Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 112

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 1-р хороо, Наран хорооллын 7-р байрны 65 тоотод оршин суух, СЮ77032817 тоот регистрийн дугаартай, Олхонууд овогт Гомбосүрэнгийн Баттөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Тулгын 30 айлын орон сууцны 0 давхрын 02 тоотод оршин суух, ПД84022165 регистрийн дугаартай, Чойрд овогт Бөхөөгийн Болорчулуунд холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Б.Болорчулуун, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Баттөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Би 2005 оны 03 дугаар сараас Багануур дүүргийн Шугам сүлжээнд ажилд орж, энэ дүүрэгт ажиллаж, амьдарч байхдаа 2006 оны 11 дүгээр сард Б.Болорчулуунтай танилцаж, 2007 оны 01 дүгээр сараас хамтран амьдарч, 2007 оны 04 дүгээр сард гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Улмаар 2008 оны 08 дугаар сард хүү Б.Тулга төрж, сайхан амьдарч байсан. 2012 оны 03 дугаар сард Б.Болорчулуун бид хоёр муудалцаж, түүнээс хойш хамтран амьдрахаа больсон. 2012 оны 04 дүгээр сард Б.Болорчулуун Багануур дүүргийн шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж, шүүхээс бидэнд эвлэрүүлэх 3 сарын хугацаа өгч, шүүх хуралдаан дууссан. 2012 оны 09 дүгээр сард дахин шүүх хуралдаан болоход нэхэмжлэгч Б.Болорчулуун ирээгүй учраас нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Одоо бид тусдаа амьдраад 4,5 жил болж байна. Энэ хугацаанд би эвлэрэхээр 2 удаа Ховд аймагт очиж, уулзаж байсан. Одоо буцаж нийлж, амьдрах хүсэлгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Болорчулуун шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын дундаас 2008 оны 12 дугаар сард хүү Б.Тулга төрсөн. Бид тусдаа амьдраад 4 жил болж байна. Хүү миний асрамжид байдаг ба би хүүгээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, бид нарын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Баттөгс нь хариуцагч Б.Болорчулуунд холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Баттөгс, хариуцагч Б.Болорчулуун нар нь 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан ба тэдгээр нь 2008 оны 12 дугаар сард хүү Б.Тулга төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлт цуцлах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргасан, гэрлэгчид нь тусдаа амьдраад 4 жил болсон, өмнө нь Баганнуур дүүргийн шүүхээр орж эвлэрүүлэх арга хэмжээ авч байсан зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь хүү Б.Тулгын асрамжийн талаар нэхэмжлэлдээ дурдаагүй байсан ч гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийн асрамжийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул хариуцагч Б.Болорчулуун хүү Б.Тулгыг өөрийн асрамжид авахыг хүссэн тул хүү Б.Тулгыг эх Б.Болорчулууны асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Б.Тулгыг эх Б.Болорчулууны асрамжид үлдээсэн нь эцэг Г.Баттөгсийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Баттөгсийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болорчулуунаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баттөгсөд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Олхонууд овогт Гомбосүрэнгийн Баттөгс, Чойрд овогт Бөхөөгийн Болорчулуунд нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 12 дугаар сард төрсөн хүү Б.Тулгыг эх Б.Болорчулууны асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

4.Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Баттөгсийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Болорчулуунаас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баттөгсөд олгосугай.

6.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах О.Энхсаруулд даалгасугай.7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МАРИНА