Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 111

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 05-13 тоотод оршин суух, ПЕ88051317 тоот регистрийн дугаартай, Буурлууд овогт Баясгалангийн Умдэлэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 05-13 тоотод оршин суух, ПЮ86062107 регистрийн дугаартай, Авгас овогт Баатархүүгийн Буджавд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгмаа, хариуцагч Б.Буджав, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Умдэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Буджавтай 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Хүү У.Давхарбаяр 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн. Би 2014 оноос хойш одоог хүртэл Таван толгойн уурхайд жолоочоор ажиллаж байна. Бидний дунд хардалтаас болж, байнга хэрүүл гардаг болсон учир цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би Б.Буджав, хүү У.Давхарбаяр нарт өөрийн амьдарч байсан 6 ханатай, бүрэн тавилгатай гэрээ өгсөн. Би хүү У.Давхарбаярт тэтгэлэг өгөх болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Умдэлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хүүхдүүд хоорондоо ярилцаад гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцсон байна. Б.Умдэлэг нь хүү У.Давхарбаярт тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.

Хариуцагч Б.Буджав шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дундаас 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү У.Давхарбаяр төрсөн. Б.Умдэлэг 2014 онд Таван толгойн уурхайд ажиллахаар явснаас хойш гэртээ огт ирээгүй. Өөр хүнтэй амьдарч байгаа гэсэн. Хүү миний асрамжид байдаг ба би хүүгээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авна, бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Умдэлэг нь хариуцагч Б.Буджавд холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Умдэлэг, хариуцагч Б.Буджав нар нь 2007 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдний дундаас 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү У.Давхарбаяр төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлт цуцлах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргасан, гэрлэгчид нь тусдаа амьдардаг зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хүү У.Давхарбаярын асрамжийн талаар нэхэмжлэлдээ дурдаагүйгээр хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрсөн байх тул хүү У.Давхарбаярыг эх Б.Буджавын асрамжид үлдээж, эцэг Б.Умдэлэгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар  шийдвэрлэв.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү У.Давхарбаярыг эх Б.Буджавын асрамжид үлдээсэн нь эцэг Б.Умдэлэгийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Умдэлэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Буджаваас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Умдэлэгт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Буурлууд овогт Баясгалангийн Умдэлэг, Авгас овогт Баатархүүгийн Буджав нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү У.Давхарбаярыг эх Б.Буджавын асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү У.Давхарбаярыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Умдэлэгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Буджавт даалгасугай.

            4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

            5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            6.Гэрлэгчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

            7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Умдэлэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Буджаваас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Умдэлэгт олгосугай.

8.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА