Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 119

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би, Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Улам-Оргилд холбогдох дараа төлбөрт дугаарын ярианы төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 1,950,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Улам-Оргил нь манай үйлчилгээний нөхцлийн хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20005554 тоот гэрээ байгуулан 99099164 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт iPhone багцын үйлчилгээг мөн гар утас зээлээр худалдан авах нэмэлт гэрээ байгуулан iPhone 5 16GB утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоож, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж, анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Хариуцагчийн төлбөрөөс барьцаа 30,000 төгрөгийг хассан. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт дугаарын ярианы төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 1,950,966 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Отгончимэг нь хариуцагчийг ярианы төлбөр болон зээлээр худалдаж авсан гар утасны үнийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Мобиком Корпораци ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Улам-Оргилд холбогдох ярианы төлбөр, зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 1,950,966 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,165 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 23,082 төгрөг, хариуцагч Г.Улам-Оргилоос 23,082 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобиком Корпораци ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                              Б.МАРИНА