбаатарыг бариад газар сууж байтал нэг залуу гэрээс гарч ирэхдээ бүдэрч унасан. Тэгэхээр нь би түүнийг өшиглөөд алгадсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Гэм буруугийнхаа талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Шүүгдэгч Х.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хэдэн найзуудтайгаа Тэрэлжид амралтын газар очсон. Шөнө 3, 4 цагийн үед 2 найзтайгаа гадаа бие засаж байгаад энэ ах нартай муудалцсан. Тэгсэн чинь манай найзууд зугтаад би ганцаараа үлдсэн байсан. 3 ах намайг дэвссэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж нэгийх нь толгой руу униар цохьсон. Эмчилгээний зардалд 500,000 гаран төгрөг төлсөн. Одоо санал гомдол байхгүй гэсэн. Гэм буруугаа хүлээж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 сарын 25-ны орой найз Мэндсайханы төрсөн өдөр болоод Налайх дүүргийн Тэрэлжид очиж амрахаар найзуудтайгаа хамт явсан. Дэлгэрэх нэртэй амралтын газар гэр аваад хоол цай ууж, авч ирсэн архи пиво уусан. Ууж байгаад шөнийн 4 цагийн орчим байхаа Г.Б, Биндэръя бид 3 гэрээс гарсан. Би тэр хоёроос жаахан зайтай бие засаж байхад тэр хоёр гэрийн гадаа хаалганы үүдэнд юм яриад зогсож байсан. Тэгтэл хажуу талын гэрт амарч байсан 3 залуу бас гадаа бие засаж байсан. Тэгснээ бид нараас хэрүүл өдөөд бид маргалдсан. Гэнэтхэн л бужигналдаад миний араас толгой руу хэн нэгэн хүн юмаар цохьсон. Би шууд ухаан алдчихсан. Нэг сэрэхэд гэрт орчихсон байсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Намайг Х.Г гэдэг залуу униар цохиж гэмтэл учруулсан гэдгийг би сүүлд нь мэдсэн... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-18дугаар хуудас/
Насанд хүрээгүй хохирогч М.Бердаулетын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” “...Би 2019 оны 12 сарын 26-ны өдөр хамт бөхийн бэлтгэлд явдаг ах нар болох Жандос, Х.Г, Мэргэн, Серикжан нарын хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо Дэлгэрэх нэртэй амралтанд очиж хоол цай уугаад, авч ирсэн архи пиво уусан. Би архинаас уугаагүй, нэг лааз жимсний пивоноос нь л уусан. Шөнө 4 цагийн үед Серикжан, Х.Г, Мэргэн нар бие засахаар гэрээс гарсан. Гэтэл удалгүй гэрийн гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь гартал танихгүй хүмүүс хоорондоо маргалдаад зодоон болох гэж байсан. Би гэрт буцаж ороод Жандосыг сэрээгээд гадаа зодоон болох гэж байна гэж хэлэхэд тэр гараад явсан. Би гэрт утсаа хайгаад үлдсэн. Гэтэл гаднаас нэг өндөр ах орж ирээд танай найзууд хаана байна. Хүний толгой хагалчихлаа гээд намайг барьж авах гээд байхаар нь би зугтаад гарах гэж байгаад босгон дээр хальтраад унасан. Намайг босоход гадаа үүдэнд нэг жижигхэн биетэй ах барьж аваад нүүрлүү гараараа нэг удаа алгадсан. Тэгснээ пизданууд та нар хүн алчихлаа ш дээ гэсэн. Би зугтах гэж байтал анх тааралдсан өндөр биетэй ах бид хоёрыг салгасан. Би зугтаад манаачийн гэрт ортол манай хамт явсан ах нар тэнд байсан. Манаачийнд сууж байтал нөгөө өндөр ах араас орж ирээд хэдүүлээ хоорондоо яриад учраа олцгооё та нар очиж уулз гээд бид нарыг дагуулаад явсан. Гэрт нь ороход нэг ахын толгой нь хагараад цус гарчихсан. Өөр нэг ах тасарчихсан бололтой унтаж байсан. Тэгтэл цагдаа нар ирсэн. /хх-ийн 27 дүгээр хуудас/
Гэрч Х.Гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 сарын 26-нд Налайх дүүргийн 6 дугаар хороонд найзуудтайгаа амрахаар ирсэн. Амралтын газар найз Бердаулет, Жандос, Серикжан Мэргэн нарын хамт ирсэн. Дэлгэрэх нэртэй амралтын газар гэр авч орсон. Гэрт ороод хоол цайгаа уугаад 1 шил 0.75 литрийн архи, 2 том савтай пиво 5уулаа хувааж уусан. Тэгээд 4 цагийн үед Серикжан Мэргэн бид гурав гараад бие засаад зогсож байтал хажуугийн гэрээс хоёр ах муудалцаад байгаа бололтой гарч ирсэн. Тэр үед бид 3 казакаар ярьж байтал яагаад казакаар яриад байгаан бэ гэж хэлээд дайрсан. Тэгтэл Мэргэн ах нэг ахыг нь гараараа мөр орчим нь нэг удаа цохьсон. Бид хэд зутсан чинь нэг ах нь гэрээс унь барьчихсан гарч ирээд надруу дайрсан. Би газар унатал нөгөө ах униараа намайг цохихоор нь би гараараа хаатал нөгөө унь нь хугарсан. Тэгээд би унийг нь булааж аваад толгой руу нь нэг удаа униар нь цохьсон. Нөгөө хоёр ахыг нь хавирч унагаад зугтсан. Жандос, Мэргэн бид 3 зугтаад манаачийн гэрийн ойролцоо нуугдаж байтал Бердаулет намайг зодчихлоо гээд уйлаад гүйж ирсэн... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32, 36 дугаар хуудас/
Гэрч М.Мэргэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 11 сарын 26-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хороонд амрахаар амралтын газарт ирсэн. Ирээд хоол цайгаа ууж идчихээд нэг шил 0.75 граммын архи, 2 том савтай пиво 5-лаа хувааж уусан. Бердаулет, Х.Г хоёр бие засахаар гарсан. Миний дотор муухайраад араас нь гарсан. Бид 3 зогсож байтал хажуу талын гэрээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй муудалцаад байгаа болтолтой байхаар нь нөгөө хоёр харсан чинь юугаар хараад байгаан гэснээ нэг залуу нь над дээр юу гэнээ гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нүүрлүү нь гараар нь түлхчихсэн чинь цаашаа орилоод хүмүүс гарч ирсэн. Тэр үед надруу 2, 3 залуу дайрахаар нь би зугтах гэж байгаад газар унасан. Тэр үед Серикжан намайг босгоод бид 2 зугтаад гэрийн ард нуугдсан. Тэгтэл Х.Г рүү нөгөө 3 залуу дайрсан. Х.Г 2 гартаа хугархай унь барьчихсан нөгөө 3 руу дайрч байгаа харагдсан. Яг хэнийг нь цохьсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
Гэрч М.Серикжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 4 цагийн үед Х.Г бид хоёр бие засахаар гэрээс гарсан Мэргэн ах араас гарч ирээд бид 3 зогсож байтал хажуу гэрээс 3 залуу гарч ирээд хоорондоо маргалдаад байгаа бололтой байсан. Тэр 3 бид нараас нилээн зайтай байх шиг байсан чинь нэг мэдэхэд хажууд ирчихсэн Мэргэн ах нэгийг нь түлхээд явах гэтэл нөгөө ах газар унасан. Тэгэхээр нь би тэр ахыг босгочихоод зугтаад гэрийн ард нуугдсан. Тэгэхэд нөгөө танихгүй ах нарын нэг нь унь барьчихсан явж байсан. Удалгүй Х.Г гүйгээд ирсэн. Бид нар амралтын газрын манаачийнд байж байтал Бердаулет нүүр амнаас нь цус гарчихсан гүйгээд ирсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 42-43 дугаар хуудас/
Г.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2019 оны 11 сарын 25нд тэрэлжид Дэлгэрэх нэртэй амралтын газар найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Шөнө 04 цагийн үед Биндэръяатай гэрийн гадаа юм яриад зогсож байтал хажуу гэрийн гадаа миний санаж байгаагаар 2 залуу зогсож байсан. Тэгснээ гэнэт юу гэнээ гээд бид нар луу хандаад хэлсэн. Тэгэхээр нь би яасан гэнээ гээд дөхөөд очтол миний нүүр рүү гараараа түлхээд арагш унагасан. Намайг босоход Цолмонбаатарын толгойноос нь цус гарчихсан газар хэвтэж байсан. Би Цолмонбаатарын цусыг тогтоох гээд сууж байхад хажуу талын гэрээс нэг залуу гараад гүйсэн. Би араас нь хөөгөөд бүдэрч унахаар нь бөгс хавьцаа нь өшиглөөд өндийгөөд ирэхээр нь нүүрлүү нь гараараа нэг удаа алгадсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 46-47 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/690 дугаар: “...Т.Цолмонбаатарын биед зүүн зулайн хэсгийн хуйханд шарх гэмтэл тогтооглоо. Дээрхи гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 60 дугаар хуудас/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/692 дугаар: “...М.Бердаулетын биед зүүн доод 1 дүгээр шүдний сулрал, нуруу, зүүн гуянд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтооглоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 64 дугаар хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд /хх-ийн74-122р хуудас/ зэргийг шинжлэн судлав
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 03 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” нэртэй амралтын газарт бусадтай харилцан маргалдсны улмаас Т.Цолмонбаатарын толгойн тус газарт нь модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Г.Баттулгын нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Юм яриад яваад очтол нэг нь намайг мангасдаж унагаасан. Босоод ирсэн чинь манай найз Цолмонбаатарын толгой руу нэг нь цохьсон байсан...” гэх, Хохирогч Т.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Гэнэтхэн л бужигналдаад миний араас толгой руу хэн нэгэн хүн юмаар цохьсон. Би шууд ухаан алдчихсан. ...Намайг Х.Г гэдэг залуу униар цохиж гэмтэл учруулсан гэдгийг би сүүлд нь мэдсэн... ” гэх, шүүгдэгч Х.Гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би газар унатал нөгөө ах униараа намайг цохисон. Би гараараа хаатал нөгөө унь нь хугарсан. Тэгээд би унийг нь булааж аваад толгой руу нь нэг удаа униар нь цохьсон.” гэх , гэрч М.Мэргэний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэгтэл Х.Г рүү нөгөө 3 залуу дайрсан. Х.Г 2 гартаа хугархай унь барьчихсан нөгөө 3 руу дайрч байгаа харагдсан. Яг хэнийг нь цохьсоныг мэдэхгүй...” шүүгдэгч Г.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Намайг босоход Цолмонбаатарын толгойноос нь цус гарчихсан газар хэвтэж байсан. ...” гэх мэдүүлгүүд, шүүх эмнэлгийн шинжээчийн 08шэ/690 дугаартай дүгнэл зэргээр тогтоож байна.
Мөн шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 03 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” нэртэй амралтын газарт найзыгаа цохиулсан гэх шалтгаанаар хохирогч М.Бердаулетыг өшиглөх алгадах зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Насанд хүрээгүй хохирогч М.Бердаулетын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн” “...Намайг босоход гадаа үүдэнд нэг жижигхэн биетэй ах барьж аваад нүүрлүү гараараа нэг удаа алгадсан...” гэх, шүүгдэгч Х.Гийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Жандос, Мэргэн бид 3 зугтаад манаачийн гэрийн ойролцоо нуугдаж байтал Бердаулет намайг зодчихлоо гээд уйлаад гүйж ирсэн... ” гэх, гэрч М.Серикжаны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар амралтын газрын манаачийнд байж байтал Бердаулет нүүр амнаас нь цус гарчихсан гүйгээд ирсэн...” гэх, шүүгдэгч Г.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би араас нь хөөгөөд бүдэрч унахаар нь бөгс хавьцаа нь өшиглөөд өндийгөөд ирэхээр нь нүүрлүү нь гараараа нэг удаа алгадсан...” гэх мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/692 дугаар дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Х.Г, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон , хэргийн оролцогч нарын хуульд заасан эрхийг хязгаарлаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Иймд шүүхээс шүүгдэгч Секел овогт Х.Г, Далай овогт Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Г, Г.Б нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Х.Г, Г.Б нарт тухайн зүйлд заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Секел овогт Х.Г, Далай овогт Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Г.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, Г.Б нарт тус тус оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/ арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/ нэг / хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Г, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД